Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Г. Уянга: Ядуугийн зовлон, дайны үеийн зовлон зүдгүүр хоёр ТЭС ӨӨР зүйл

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ойрхи Дорнод төдийгүй, дэлхийн хамгийн халуун цэг Сири улсад нөхцөл байдал улам хүндэрч байна. Сирийн дайн эхлээд нилээд хэдэн жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд дайны хөлд нэрвэгдсэн олон сая  хүүхдүүд зовж, тарчилж, эцэг эх, ах дүүсээ алдан өнчирчээ. Хэдийгээр энэ дайн манай улсаас хол мэт санагдаж байгаа ч хүн бүрт ХҮҮХЭД гэдэг ойлголт нэг билээ.

Хүнд хэцүү энэ цаг үед Сирийн хүүхдүүдэд тусламжийн гараа сунгах “Хүмүүнлэг Монгол” аяныг Ард Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, түүний гэргий Г.Уянга нар Монголд анх удаа санаачилж эхлүүлээд байна.

Ингээд “Хүмүүнлэг Монгол” аяныг санаачлагч Г.Уянгатай ярилцаж, товч мэдээлэл авлаа.


-Сирийн дайнд өртсөн хүүхдүүдэд туслах “Хүмүүнлэг Монгол” аяныг таны гэр бүлээс санаачилжээ. Ажил ямар шатандаа явж байна?

-Энэ санаачлагаа ажил болгон эхлүүлээд удаагүй байна. Бид одоо ажлын хэсгээ байгуулаад эхний шатны ажлууд маань эхлээд явж байна. Сирийн хүүхдүүдэд туслах аяныг олон компаниуд дэмжиж, туслахаа илэрхийлсэн байгаа.

Одоо бид олон нийтийн сүлжээгээр ард иргэддээ хандан аяныхаа талаар мэдээллийг түгээж эхлээд байна. Энэхүү ярилцлагыг уншиж байгаа та “Хүмүүнлэг Үндэстэн” фэйсбүүк хуудсаар зочилж, мэдээлэл авч болно.

Бид аянаа аравдугаар сарын сүүлийн долоо хоног хүртэл үргэлжлүүлж, тусламжаа хүргэхээр төлөвлөж байна.

-Яагаад ийм санаачлага гаргах болов?

- Дэлхий нийтийн хамгийн хөндүүр, аймшигтай байгаа цэг бол яах аргагүй Сири улс болоод байна. Бид нэг л дэлхийд амьдарч байна. Энэ бол их холын асуудал биш гэж бодож байна. Энэ дэлхийн иргэн бүрт хамаатай. Одоогийн дэлхийн хамгийн том дайн бөгөөд хамгийн олон сая хүмүүс, хүүхдүүдийн эрх зөрчигчид байгаа аймшигтай газар юм.

Монгол хүүхдүүд ирээдүйд дэлхийн иргэн болно. Тиймээс дэлхий дээр болж буй үйл явдлын талаар сонирхож, сэтгэл зовниж, асуудлыг нь шийдвэрлэхэд оролцоотой байж, шийдлийг ололцдог болон өөрсдийгөө хөгжүүлж, ойлголт авах нь чухал болов уу гэж бодож байна. Энэ бол өөр гараг дээр болж байгаа алс холын асуудал биш.

"Өвөг дээдэс маань бусад улс орнуудад тусламжийн гараа сунгаж байсан түүхтэй"

Нөгөө талаас өвөг дээдэс маань бусад улс орнуудад тусламжийн гараа сунгаж байсан түүхтэй. Тухайлбал дэлхийн II дайны үед Монголчууд ЗХУ-д байгаа бүхнээ харамгүй зориулж  байсан. Тухайн үед бид хахаж цацсан, хангалуун байгаагүй. Одоо амьдарч байгаа үеэс бүр л хүнд нөхцөлд байсан байх гэж би боддог. Өөрсдөө дайны хүнд хэцүүг туулж өнгөрөөд удаагүй байсан үе.

Москвад баригдсан Монгол морины хөшөө бол бидний өвөг дээдсийн үлдээсэн гавьяаны бэлгэ тэмдэг. Тэр үйл явдал хөшөөгөөр зогсохгүй олон Орос хүмүүст дурсагдаж, зүрх сэтгэлд нь хадгалагдсан байдаг.

Монгол хүмүүс зөвхөн авдаг, тусламж гуйдаг, гадны хөрөнгө оруулалт хайгаад явж байдаг хүмүүс биш, харин ч чадлынхаа хэрээр өгдөг, энэ дэлхийн иргэд, нэг хэсэг нь гэдгээ мэддэг болохыг энэ үйл ажиллагаа харуулах байх гэж бодож байна.

"Их бага, хуучин шинэдээ хамаагүй ээ. Энэ бүгд таны сэтгэлийн хандив байх болно"
 

-Монголд ядуу хүүхдүүд их байхад яагаад заавал Сири хүүхдүүдэд туслах гээд байгаа юм бэ гэж шүүмжлэх хүмүүс байгаа байх. Яагаад заавал Сири юм бэ?

-Ядуугийн зовлон, дайны үеийн зовлон хоёр ТЭС ӨӨР зүйл. Монголд амьдралын бололцоо муу маш хүнд нөхцөлд амьдарч байгаа олон хүүхдүүд байгаа. Гэхдээ Монголчууд үүнийг мэдэрч олон талаас нь олон янзаар тусламжийн гараа сунган ажилладаг. Бид  ч гэсэн сүүлийн 10 гаруй жил өөрсдийнхөө найз нөхөд, гэр бүл, хамт ажилладаг нөхөд, албан байгууллагынхаа хүрээнд жижиг том олон олон ажлыг хийсэн. Цаашдаа ч хийх болно. Бид хэдий хэцүү байсан ч гараад гүйхэд эмнэлэг, цагдаа, асрамжийн газрууд бүр аргаа барвал ах дүү амраг садан нь бага боловч туслах боломж нь байна.

Дайны нөхцөл байдал бол арай өөр гэж бодож байна. Тэнд хүүхдүүд аав ээж, ах дүү, ойрын садан төрөл гээд бүхнээ алдчихсан, орох оронгүй, хаашаа хандахаа ч мэдэхгүй байгаа. Дайнд өртсөн хүүхдүүдэд хамт байгаа хүмүүс нь тэдэнд туслах нь битгий хэл өөрийнхөө амийг яаж авч гарах вэ гэж боддог байх. Ихийг биш ч гэсэн бага боловч зүйлийг бид өгч чадвал буян болно.

Бид их азтай хүмүүс. Дайны зовлон зүдгүүрийг үзсэнгүй. Дайн гэдгийг кинон дээр гардаг зүйл шиг санаад, бодоод байж магадгүй юм.

Гэхдээ бүхнийг тайлбарлаад ярихаар дэмжиж, ойлгож байгаа хүмүүс их байна. Монгол хүмүүс өгөөмөр, уужуу сэтгэлтэй. Бид хүчирхэг, баян улсууд шиг нөлөө бүхий их бэлэг сэлт явуулж чадахгүй ч чин сэтгэлээсээ хийсэн бүхэн сайн үрийг тарьж, их зүйлийн үрийг суулгаж чадсанаас ялгаагүй болох байх.

-Та бүхэн тусламжаа яг хаана, хэрхэн хүргэхээр төлөвлөж байна?

-Бид Монголын Улаан Загалмай, Туркийн Элчин сайдын яам зэрэг албан байгууллагуудтай ярилцсан. Бидэнтэй хамтран ажиллаж, туслаж дэмжихээ илэрхийлээд байгаа.

Хамгийн хэцүү байгаа газар нь Сирийн Алеппо хот. Тэнд хүргэх боломжгүй байгаа. Одоогийн байдлаар Турк Улсад гурван сая гаруй дүрвэгчидтэй түр орогнох хурангууд байгаа.

"Турк Улсад гурван сая гаруй дүрвэгчидтэй түр орогнох хурангууд байгаа"

Тэнд байдал ялгаагүй маш хүнд байгаа учраас Туркийн "Хавирган сар" нийгэмлэгээр дамжуулан дүрвэгсэдийн хуаранд хүргэх болно. Дашрамд дурдахад бидний хандивын бэлгийг "Туркиш Эйрлайнс" компани хүргэж өгөхөөр ярилцаад ажиллаж байна.

Сошиал ертөнц, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарч байгаа зураг, бичлэг дээрх асуудал юу ч биш. Тэнд хүүхдүүд үнэхээр төсөөлөхөд хүнд нөхцөлд байгаа гэж холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээлж байна.

-“Хүмүүнлэг Үндэстэн” аянд нэгдэж, хандив өгөх хүсэлтэй хүмүүс яах вэ?

-Өөрт байгаа бололцоотой бүх зүйлээр тусалж болно. Дулаан хувцас, хөнжил гудас, хүүхдийн зөөлөн тоглоом, дэвтэр харандаа, лаа шүдэнз гээд өөрт байгаа зүйлээс илүүчилж болох бүхнээ хандивлаасай гэж хүсэж байна. Их бага, хуучин шинэдээ хамаагүй ээ. Энэ бүгд таны сэтгэлийн хандив байх болно.

Бид тусламжийн эд зүйлсийг одоохондоо Ард Санхүүгийн Нэгдэлийн төв байранд хүлээж авна. Яваандаа Ард даатгалын салбаруудаар хүлээж авах төлөвлөгөөтэй байна. Бидэнтэй 99057584 утсаар мөн Хүмүүнлэг Үндэстэн фэйсбүүк хаягаар холбогдож болно.

-Сирид гадны өөр улс орон, тусламжийн байгууллагууд хүрч ажиллаж чадаж байгаа болов уу?

-Сири руу тусламж явуулдаг нилээд хэдэн байгууллага байдаг юм байна. Бид зарим байгууллагуудтай холбогдож, мэдээлэл аваад явж байгаа. Улс гүрнүүдээс гадна тусламж үзүүлдэг хувь хүмүүс ч бас байдаг юм билээ.

-Ярилцсанд  баярлалаа. Аяны ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэн ч гэсэн бидэнтэй нэгдээрэй. Сайн үйлс улам бүр дэлгэрэх болтугай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.