Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн анхны жолоочгүй такси Сингапурт явж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт дэлхийн анхны жолоочгүй такси Сингапурт явж эхэллээ.

nuTonomy нэртэй стартапын боловсруулсан систем бүхий таксийг сонгогдсон тооны хэрэглэгчид гар утаснаасаа захиалах юм. Одоохондоо цөөн тооны хэрэглэгч дээр туршилтын журмаар эхэлж, зургаан такси ажиллуулж байгаа гэнэ. Оны эцсээр таксины тоог нэмэхээр төлөвлөжээ.

2018 онд тэд Сингапурын такси үйлчилгээг бүхэлд нь жолоочгүй болгон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой байна.

Үүнийхээ дараа дэлхийн бусад улс орнуудын зах зээлд нэвтрүүлэх тухайгаа nuTonomy компанийхан ярьжээ.

Одоогоор туршилтын үйлчилгээ Сингапурын 6.5 км.кв нутаг дэвсгэрт, хязгаарлагдмал тооны зогсоолоос эхэлж байна.

Үйлчилгээнд хамрагдахаар олон мянган Сингапурчууд бүртгүүлээд байгаа ба эхнээс нь алхам алхмаар эрхийг нь нээх юм. Автомат жолоодлоготой болгон өөрчилсөн Renault Zoe, Mitsubishi i-MiEV хоёр төрлийн машин үйлчилгээнд явж байгаа ба одоогоор жолооны ард хүн сууж ажиллагааг нь хянаж байгаа ажээ.

Машин бүрт Lidar нэртэй зургаан ширхэг мэдрэгч суулгасан нь яг радар шиг ажилладаг. Мөн хоёр камер тогтмол ажиллаж замын саад, зохицуулах гэрэл зэргийг ажигладаг байна.

Эцэстээ Сингапурын гудамжинд яваа 900,000 автомашиныг энэ таксины тусламжтайгаар 300,000 болгох зорилготой юм.

NuTonomy компани нь АНУ-ын Массачуссетс болон Сингапурт офистой, 50 ажилтан бүхий стартап. Үүсгэн байгуулагчид нь MIT (Массачуссетсийн Технологийн Их сургууль) төгсөгчид юм байна.

Эх сурвалж: ABCnews