Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хиллари, Трамп нар сүүлчийн халз мэтгэлцээнээ хийлээ

Б.Даваахүү
2016 оны 10 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гурав дахь удаагийн халз мэтгэлцээн манай цагаар өчигдөр үдээс өмнө болж өндөрлөлөө. Ардчилсан намаас нэр дэвшигч Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нарын сүүлчийн гэж хэлж болохуйц уг халз мэтгэлцээн Невада мужийн Лас Вегас хотноо болсон юм.

Мэтгэлцээнд Хиллари цагаан өнгийн хослол өмссөн байсан бол Трамп хар өнгийн костюм өмсч, ялалтын өнгө гэгддэг улаан өнгийн зангиагаар гоёсон байлаа. Мэтгэлцээний эхэнд, Х.Клинтон эмэгтэйчүүд болон бэлгийн цөөнхүүдийн эрхийг хамгаалахаа мэдэгдсэн бол Д.Трамп галт зэвсэг эзэмших эрхийг дэмжихээ мэдэгджээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Д.Трамп бэлгийн дарамт үзүүлсэн гэх шүүмжлэлд өртсөнөөр гол гол муж улсуудад түүнийг дэмжигчдийн тоо цөөрсөөр байна. Түүний сацуу хатагтай Х.Клинтон ч мөн адил Америкийн сонгогчдын дунд нэр хүнд муутай байгаа бөгөөд түүнийг итгэл даах, найдвартай хүн эсэхэд сонгогчид эргэлзэж байгаа юм.

Хоёр нэр дэвшигч улсын өр, эрүүл мэнд, нийгмийн халамж, цагаачлал, эдийн засаг гэх мэт зургаан сэдвийн хүрээнд мэтгэлцсэн бөгөөд энэ үеэр хэд хэдэн анхаарал татсан үйл явдлууд болж өнгөрснийг тоймлон хүргэж байна. 

Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээв 

Мэтгэлцээний үеэр ирэх сарын 8-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад хэрэв Хиллари Клинтон ялбал, эцсийн дүнг хүлээн зөвшөөрөх үү гэх хөтлөгчийн асуултад үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эр тун хачин хариу үйлдэл үзүүлжээ. Нэг үгээр хэлбэл, асуултад хариулахаас татгалзсан гэнэ.

Тэрбээр “Тэр үед нь болно” гэх ганц үгээр хариулахаас зайлсхийжээ. Доналд Трампын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэт нэг талд үйлчилж буйг шүүмжилсэн байна. Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэт нэг талыг барьж ажиллаж байна. Хиллари Клинтоны “Клинтон санд гэхэд the Wall Street зэрэг томоохон мэдээллийн магнатууд хандив өргөдөг. Мэтгэлцээн ч гэсэн түүний талд явагддаг. Мэдээллийн хэрэгслүүд шударга бус байна.

Хиллари Клинтоны цахим шуудангийн асуудлыг яагаад өнөөг хүртэл Холбооны мөрдөх товчоо шалгахгүй байгаа юм? Яагаад ямар ч мэдээлийн хэрэгсэл асуудал болгон гаргаж ирж, ярихгүй байгаа юм” хэмээсэн. Тэрбээр өмнөх халз мэтгэлцээнээр хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Хиллари Клинтоныг шалгах тусгай баг томилж, түүнийг шоронд оруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

Харин Хиллари Клинтон “Доналд Трамп үйл явдлууд өөрийнх нь хүслээр явагдахгүй болоод ирэхээр иймэрхүү зүйлс ярьж байна. Миний цахим шуудангийн асуудал хэдийнэ шийдэгдсэн. Тагнуулын төв газраас шалгаад асуудалгүй болохыг нь тогтоосон шүү дээ. Трамп Тагнуулын төв газарт ч, Шүүхийн шийдвэрт ч итгэхгүй байгаа. Заавал таны хүссэнээр бүх зүйл өрнөх боломжгүй гэдгийг сана” гэсэн байна.

Түүнчлэн, Трамп “нэг сая” орчим “царцаа” бүртгэгдсэн гэдгийг онцолж байсан юм. Харин Хиллари үүнийг нь 240 жилийн түүхт АНУ-ын Ардчиллыг гутаасан явдал гэж үзэж буйгаа илэрхийлээд, Доналд Трампыг АНУ-ын орчин үеийн түүхэн дэх хамгийн аюултай нэр дэвшигч гэж тодорхойллоо. 

Хиллари үр хөндөлтийг дэмжжээ 

Гурав дахь удаагийн мэтгэлцээнийг “Фокс ньюс”-ын Крис Уоллес хөтлөн явуулсан бөгөөд тэрбээр хаягдсан гэж хэлж болохуйц нэгэн сэдвийг хөндөн нэр дэвшигчдээр хэлэлцүүлсэн нь олны анхаарлыг татаж байв. Түүний хувьд шүүх засаглалын талаарх тэдний бодлыг сонирхсон.

Энэ асуултад Клинтон ямар улс болохыг зорьж байгаа нь л Ерөнхийлөгчийн сонгуулийн гол анхаарах ёстой асуудал гэдгийг онцолж, ижил хүйстэн, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудалд анхаарал хандуулахыг уриалсан байна. Нөгөөтэйгүүр, Доналд Трамп улсын дээд шүүхэд үр хөндөлтийг эсэргүүцэж, иргэдийг буу эзэмших эрхийг хангаж ажиллах чадвартай хүнийг томилохоо амлаад авчээ.

Хөтлөгч нэр дэвшигчдээс үр хөндөлтийн тухай ямар байр суурьтай байгааг нь асуухад, Хиллари Клинтон ”Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу эмэгтэй хүмүүс нөхөн үржихүйн тухай өөрөө бие даан шийдвэр гаргах эрхтэй. Эхийн эрүүл мэнд, амь насанд аюултай болон бусад зайлшгүй тохиолдолд үр хөндөлт хийхээс аргагүй үе цөөнгүй тохиолддог.

Тиймээс энэ эрхийг эмэгтэйчүүдэд өөрсдөд нь үлдээх хэрэгтэй” гэсэн бол Доналлд Трамп “Есөн сар болсон жирэмслэлтийг таслан зогсооно гэдэг аймшигтай хэрэг. Би хэрхэвч үүнийг дэмжиж чадахгүй. Хилларигийн хэлж буйгаар төрөх гэж буй ургийг эхийн хэвлийгээс нь хүчээр авах болох нь ” хэмээн байр сууриа илэрхийлэв. Харин Клинтон “Ийм аймшигтай жишээ татаж байгаа нь тун эмгэнэлтэй” хэмээж мад тавилаа. 

Трампыг В.Путины утсан хүүхэлдэй болно гэв 

Хиллари Клинтон оросуудад талтай биш гэдгээ харуулсаар байна. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед ОХУ-ын хакерчид АНУ-ын мэдээллийн технологид халдаж, кибер халдлага үйлдэж байгаа тухай тэрбээр удаа дараа, халз мэтгэлцээн бүрт ярьж байгаа юм.

Хиллари Оросууд Доналд Трампад туслахаар, түүнийг сонгууль ялуулахаар кибер халдлага үйлдэж байгаа тухай өнөөдрийн халз мэтгэлцээнд дахин хэллээ. Түүнчлэн, Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон тохиолдолд В.Путины “Утсан хүүхэлдэй” болно гэдгийг сайтар тунгаан бодохыг сануулсан байна.

Харин Трамп түүнд “Улс орны эрх ашиг, аюулгүй байдалд мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал чухал болох тухайд тантай санал нэг байна. Гэхдээ Кибер халдлагыг оросууд, хятадууд хэн нь үйлдэж байгааг та бид хэн нь ч тогтоогоогүй үед ингэж өөрийн хувийн үзлээр ярих нь тохиромжгүй юм” хэмээн сануулав.

Түүнчлэн, Доналд Трамп өөрийгөө ОХУ- ын Ерөнхийлөгч В.Путинтай ойр харилцаатай гэх мэдээллийг үгүйсгэж, Хиллари Клинтоноос хэд дахин илүү чадвартай Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай ажиллана гэдгээ хэлжээ. 

Хиллариг “бузар хүүхэн” гэжээ 

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн дүрвэгсдийн асуудлаас Сирийн иргэний дайн хүртэлх өргөн сэдвийн хүрээнд өрнөсөн байх бөгөөд мэтгэлцээн ширүүсэх бүрт нэр дэвшигчдийн хувийн зан араншин ил гарч байсныг томоохон мэдээллийн агентлагууд онцолж байна. Тэдгээрээс хамгийн их анхаарал татсан нь Хиллариг микрофоноо барин өөрийн үзэл бодлоо илэрхийлж байх үед биеэ барьж дийлээгүй Трамп “Бузар хүүхэн” хэмээн хараасан гэнэ.

Дүрвэгсдийн асуудлаас үүдэлтэйгээр тэд нэлээд ширүүн маргалджээ. Улмаар Хиллари Доналд Трампын хууль бус цагаачдыг албадан нутаг буцаана гэх амлалтыг шүүмжилж, “Манай улсыг хоёр хуваах нь” гэх хоржоонтой үгийг хэрэглээд амжсан байна. Харин үүний дараа хөтлөгч Хиллари Клинтоноос “Хэрэв Ерөнхийлөгч болбол улсын өр болон баячуудын татварын асуудлыг хэрхэн шийдэх талаархи асуултыг асуусан аж.

Улмаар үүнд хариулж байхад нь Трамп “Бузар хүүхэн” хэмээн Хиллариг хараагаад авчээ. Ямартай ч, энэ мэт ширүүн уур амьсгалтай өрнөсөн гурав дахь удаагийн халз мэтгэлцээний дараа нэр дэвшигчид харилцан гар барилгүй салсан байна. 

Мэтгэлцээн Хиллари Клинтоны ялалтаар өндөрлөлөө 

Хэдийгээр мэтгэлцээний дараа нэр дэвшигчдийн аль нь ялсныг шууд тогтоох боломжгүй ч, Си Эн Эн агентлагийн халз мэтгэлцээний дараа явуулсан олон нийтийн санал асуулгад Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон илт давуугаар ялсан үзүүлэлт гарчээ.

Тодруулбал, санал асуулгад оролцогсдын 52 хувь нь Хиллари Клинтоныг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол 39 хувь нь Доналд Трампыг мэтгэлцээнд ялсан гэж үзсэн байна. Гурван удаагийн мэтгэлцээний төгсгөлд зарим хэвлэл мэдээлэл Хиллариг ирэх сарын 8-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь нэгэнт тодорхой болсон хэмээн дүгнэж байгаа юм.

Зураг