Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Өнөржаргал: Хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 7
iKon.MN
 

2013 онд ашиглалтад орсон нийслэлийн ӨРГӨӨ амаржих газрын өргөтгөлд байрлах Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн хагалгааны гуравдугаар өрөөний тааз нурсан талаар тус эмнэлгийн удирдлага эмч нар мэдээлэл хийлээ.

Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн хагалгааны гуравдугаар өрөөний дүүжин тааз болон агааржуулалтын хоолой аравдугаар сарын 5-ны өдрийн 13:20 цагийн орчимд нуржээ. Тааз нурах үеэр тус өрөөнд хагалгаа хийгээгүй байсан бөгөөд хажуугийн болон урд талын өрөөнд нь хагалгаа хийж байжээ.

 

Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргал "Хагалгааны гуравдугаар өрөөнд ихэвчлэн төлөвлөгөөт хагалгаануудыг хийдэг. Тухайн өдөр 10:00 цагаас эхний хагалгаа тус өрөөнд орсон. Хагалгааны үеэр агааржуулалтын хоолой хөдөлж, боолт унаад байсан. Бид хоолойн дотуур хүн явж, засвар хийж байгаа юм болов уу гэж бодсон. Тиймээс дараагийн хагалгаа буюу 13:00 цагийн төлөвлөгөөт хагалгааг урд талын өрөө рүү шилжүүлэн хийж байхад 13:20 цагийн орчимд гуравдугаар өрөөний тааз нурсан.

 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан.

Хэрэв өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан.

Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт жирэмсэн ээжүүдэд хагалгаа хийдэггүй. Өндгөвчний хортой хоргүй хавдар, үргүйдэл, шээс задгайрах гэх мэт өвчнүүдэд хагалгаа хийдэг. Жирэмсэн ээжүүд маань айдаст автах вий гээд онцгойлон хэлж байгаа юм шүү" гэлээ.

Тааз нурсан даруйд эмнэлгийнхэн онцгой байдал, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа, Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан байна. Тухайн үед ирсэн мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар "Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой" гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад өгчээ.

Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг өдөрт дунджаар таван хагалгаа хийдэг бөгөөд тааз нурсны улмаас агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө  бохирдсон учраас бүх төлөвлөгөөт хагалгааг цуцалж, яаралтай хагалгаагаа ЭХЭМҮТ-рүү шилжүүлээд байгаа ажээ. 

Тус тасгийн хагалгааны дөрвөн өрөөний хоёр нь вакум тохижилттой бол тааз нь нурсан гурав болон дөрөвдүгээр өрөө ижил тохижилттой юм байна. Эмнэлгийнхний зүгээс дөрөвдүгээр өрөөний тааз нурахгүй гэх үндэслэл байхгүй. Айдастай байгаа учраас барилгын гүйцэтгэгч "Цаст констракшн" компанид хоёр өрөөг хоёуланг нь шинээр тохижуулан засварлаж өгөх шаардлага тавин хариу хүлээж байгаа гэлээ.

 

Өргөө амаржих газрын Эдийн засаг, санхүү, аж ахуй хариуцсан дарга О.Батдаваа "Гадаадын буцалтгүй тусламжаар баригдан, 2013 оны хоёрдугаар сард улсын комисс хүлээж авсан энэ барилгын нийт өртөг 5.6 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээр "Цаст констракшн" компани ажилласан. Барилгын ажлын явцад захиалагчийн хяналтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хийсэн байдаг.

Аравдугаар сарын 5-ны өдөр тааз нурах үеэр хагалгааны өрөөнд байсан тоног төхөөрөмжүүдээс гурав нь дарагдан эвдэрч 69.2 сая төгрөгийн бодит хохирол учирсан. Ер нь хагалгааны үеэр 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж ашигладаг" хэмээн ярилаа.

Фото

Тааз нурсан болон ижил тохижилттой хажуугийн өрөөний зургууд

 
 
 
 
 
Тааз нурсан өрөөтэй ижил тохижилттой. Хагалгааны дөрөвдүгээр өрөө.
 
Тааз нурсан өрөөтэй ижил тохижилттой. Хагалгааны дөрөвдүгээр өрөө.