Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

АЗЗА-ын компаниуд цаснаас хамгаалах далангаа хийж дуусч байна

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 10 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Автотээврийн үндэсний төвөөс авав

Зам тээврийн хөгжлийн төвийн Замын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэгээс орон нутаг дахь замын нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

- Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс хөдөө орон нутагт цас орно гэж анхааруулж байна. Замын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Ойрын хугацаанд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч, даваа гүвээ цасанд боогдох, халтиргаа гулгаа үүсэх тохиолдол гарсан. Гэхдээ энэ бүхэнд манай АЗЗА-ын компанийн ажилчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Цаашид ихэнх аймгийн нутгаар цас орно гэдгийг ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулсан.

Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн А0401 чиглэл буюу Төв аймгийн Баянчандмань сумаас цааш цас орсон. Мөн А0402 буюу Дархан- Уул аймгаас Сүхбаатар аймгийн замд нэлэнхийдээ цас орсон байдалтай байна. Энэ үеэр Дархан болон Сэлэнгэ аймгийн авто замын засвар, арчилгааны компанийн ажилчид шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд замын хөдөлгөөнд ямар нэгэн саад учраагүй.

Замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж, халтиргаа, гулгаа багассан. Мөн зүүн аймгийн нутагт хур тунадас харьцангуй бага унасан. Дорнод аймагт бага зэргийн цас орсон. Гэхдээ халтиргаа, гулгаа үүсэх хэмжээнд хүртэл ороогүй. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгийн замын нөхцөл байдал хэвийн байна. Цас орсон газруудад АЗЗА-ын компанийн ажилчид шуурхай арга хэмжээ авсан. 

-Дархан-Уул аймгийн замыг хаасан гэж байсан. Нээсэн үү? 

-Тийм. "Дархан АЗЗА" төрийн өмчит хувьцаат компанийн хариуцсан A0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн замд өнгөрсөн Мягмар гарагт гулгаа үүссэн. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой байдлын газраас замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан юм билээ.

Жолооч болон иргэдийн аюулгүй байдал, осол гарахаас сэргийлж урьдчилсан арга хэмжээ авч ажилласан. Дархан-Сүхбаатар чиглэлийн зам хэвийн ажиллаж эхэлсэн. Ер нь бусад нутгаар хур тунадасгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй зорчиж байна. 

-Өнгөрсөн хоногт орсон цасны үеэр АЗЗА-ын компаниуд ямар зохион байгуулалттай ажиллав?

-Сэлэнгэ аймгийн А0402 дугаар замын чиглэлд цас орсон. Тус аймгийн “АЗЗА” ТӨХК-ийн ажилчид Арангат, Eрөө, Хар морьтын даваанд гулгаа үүсэхээс сэргийлж нэг ачигч, нэг өөрөө буулгагч, нэг үйлчилгээний машин техниктэйгээр нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

Мөн "Булган АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан А1002, Дархан-Эрдэнэт, А0902 Булган-Мөрөн чиглэлүүдэд цас орж ажлын хэсэг гарч ажиллаж дууссан. “Баянчандмань АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан А0401 буюу УБ-Дархан чиглэлд цас орж, шуурхай арга хэмжээ авч, замын хөдөлгөөн саадгүй болсон. 

-Автозам засвар, арчлалтын компаниуд өвлийн бэлтгэл ажлаа хангасан уу? 

-Улсын хэмжээнд нийт 28 автозам засвар, арчлалтын компани үйл ажиллагаа эрхэлдэг. АЗЗА-ийн компаниуд цаснаас хамгаалах далан, элс хайргаа нөөцөлж дуусч байна. Манайд сар бүрийн 25-нд АЗЗА-ын компаниуд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийн тайлангаа явуулдаг. Элсэн овоолго, цаснаас хамгаалах далангаа хийж дууссан гэж ойлгож болно.

-Хөдөө орон нутаг руу явах жолооч нар байгаа байх. Жолооч нар юуг анхаарах хэрэгтэй вэ? 

-Цаашид цас орж, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсч, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтож болзошгүй тул жолооч нар автомашиныхаа аюулгүй байдлыг хангаж, болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Зураг