Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хил давуулан хулгайлсан малыг буцаах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудлаар хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Энэхүү хуралдаанд Хуул зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Оросын Холбооны улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, орлогч сайд И.Н. Зубов тэргүүтэй төлөөлөгчид, ЦЕГ-ын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, ХХЕГ болон Монгол Улс, ОХУ-ын хил орчмын бүс нутгийн цагдаагийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцов. 

Хуралдааныг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр нээж үг хэлэн Монгол Орос хоёр орны олон жилийн уламжлалт найрсаг, халуун дотно хамтын ажиллагаа хууль зүйн салбарт ч хадгалагдаж ирсэн болохыг онцлон тэмдэглэв. 

Мөн 2001 онд Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны хэлэлцээр, хамтран ажиллах тухай протокол байгуулсан нь хамтын ажиллагааны үндсэн баримт бичиг болсон юм. 

Хоёр улс гэмт хэрэгтэй тэмцэх, алба хаагчдыг сургаж бэлтгэх, хамтарсан дадлага, сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байгааг тодотголоо. 

 

Мөн тэрбээр "Энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнөөр ОХУ болон Монгол Улсын хил орчмын бүс нутгийн эрүүгийн нөхцөл байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хоёр улсын хооронд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй холбоотой сэжигтэй этгээд, эд зүйлийн талаар харилцан мэдээлэл солилцох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлаар тодорхой түвшинд шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна" гэв.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны дэд сайд Зубов Игорь Николаевич "Эх орны дайны үед Монголын ард түмний үзүүлсэн тэр их тусламжийг бид хэзээ ч мартахгүй..." гээд "Эдийн засаг, нийгэм, эрх зүй, бусад харилцаа эрчимтэй өрнөж байгаа энэ үед ОХУ-ын Дотоод хэргийн яам болон МУ-ын ХЗДХЯ-ны хамтын ажиллагаа шинэ түвшинд очих ёстой" гэлээ.

 

Мөн өнөөдрийн арга хэмжээ гурван мянга гаруй км урт газар нутгаар хиллэдэг хоёр орны хувьд ихээхэн үр дүнтэй байх учиртайг онцлоод хоёр орны хил орчмын иргэд өдөр тутам хууль эрх зүйн тун ярвигтай орчинд амьдарч байгаа тухай дурьдсан юм. Тиймээс "Бид хийж чадах боловч хийхгүй байгаа тэр асуудлыг юун түрүүнд эцэслэх ёстой" гээд анд нөхдийн хувьд нүүр нүүрээ харж байгаад тулгамдсан асуудлаа ярилцаж шийдэх ёстойг онцлов.

Ажлын хэсгийн хурлаар хил орчмын бүс нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл сонсч, хар тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын хууль бус наймаатай тэмцэх, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус наймаанд сэжиглэгдэж буй этгээдийн талаар шуурхай мэдээлэл солилцох асуудлыг хөндлөө.

Мөн хил орчмын бүс нутаг дахь малын хулгай, авто тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргийг илрүүлэх, оргон зутсан гэмт этгээд, сураггүй алга болсон хүнийг эрэн сурвалжлах асуудлаар ярилцсан юм.

Түүнчлэн улсын хил давуулан хулгайлсан малыг эргүүлэн өгөх болон хохирол барагдуулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах тал дээр санал нэгдлээ.