Уншиж байна ...

СУРВАЛЖИЛГА: “Цахим аялал” интерактив хичээл хэрхэн бүтдэг вэ?

ikon.mn
2024 оны 5 сарын 1
IKON.MN

БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран сургуулийн өмнөх болон бага боловсролын сурагчдад зориулж “Цахим аялал” нэртэй 186 интерактив хичээлийг бүтээн, medle.mn-д байршуулаад байна. Төслийн гүйцэтгэгчээр үндэсний контент бүтээгч, хүүхдийн уран бүтээлч Марчаахай ХХК 3 дахь жилдээ ажиллаж байна.

Уламжлалт, танхимын сургалтын хичээлийг сонирхолтой хүүхэлдэйн анимейшн, интерактив тоглоом болгон хувиргаж боловсролын цахим контент бүтээж буй Марчаахайн уран бүтээлчидтэй “Цахим аялал” интерактив хичээлийг хэрхэн бүтээдэг талаар ярилцлаа.

Зохиолч, контент менежер: Б.Батцэцэг

зураг
 

- “Цахим аялал” интерактив хичээлийн агуулгыг хэрхэн боловсруулдаг вэ?

- Бид 1, 2-р ангийн математикийн шинэ 25 интерактив хичээлийг бүтээж, medle.mn-д байршуулахаар ажиллаж байна. Энэ жилийн хичээлийн агуулгыг Боловсролын ерөнхий газар (БЕГ)-ын  мэргэжилтнүүд, хот, хөдөөгийн 26 багш хамтран төлөвлөсөн. НҮБ-ын Хүүхдийн Сангийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, БЕГ-ын мэргэжилтнүүд, багш нар маань хичээл тус бүрийг интерактив контент болтол нь аргазүй, зөвлөмжөөр ханган, хамтран ажилладаг. 

Үүн дээр манай уран бүтээлчид багаараа ажиллаж, мэдлэгийн хэсэгт ямар түүх өгүүлж, үйл явдлыг хэрхэн холбох вэ? Хүүхэлдэйн анимейшн дээр юу үзүүлэх вэ? Ямар интерактив тоглоом хийх вэ? гэдгийг ярилцаж, агуулгыг товч тодорхой хэрнээ сонирхолтой байхаар төлөвлөж ажлаа эхлүүлдэг. Энэ бол хамгийн эхний чухал алхам юм.

- Зохиолчийн хувьд юун дээр илүү анхаарч ажиллаж байна вэ?

- Бид хүүхдийн бие даан сурах үйл явцыг дэмжиж, идэвх оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор эдгээр интерактив контентыг бүтээж байгаа.  Иймд зохиолчийн хувьд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээлүүдийн утга санааг бяцхан түүхээр дамжуулан хүргэхийг зорьдог. Учир нь үлгэр, түүх хүүхдийн уран сэтгэмжийг сайжруулж, чөлөөтэй харилцах, аливаа зүйлсийг олон талаас нь харах, үгийн баялаг нэмэгдүүлэх гэх мэт дундаршгүй ач холбогдолтой.

Бид хүүхэд байхдаа үзсэн хүүхэлдэй, тоглодог байсан тоглоомоо ер мартдаггүй шүү дээ. Яг л үүн дээр тулгуурлан хүүхэлдэйн анимейшн, тоглоомон дунд нь хичээлийнх нь агуулгыг хүүхдийн сонирхол татахуйцаар шигтгэн оруулахыг хичээсэн.

Тоглоом хөгжүүлэгч: Ш.Мягмарсүрэн

зураг
 

- Интерактив тоглоом хэрхэн бүтдэг вэ?

- Юун түрүүнд хичээлийн агуулга, төлөвлөлтөд тохирох орчин үеийн шинэлэг gamification-тэй тоглоом юу байна гэдгийг эрж хайж, судалгаа хийдэг.  Маш олон тоглоом судалсны эцэст хичээл тус бүрийн агуулгад тохирохуйц тоглоомыг  баг хамт олноороо сонгодог. Үүний дараа зургийн дизайн, тоглоомын ерөнхий концепт, UI/UX дизайн, механик болон зорилтот үйлдлүүдийг нарийн төлөвлөж, бүтээлч ажлаа эхлүүлдэг.

Манай продакшний багийнхан тоглоомын зураг дүрс, анимейшн,  дуу хоолой зэргийг бэлтгэдэг бол тоглоом хөгжүүлэгчид тоглоомын өрөлт, код бичих, бюлд хийх ажлуудаа хийдэг. БЕГ-ын мэргэжилтэн, багш нар маань тоглоомын заавар, өгөгдөл, дасгал даалгавруудыг нэг бүрчлэн бэлтгэж өгдөг.  Тоглоом бэлэн болоход багаараа бүтээлч ярилцлага, бодит шүүмжүүдийг хэлэлцэж, сайжруулалт хийдэг.

Анимейшн, тоглоомуудаа интерактив хичээл болгон нэгтгээд НҮБ-ын Хүүхдийн Сангийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, БЕГ-ын арга зүйч, багш мэргэжилтнүүдээр хянуулж батлуулдаг.  Мөн хичээлүүдийг казах, тува, дохионы хэлээр хөрвүүлдэг тул хэл тус бүр дээр аудио, текст, дүрс сольж өөрчлөх ажлууд хийгддэг. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ бэрхшээлийн онцлогт тохируулж,  компьютерын гар буюу кэйбоардыг ашиглан хичээллэхэд зориулж, тусгайлан өөр код бичдэг.

Энэ жилийн интерактив тоглоомын хувьд тоглох үйлдлийг хялбаршуулсан. Шинэ 25 интерактив тоглоомоор тоглоход зөвхөн хулгана байхад л хангалтай. Хэрэв хэрэглэж байгаа төхөөрөмж нь мэдрэгчтэй дэлгэцтэй бол хуруугаараа мэдэрч тоглож болно. Хүүхдүүд хот, хөдөө хаанаас ч “Цахим аялал”-аар  хичээллэхэд гацахгүй, бэрхшээлгүй байлгах үүднээс интерактив хичээлүүдээ гар утасны жижиг тоглоомоос ч бага хэмжээтэй болгож medle.mn дээр байршуулж байгаа.

Сторибоард зураач, аниматор: О.Тэргэл

зураг
 

- Аливаа контент, уран бүтээлийн нэг том багана бол зураг, дүрслэл байдаг. Зураачдын багаа төлөөлөн зурах, бүтээх ажлаа танилцуулна уу.

- Манайх аливаа уран бүтээлийг эхлүүлэхдээ багаараа сууж, зохиолын уншлага хийдэг. Тэр уншлага дээр хүмүүс үг өгүүлбэр уншиж байхад зураач бид үгийг зураг болгон хөрвүүлж, тухайн зохиолыг зураачийн нүдээр уншдаг. Интерактив хичээлийг түлхүү цэцэрлэг болон бага ангийн сурагчдад зориулан бүтээж байгаа. Тиймээс бид бага насны хүүхдийн онцлогийг судалж, тэдний сонирхдог зургийн хэв маягт тохируулж өнгөлөг, дүрслэл сайтай, ойлгомжтой, тодорхой зураглахыг чухалчилдаг.

зураг
 

Мөн анимейшн, тоглоом тус бүр дээр зохиолын дагуу нарийн детальчилсан сторибоард зураг зурдаг. Сторибоард нь эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл продакшний багийн барих чиг шугам, лавлагаа болдог. Үүндээ орчин, дүрүүдийн байрлал, камерын хөдөлгөөнийг ч төлөвлөж зурдаг. Ингээд зураачид арын зураг, дүрийн  зураг, эд юмсын зураг, деталь зураг гээд тоолж барамгүй их зураг зурах ажлаа эхлүүлдэг бол аниматорууд дүрүүдийг хөдөлгөөнд оруулж, дуу, дүрсний багийнхан эвлүүлэг, найруулгын ажлуудаа хийдэг.

“Цахим аялал” бол өөрийн гэсэн өнгө төрхтэй бүтээл учраас зураач бид өөр өөрийн зурах онцлогийг түр хойш тавиад, “Цахим аялал”-ынхаа өнгө төрх, форматад тохируулан нэг хүн зурсан мэт зурах гэж хичээн, өөрсдөө хүүхэд болж, хүүхдийн нүдээр бүтээлүүдээ харж, дүгнэж, хамтарч ажилладаг даа.

Боловсролын ерөнхий газрын Тэгш хүртээмжтэй боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, “Цахим аялал” интерактив хичээлийг казах хэлнээ хөрвүүлэх багийн ахлах, орчуулагч: Х.Сандугаш

зураг
 

- Монгол улсын  хэмжээнд “Цахим аялал” интерактив хичээлийг казах хэлээр үзэж, суралцах бага насны хэчнээн хүүхэд байдаг вэ?

- Монгол улсад хэл, соёлын ялгаатай, хэрэгцээтэй  казах, тува хүүхдүүд бий. Тэдний дийлэнх нь Баян-Өлгий аймагт амьдарч байна. 2023-2024 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймагт 2-6 насны  10420   хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа гэсэн тоон статистик байдаг.

- “Цахим аялал” интерактив хичээлийг казах хэлнээ хэрхэн хөрвүүлдэг вэ?

- “Цахим аялал” интерактив хичээлийг казах, тува хэлнээ хөрвүүлэхэд хэл тус бүр дээр орчуулагчид, редактор, дүрд дуу оруулах багш нар, хүүхдүүд, Марчаахайн уран бүтээлчид гээд 10-аад хүн оролцож ажилладаг. Монгол хэл дээрх хичээл бэлэн болсны дараа зохиол, тоглоомын асуулт хариултыг казах хэл рүү орчуулах орчуулгын ажил хийгддэг.

Орчуулгаа хийхдээ хүүхдэд ойлгомжтой үг хэллэгийг сонгон ашигладаг. Орчуулга бэлэн болсны дараа дуу бичлэгийн студид ам барилт, дуу оруулалт хийгддэг. Энд хэд хэдэн бэрхшээл гарч ирсний нэг нь дуу оруулах, жүжиглэх авьяастай, казах хэлээр цэвэр дуудлагатай ярьдаг хүүхэд сонгон авч, бэлдэх байлаа. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүд маань багаасаа монгол  хэлээр ярьж, сурч байгаа учраас казах хэлний зарим авиаг буруу дуудах тохиолдол гардаг байсан. Дууны найруулагч маань казах хэл мэдэхгүй учраас бид эхлээд үг өгүүлбэр бүрийг монгол хэлээр уншаад, дараа нь казах хэлээр уншдаг.

 Мөн дүрсэн дээрх текст буруу бичигдэх, аудио хоолой солигдох асуудлууд гарахад уран бүтээлч, программистуудынхаа хажууд сууж байгаад л алдаа мадаггүй, чанартай контент гаргахаар хичээнгүйлэн ажилласан. Энэ мэт бэрхшээл сорилтуудтай тулгарч байсан ч хамтын хүчээр бүгдийг даван туулжээ. “Цахим аялал” интерактив хичээлүүд бүтээгдэхээс өмнө казах, тува хүүхдэд зориулсан боловсролын контент байдаггүй байсан. Тиймээс хэл, соёлын ялгаатай хүүхдүүд маань төрөлх эх хэлээрээ сурч хөгжих боломжтой болсонд баяртай байна.

“Цахим аялал” төслийн удирдагч: Э.Буяндэлгэр

зураг
 

- “Цахим аялал” интерактив хичээл бусад интерактив хичээлээс юугаараа ялгаатай вэ?

- Боловсролын цахим шилжилт эрчимжиж байгаа энэ үед багш нар цахим ур чадвараа хөгжүүлж, хичээл сургалтдаа цахим контент, интерактив хичээлүүдийг ашиглах болсон. Зарим багшийн хувьд интерактив хичээлээ өөрөө бэлтгэн, хичээл сургалтаа ашигладаг бол ихэнх нь гаднын улсын бэлэн контентуудыг олон нийтэд нээлттэй сувгуудаас нь авч ашиглах нь бий. Гаднын олон сайн интерактив хичээлүүд байгаа ч бидний бүтээж буй “Цахим аялал” интерактив хичээл тэднээс хэд хэдэн үнэт зүйлээр онцгойрч ялгарна.

Интерактив хичээл бүр Монгол улсын суурь боловсролын сургалтын хөтөлбөр,  суралцахуйн зорилтуудыг хангаж Монгол багш, уран бүтээлчид монгол хүүхдэд зориулан бүтээснийг онцлох нь зүйтэй.  Түүнчлэн бид Монголын соёлын хосгүй өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, уламжлалт зан үйл, үнэт зүйл, мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарч, эдгээрийг илэрхийлэхүйц үйл явдал, дүр дүрслэлийг хичээлүүддээ шингээж өгдөг.

Жишээлбэл, монгол хэлний 2-р ангийн хичээлд зориулж ардын аман зохиолыг өвлөн үргэлжлүүлэх, түгээн дэлгэрүүлэх тухай өгүүлэх бүтэн анги хүүхэлдэйн анимейшн бүтээсэн. Мөн монгол ардын үлгэр домгийг өгүүлж, араг савар, аргал хужрыг тайлбарлаж, төө сөөм, алд дэлэм зэрэг уламжлалт хэмжээсүүдийг хэрхэн хэрэглэхийг заасан хичээлүүд ч бий. Айлаас ирсэн савыг хоосон буцаадаггүй ардын ёс, гүүн зэлэн дээгүүр гишгэж болдоггүй монголын ёсыг зөвхөн “Цахим аялал” интерактив хичээлээс үзэж, суралцах боломжтой.  Эдгээрийг үзэж өссөн хүүхэд монголын өвөрмөц соёл, уламжлалаа сурч, түүгээрээ бахархаж, даяаршиж буй нийгэмд Монгол гэх ялгарлыг хадгалж, түүнийгээ түгээж чадна гэж найдаж байна.

Мөн мэдлэг олгох анимейшн хэсэгт дүрүүдийг өөр өөр газарт, өөр өөр амьдралын хэв маягтайгаар амьдарч, суралцаж байгааг харуулдаг. Энэ нь хүүхдэд бусдыг өөрөөсөө өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх, бусдын соёлыг хүндэтгэх ойлголтыг төлөвшүүлж, аливаад олон ургалчаар хандахад нөлөөлнө.

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа сүүлийн жилүүдэд хүүхдүүд гадаад хэл дээрх видео контент үзэж, англиар хэлд орж, уншиж, тоолж, дуулж сурч байна. Энэ нь нэг талаас сайшаалтай хэрэг байж болох ч нөгөө талаас шүүмжлэлтэй хандаж, тэнцвэржүүлэх ёстой сэдэв мөн. Бид хүүхдүүдээ технологиос хараат бус өсгөх боломжгүй тул тэдний онцлог, хэрэгцээ шаардлагад нийцтэй, сонирхлыг нь татах монгол контент бүтээж өгөх нь чухал юм.

“Цахим аялал” интерактив хичээлийг бүтээж байгаа Марчаахайн уран бүтээлчид бид яг л энэ үнэ цэнийг зорин ажиллаж байна. Бид жил ирэх тусам контентынхоо чанарыг сайжруулахын зэрэгцээ цаг хугацаа хэмнэх шинэлэг шийдэл, боломжит аргуудыг эрэлхийлэн ажиллаж байна. Уншигч та “Цахим аялал” интерактив хичээлээр хүүхдүүдийнхээ сурах үйлийг дэмжээрэй.

Шинэ үеийнхний онцлог, сурах арга барилд нийцсэн “Цахим аялал” интерактив хичээл хэрхэн бүтээгддэгийг уншигч танд танилцууллаа.

 

Сэтгүүлч: Б.Мөнгөншүүдэр