Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

НҮҮРСНИЙ ШУУДАЙ дахин жижгэрэх боломжгүйг худалдаачид хэлж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

 Ойрын өдрүүдэд шөнөдөө хасах хэмтэй хонож, иргэд гэр, байшиндаа галалгаатай хонож байна. Түлээ, нүүрсээ хараахан бэлтгэж амжаагүй иргэд бага багаар нь авч хэрэглэж байна.

Энэ жилийн хувьд түлээний мод, нүүрс ямар үнэтэй байгааг гэр хорооллын зам дагуух жижиглэн худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.

Нэг шуудай нүүрс 1,500-2,000, мод 3,000-3,500 төгрөгийн үнэтэй байна. Нэг шуудай нүүрс дунджаар 10 орчим кг болдог бол 20 орчим кг нүүрс ордог гэх арай томхон шуудайтай нүүрс 3,500 төгрөг аж.

Харин иргэдийн хэлж заншсанаар портер нүүрс 150,000-200,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгааг худалдаачид хэллээ.

 

Иргэдийн хувьд "Налайх, Багануурын уурхайн нүүрс түлхүү авдаг. Алагтолгойн нүүрс илч ихтэй ч хурдан шатдаг тул өвөл гэрийн дулааныг тогтмол байлгахад хамгийн тохиромжтой, удаан шаталттай нь Налайх, Багануурын нүүрс" гэдгийг хэлж байлаа.

Жилээс жилд жижгэрсээр байгаа нүүрсний шуудай энэ жил дахин жижгэрсэн эсэхийг Чингэлтэй дүүрэгт байрлах түлээ, нүүрс, мод модон материалын "Гялгар" зах дээр худалдаа эрхлэгчээс тодруулахад "2000 оноос хойш нүүрсний шуудай жижгэрсээр байна. Гэхдээ сүүлийн таван жилд бараг жижгэрсэнгүй ээ. Үүнээс жижиг болох ч боломжгүй, бараг торноос жижиг болчихсон.

Шуудай жижгэрч байгаа ч үнэ хэвээрээ л байгаа. 2000 оны эхэн үед 40-50 кг жинтэй нэг шуудай нүүрс 1,500-2,000 төгрөг л байсан. Гэхдээ бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулахад нүүрсний үнэ тийм ч өндөр биш" гэв.

 

Одоо хэрэглэж буй нүүрсний шуудайг 2000 оны үед хэрэглэж байсан шуудайтай харьцуулахад дөрөв дахин бага хэмжээтэй болжээ. Гэхдээ үнэ нь хэвээрээ.

Портер машинаар буюу бөөнөөр нь нүүрсээ авбал шуудайгаар авснаас хамаагүй хямд тусдаг хэдий ч бэлэн мөнгөгүй иргэд өдөр өдөрт нь жижиглэнгийн үнээр нүүрсээ авдаг. Тэгэхээр хүйтний улиралд өрхийн зардал өдөрт хоёр шуудай нүүрс, гал асаах түлээний мод гээд дунджаар 4,000-5,000 төгрөгөөр нэмэгдэх нь.