Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Уртын дууны уралдаанд 300 гаруй дуучин ая эгшигээ өргөлөө

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын  олон улсын уралдаан, уртын дууны баяр 2016.09.07-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. 

Уртын дууны уралдааны А, Б ангилалд олон улсын 5 орны 201 мэргэжлийн болоод ардын авъяастан уртын дуучид, хөгжимчид хоёр өдрийн турш СУИС, Улсын Филарморны тайзнаа өрсөлдсөн бол есдүгээр сарын 9-ний өдөр Уртын дууны баярыг АСЕМ ВИЛЛА хотхоны хүндэтгэлийн гэрт газар газрын 300 гаруй уртын дуучин чуулж ая эгшигээ өргөлөө.

Уралдааны шагналтнууд:

 

А ангилал:

  • Тэргүүн дээд /Гранпри/ – Ц.Түмэнжаргал /Төв аймгийн харьяат, ҮДБЭЧ-ын уртын дуучин/
  • Тэргүүн байр – Э.Болормаа /Архангай аймгийн харьяат, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын ажилтан/
  • Дэд байр - З.Сарангэрэл – /ӨМӨЗО-ны дуу бүжгийн чуулгын дуучин/
  • Гутгаар байр – Г.Энхбаатар / Архангай аймгийн харьяат,  ҮДБЭЧ-ын уртын дуучин/
  • Тусгай байр – Г.Отгонзул / Архангай аймгийн харьяат, Язгуур хамтлагийн дуучин/
  • Шилдэг хөгжмимчин: Б.Шаравнямбуу / Сүхбаатар аймгийн харьяат, СУИС-ийн концертмейстер багш/

Б ангилал:

  • Тэргүүн байр - Э.Хүрэлбаатар /Говь-Алтай аймгийн харьяат, Налайх дүүргийн соёл урлагийн ордны уртын дууны багш/ 
  • Дэд байр - О.Оюун-Эрдэнэ /Өмнөговь аймгийн харьяат, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/
  • Гутгаар байр – Ц.Өлзийбат /Дундговь аймгийн харьяат, хувиараа/
  • Тусгай байр – Ү.Дэлгэрмаа / Говь-Алтай аймгийн харьяат, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа чуулгын уртын дуучин/
  • Шилдэг хөгжимчин – М.Алтанбат / Говь-Алтай аймгийн харьяат, СУИС-ийн морин хуурын багш/ 
  • Шилдэг хөгжимчин – Чадраабал / ӨМӨЗО-ны Сөнөд зүүн хошуу, морин хуурч/ нар тус тус шилдгээр шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулсан юм. 
 

Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн олон улсын уртын дууны уралдаан, уртын дууны баяр амжилттай зохион байгуулагдаж Монголчуудын соёлын үнэт өв уртын дууг өвлүүлэн уламжлуулах, таниулан сурталчилах үйл хэрэгт томоохон ажил болж өнгөрлөө.

 

Мөн уртын дууны баярын үеэр Н.Норовбанзадын 85 насны ойд зориулсан “Уртын дууны хатан хаан” номын нээлтийг хийсэн юм. Энэхүү ном нь монгол, англи хэл дээр бичигдсэн бөгөөд уртын дууг олон улсад таниулан сурталчилахад том хувь нэмэр боллоо хэмээн Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, профессор Н.Жанцанноров онцолсон юм. 

Уртын дууны баярт хүндтэй олон зочин ирсэн байлаа. Энэхүү наадмыг зохион байгуулах комиссын дарга, СУИС-ийн захирал Э.Сонинтогос баярыг нээж үг хэлсэн ба их дуучинтай ойр дотно явсан үе, дурсамжаасаа хуваалцав.

 
Э.Сонинтогос: “Би нэг удаа Н.Норовбанзад гуайгаас асууж байсан юм. “Та дэлхийн олон тайзан дээр дуулсан, уртын дууг хаана дуулахад хамгийн сайхан байсан бэ? гэхэд Н.Норовбанзад гуай надад “Монгол гэрт дуулахаас өөр сайхан газар байхгүй шүү дээ” гэж хариулсан юм хэмээн АСЕМ ВИЛЛА-гийн хүндэтгэлийн гэрт уртын дууныхаа баярыг хийж байгаадаа бэлгэшээж байлаа.
 

Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь уртын дууны баярт хүрэлцэн ирж төр засгийн мэндчилгээг хурсан олонд хүргэж 300 гаруй уртын дуучдын шуранхайг нэг дор сонсоход огшиж, омогшиж байгаагаа илэрхийлсэн юм. 

 
 

Норовбанзад сангийн тэргүүн, Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа мөн үг хэлж ээжийнхээ дуулсан “Уяхан замбуу тивийн наран” дууг түүний шавь нар, найз нөхөд, ардын авъяастнууд зэрэг 300 хүнтэй нийлэн дуулахад  өөрийн эрхгүй сэтгэл нь хөдөлж нулимстайгаар тайзан дээр гарч зохион байгуулсан бүх хүнд талархлаа илэрхийллээ. 

Эх сурвалж: СУИС

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.