Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Зардал бууруулснаар энэ онд 200 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2016 оны төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.  

-Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт МАН мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг зүйл хийж байна гэсэн шүүмжлэл дагуулж байна. 

-Нөхцөл байдал хүнд байна. Ардын нам УИХ-ын сонгуульд оролцохдоо иргэдийн дунд үүсээд байгаа орлого зарлагын зөрүүг арилгана гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцсон.

Харамсалтай нь нөхцөл байдал хэт хүнд байна. Манай Засгийн газрыг байгуулагдахаас өмнө урьдчилаад бүх зардлуудыг гаргасан учраас ийм өөрчлөлт хийхээр өөр аргагүй байна. 

Эдийн засгийн бүтэц маань өөрөө эргэж харахаас өөр аргагүй болчихсон, нийт иргэдийн маань хэрэглээ өндөр орлоготойгоо дүйхгүй болчихсон учраас эдийн засгийн бүтцийг цогцоор нь эргэж харах шаардлага гарч байна. 

Хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Түүний эхнийх нь энэ төсвийн бодлого юм

-Татвар нэмэх асуудалд нийгмийн зүгээс нэлээд шүүмжлэл гаргаж байгаа? 

-МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэсэн ч цөөхөн хэдэн татвар нэмэхээр тусгасан. Хувь хүний орлогын албан татвар дээр 2.5 саяас дээш цалин авдаг хүний 2.5 саяас дээшихэд нь татвар нэмэгдэнэ. Харин 2.5 саяас дооших хэмжээнийд ногдох татвар нь өмнөхөөрөө байна. Ийм хэмжээний цалин авдаг хүмүүс нь нийт цалин авч байгаа хүмүүсийн 0.1 хувь хүрэхгүй хэсэг юм. 

-Хүүхдийн 20 мянгыг нийтэд нь биш зорилтот бүлэгт олгохоор болсон мөн төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулсан зэрэг өөрчлөлтүүд багагүй шүүмжлэл дагуулж байна?

-Мэдээж ийм бухимдал байгаа. Гэхдээ ийм арга хэмжээ авахаар өөр аргагүй байна. Хүүхдийн мөнгийг 2019 оноос хүүхдүүддээ буцаагаад олгож эхэлнэ. Энэ хооронд бид сан байгуулах ажлыг судалж байна. Төсөв хүндрэлтэй байгаа хугацаанд бид хүүхдүүддээ данс нээгээд тэгээд боломжтой болохоороо буцааж өгнө гэсэн тооцоотой ажиллаж байна. 

-Энэ онд тэтгэвэрт гарсан ч 36 сарын тэтгэмжээ авч чадаагүй төрийн албан хаагчид байгаа юу? 

-Тийм хүмүүс тэтгэвэртээ гараагүй байгаа байх. Тэтгэмжийг нь олгох төсвийн бололцоо байхгүй учраас хүмүүсээ тэтгэвэрт нь гаргаагүй байгаа гэсэн судалгаа бий. 

-Ер нь нийт хэдий хэмжээний зарлага бууруулах тооцоо байна вэ? 

-Энэ оны тухайд тодотголоор их хэмжээний зардал бууруулж чадахгүй. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг бууж байгаа. Тодотгол батлагдаад хэрэгжиж эхлэх гэсээр байтал есдүгээр сар гарах бай. Тэгэхээр он дуустал ойролцоогоор гурван сарын хугацаа үлдэж байна. 

-Хүүхдийн мөнгө, тэтгэмжээс хасч байхаар дэд сайдуудын орон тоог байхгүй болговол илүү их хэмнэлт гарна гэсэн яриа байгаа. Энэ тал дээр таны байр суурь?

-Би бусад яамдын тухай хэлж мэдэхгүй байна. Яг ийм төсөв хүнд цаг үед манай яамны дэд сайд надтай цуг өглөө ажилдаа ирээд шөнө тарж байна. Сая л гэхэд би дэд сайдаа нэг хэлэлцээрт гадагшаа явуулчихаад байж байна.

Миний хувь дэд сайд хэрэгтэй байгаа.