Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дефляци: Шалтгаан нь юу байв?

ikon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Үнийн өсөлтөөс үргэлж болгоомжилж ирсэн Монголчуудыг “дефляци” гэх үзэгдэл гайхшруулав. Шинэлэг энэ мэдээнд баярлах уу, эсвэл болгоомжлох уу гэдгээ шийдэхийн тулд эхлээд дефляци гэж юу болох, ямар шалтгааны улмаас үүссэн, хэрхэн өрнөсөн, цаашид яах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

Дефляци гэж юу вэ?

Ийм нэг жишээнээс эхэлье: 100 төгрөгийн үнэтэй талхнаас өөр зүйл дэлгүүрт зардаггүй улс байв. Хэрэв талхны үнэ өсч 110 төгрөг болвол тэр улсад инфляци 10% байсан гэж дүгнэж болно. Эсрэгээрээ, талхны үнэ 10 төгрөгөөр буурвал 10%-ийн дефляци бий болжээ гэж үзэх боломжтой. Цаашид 1,000 төгрөгтэй хүний худалдаж авах талхны тоо 9 байх уу, эсвэл 11 байх уу гэдэг баримжаа өгөх учраас инфляци, дефляцийг ийнхүү тооцдог.

Манай орны хувьд, мэдээж талхнаас гадна олон бараа үйлчилгээ зах зээл дээр бий. Иймд инфляци Монголд хэд вэ гэдгийг тооцоходоо эхлээд айл өрхүүд хамгийн ихээр худалдан авдаг бараа үйлчилгээнүүдийг сонгож авна. Тухайлбал Улаанбаатарт 329, орон нутагт 214  нэр төрлийн өргөн хэрэглээний бараа үйлчилгээг сонгодог. Улмаар тэдгээр бүтээгдэхүүний үнэ тодорхой хугацаанд хэрхэн өөрчлөгдснийг харьцуулна. Хэрэв үнийн дундаж нь 10% өссөн бол инфляци 10% гэдэг тооцоо гарна. Харин дундаж үнэ буурсан бол дефляци бий болжээ гэж дүгнэнэ.

Мэргэжлийнхний хувьд, “өргөн хэрэглээний 329 нэр төрлийн бараа үйлчилгээ” гэдэг урт нэрийг “хэрэглээний сагс” гээд товчилчихдог. Түүнчлэн мах, гурил гэх мэт өрхийн зардалд өндөр жинтэй бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт хэрэглээний сагсны дундаж үнэд өндөр нөлөөтэй байхаар тооцно. Мөн ямар хугацааны үнийн өсөлтийг харьцуулж буйгаас шалтгаалаад сарын инфляци, жилийн, эсвэл оны инфляци (өмнөх оны эцэстэй харьцуулсан үед) гэж ялгадаг.

Дефляци руу хэрхэн оров?
 

Өнгөрсөн 8-р сард Улаанбаатарт жилийн инфляци -0.6% байсан гэдгийг саяхан Үндэсний статистикийн хороонос зарласан. Инфляци ийнхүү хасах утгатай болж, дефляци үүссэн нь дараах шат дараалалтай өрнөжээ:

  • I шат: 2016 он гарсаар Улаанбаатарт жилийн инфляци 3% дотор хадгалагдаж байв. Инфляци 1990-ээд онд 300% давж, түүнээс хойш ихэнхдээ 2 оронтой тоогоор хэмжигдэж ирсэн манай орны хувьд энэ нь маш нам дор түвшин юм.
     
  • II шат: 8-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа мах болон ногооны үнэ хямдарчээ. Жишээ нь, 1кг төмсний үнэ өнгөрсөн жилийн 8-р сард дунджаар ₮1,397 байсан бол энэ жил ₮939 байв. Харин үхрийн махны дундаж үнэ ₮7,230-aaс ₮6,865 болж хямдарчээ. Хэрэглээний сагсны 30% орчмыг бүрдүүлж, инфляцид том нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурснаар нэгэнт нам дор түвшинд байсан инфляци хасах утга руу орсон байна.

Дефляцийн шалтгаан юу байв?

II шатанд өрнөсөн зүйлс буюу аль хэдийн нам дор түвшинд байсан инфляци хасах утгатай болсон шалтгаан бол энгийн:

  •  Гантай байсан өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил нийт нутгаар зуншлага сайтай байсан тул ургац ногоо элбэг, үнэ нь хямд байна.
     
  •  Хичээл эхлэхийн өмнө хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бэлддэг малчдын хувьд “Оюутны 70” олгодог байсан өмнөх жилтэй харьцуулахад бэлэн мөнгөний хэрэгцээ өссөн нь лавтай. Улмаар зах зээлд мах ихээр нийлүүлснээр үнэ нь буурсан байх магадлалтай.

Харин I шат буюу ер нь сүүлийн жил гаруй хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ яагаад харьцангуй тогтвортой, үнийн өсөлт нь яагаад нам дор түвшинд хадгалагдаж байна вэ гэдэг чухал асуулт үлдэж байна. Болж л өгвөл “тэнгэрт хадчихдаг” байсан юмны үнэ сүүлийн үед харьцангуй тогтворжиход юу нөлөөлсөн талаар дараагийн удаа авч үзье.
 
Б.Түмэнцэнгэл