Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өшөө авагч Ирак эмэгтэй Исламын улс бүлэглэлийнхний зүрхэнд шар ус хуруулж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

39 настай Ирак эмэгтэй Вахида Мохамед Аль-Жумайли нь Исламын улс бүлэглэлийн гишүүдийн хамгийн их айдаг хүнээр тодорчээ.

Тэр ч байтугай тус бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади өөрөө өшөө авагч эмэгтэйг алахаар сүрдүүлж байсан гэнэ.

Зэвсэгт бүлэглэлийнхэн түүний нөхөр, аав, гурван ахыг нь хөнөөсөн юм байна.

Үүнд өширхсөн, Ум Ханади нэрээр алдаршсан эмэгтэй 70 орчим хүнтэй зэвсэгт бүлэг зохион байгуулж Исламын улс бүлэглэлийн эсрэг дайтаж эхэлжээ. Саяхан тэд Ширкат хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон байна.

Хамгийн аймшигтай нь Ум Ханади олзлогдсон дайснуудынхаа толгойг тасдаж, чанаж, биеийг шатаадаг ажээ.

Тэр энэ үйлдлийнхээ гэрэл зургуудыг Фэйсбүүк хуудсандаа оруулсан байна. CNN-д өгсөн ярилцлагадаа Ум Ханади “Би Исламистуудын алах хүмүүсийн жагсаалтын эхэнд байгаа. Ерөнхий сайдаас ч илүү намайг алахыг тэд хүсч байгаа” гэжээ.

“Зургаан удаа намайг алахыг оролдсон. Миний толгой, хөлд сумны олон хэлтэрхий байгаа, хавирга хугарсан. Гэхдээ би тулалдахаа зогсоохгүй” гэж тэрээр өгүүлсэн байна.

Тэдний байрладаг Салахудин муж дахь Иракийн армийн командлагч, генерал Жамаа Анад уг бүлгийг хүлээн зөвшөөрч хамтарч ажилладаг, машин техникээр хангадаг гэж CNN-д ярьжээ.

Исламын улс бүлэглэлийнхэн эмэгтэй хүнд алагдахаас үхтлээ айдаг гэнэ. Учир нь ингэвэл тэд диваажинд очихгүй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг ажээ.

 

Эх сурвалж: Independent