Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт нийтлэхээр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд, тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргахаар нэмэлт оруулсан ба тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн заасан нь Үндсэн хуульд заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэж Үндсэн хуулийн цэц өмнө нь тогтоол гаргаж, уг заалтыг хүчингүй болгож байсан билээ.
Иймд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.