Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дутерте Америктай холбоотон хэвээр үлдэх ч Хятад, Оростой түншлэнэ гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Удаан хугацаанд холбоотнууд байсан АНУ-ын эрх баригчдад ирэх долоо хоногт зохион байгуулагдах хамтарсан цэргийн сургуулилалтыг сүүлчийнх нь гэдгийг мэдэгдсэнээ Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр мэдэгджээ.

Өчигдөр буюу Лхагва гарагт Вьетнам дахь Филиппин иргэдтэйгээ уулзах үеэр тэр энэ мэдэгдлийг хийсэн байна. Дутерте 1951 онд АНУ-тай байгуулсан батлан хамгаалах гэрээг дагаж мөрдөх хэдий ч ирэх долоо хоногт зохион байгуулагдах хамтарсан цэргийн сургуулилалтыг зөвхөн батлан хамгаалахын сайдыгаа эвгүй байдалд оруулахгүйн тулд сүүлийн удаа хийнэ гэжээ.

Вьетнамд хоёр өдрийн айлчлал хийж байгаа Дутерте Орос, Хятадтай эдийн засгийн шинэ хамтын ажиллагаа эхлүүлэн түншлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сард сонгуулиар Филиппиний ерөнхийлөгч болсон цагаасаа хойш Дутертегийн АНУ-тай үүссэн харилцаа тийм сайнгүй байгаа.

Хэдийгээр өмнөх ерөнхийлөгч нар арлын маргааны асуудлаас болоод Хятадтай тааруу харилцаатай байсан ч Дутерте Хятадтай харилцаагаа сайжруулж, АНУ-аас хамаарах хамаарлаа багасган, гадаад бодлогодоо шинэчлэл хийх хүсэлтэй байгаагаа үе үе илэрхийлж байв.

Энэ сарын эхээр тэр Америктай хамтарсан эргүүлийн ажиллагааг Өмнөд Хятадын тэнгист явуулахаас татгалзаж, Америкчуудыг өмнөд Филиппинд нутгийн муслим иргэдийн салан тусгаарлах үзлийг нэмэгдүүлж байгаад буруутган, Америкийн цэргийг тус улсаас гаргах хүсэлтэй явдгаа ярьж байжээ.

Дутерте бас Орос, Хятадаас цэргийн техник хэрэгсэл авах сонирхлоо илэрхийлсэн юм.

 

Эх сурвалж: Time.Com