Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сувдмаа: Томуугийн вакциныг ЗУН, ӨВЛИЙН улиралд хийлгэх нь тохиромжгүй

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 13
iKon.MN
 

Хүйтэн сэрүүний улирал эхэлж ханиад, томууны өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх арга болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

Үүнээс гадна маргааш буюу 2016 оны аравдугаар сарын 14-ний өдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс 10:00 цагт Нээлттэй Хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэд, үйлчлүүлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. 
Томуугийн эсрэг вакцин энэ сарын сүүлчээр орж ирнэ

- Өнөөдрийн байдлаар ямар ямар вакцин хийгдэж байгаа вэ?

- Одоогийн байдлаар 20-иод төрлийн вакцин хийж байгаагаас 18 төрлийг нь сайн дураар хийж байна. Үүнд жишээлбэл Хепатит А, В вирүс, улирлын томуугийн эсрэг вакцин, мененгитийн эсрэг вакцин гэх мэтчилэн сайн дурын дархлаажуулалт явагдаж байна. 

- Сайн дурын дархлаажуулалт төлбөрийн хувьд ямар байдаг вэ?

- Төлбөрийн хувьд сайн дурын дархлаажуулалтын вакцин 5,000-28,100 төгрөгийн үнэтэй байгаа.

Тухайлбал 5,000 төгрөгөөр Хепатит В вирүсийн эсрэг нэг тунгийн вакцин, 28,100 төгрөгөөр Хепатит А вирүсийн эсрэг вакцин хийлгэх боломжтой.

- Томуугийн вакцин оруулж ирэх бэлтгэл ажлын тухайд. Хэзээ, аль улсаас оруулж ирэх вэ? 

- Бэлтгэл ажлын хувьд жил бүрийн 10-11 дүгээр сард томуугийн эсрэг вакциныг хийдэг. Үүнээс урьдчилаад урд жил нь вакцины захиалга өгнө.

Сайн дурын дархлаажуулалтын хүрээнд дунджаар 50,000-60,000 орчим томуугийн эсрэг вакцин захиалдаг.

Энэ жилийн хувьд аравдугаар сарын сүүлчээр томуугийн вакцин ирэх төлөвтэй байна. 

Ерөнхийдөө Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан, АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв хоёрт бид захиалгаа өгчихсөн. Жил бүр манай улс НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан вакцинаа авдаг юм. 

Вакциныг ажил мэргэжлийн шугамаар цагдаа, зэвсэгт хүчин, хууль сахиулах, эрүүл мэндийн байгууллагуудад үнэгүй олгодог. Харин сайн дураараа хийлгэх гэж байгаа иргэд ХӨСҮТ-ийн Сайн Дурын Дархлаажуулалтын Кабинетаар үйлчлүүлнэ. 

- Томуугийн вакциныг хэдий үед хийлгэвэл тохиромжтой вэ. Ямар ач холбогдолтой вэ?

- Томуугийн вакциныг томуугийн улирал, жил угтуулаад хийлгэх ёстой. Зун болон өвлийн улиралд хийлгэх нь тохиромжгүй. Ерөнхийдөө арав, арваннэгдүгээр сард томуугийн улирал эхэлж байна гэж үздэг учраас энэ үед хийлгэх нь илүү тохиромжтой. 

Улирлын томуугийн вакцин хийлгэснээр, 
  • вакцины найрлагад орсон вирүсээс үүссэн томуугаас сэргийлнэ.
  • бусад томуу, томуу төст өвчин туссан тохиолдолд хүндрэхээс сэргийлнэ.

- Хэдээс хэдэн насны хүмүүст хийдэг юм бол?

- Өмнөх жилийн хувьд томуугийн вакциныг 6 сартайгаас дээш бүх насны хүмүүст ямар нэг эсрэг заалтгүй бол хийлгэх бүрэн боломжтой байсан.

Энэ жил ч мөн адил энэ зарчимаар хийхээс гадна жирэмсэн ээжүүдэд хийх боломжтой вакциныг захиалсан байгаа.

Томуугийн вакциныг арав, арваннэгдүгээр сард хийлгэх нь илүү тохиромжтой. 

- Томуугийн вакцины үнэ өмнөх жилүүдэд ямар байсан бэ. Энэ жил ямар үнэтэй байх төлөвтэй байгаа вэ?

- Өмнөх оны үед томуугийн вакцин 13,000-15,000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ жилийн хувьд ямар байх нь тодорхойгүй байна. 

- Томуугийн вакциныг хийлгэхээс өмнө ямар бэлтгэлтэй байх вэ? 

- Мэдээж эрүүл байх ёстой. Эхлээд зайлшгүй эмчид үзүүлнэ. Дараа нь боломжтой гэж үзвэл мэргэжлийн вакцинатор хүн хийнэ. 

Үүнээс гадна вакцинуудын хоорондын зай нэг сар байдаг. Өөрөөр хэлбэл өмнө нь ямар нэг дархлаажуулалтад хамрагдсан бол сарын дараа хийлгэнэ гэсэн үг. 

Цэгэн массаж нь дархлаа сэргээх ач холбогдолтой

- Томуу өвчнөөс урьдчилан сэргийлах зөвлөгөө өгнө үү?

- Манай улс эрс тэс уур амьсгалтай учраас есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр хүйтэрдэг. Тэгэхээр аав ээжүүд, асран хамгаалагчид хүүхдүүддээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй,

  1. Дулаан хувцаслах. Цаг агаарын байдалд тохируулан хувцаслах нь маш чухал.
  2. Шим тэжээлтэй хоол унд идэх. Намрын цагт шинэ ургацын ногоо гардаг учраас аль болох витаминлаг чанартай хоол идэх хэрэгтэй. Мөн ууж байгаа шингэн зүйлээ халуун бүлээнээр нь уух нь томуугаас сэргийлнэ.
  3. Эмчийн зөвлөгөө авч, өөрийгөө болон хүүхдүүдээ витаминжүүлэх. Мөн томуугийн эсрэг дархлаажуулалтад сайн дураараа хамрагдаж болно.
  4. Уламжлал болсон цэгэн массаж гэж байдаг. Энэ нь маш энгийн, дархлаа сэргээх ач холбогдолтой. 

Цэгэн массаж хийх аргачлал