Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос цөмийн цохилт өгөх чадалтай болсноо зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр хийсэн туршилтын үр дүнг “агуу амжилт, агуу ялалт” гэж үнэлээд өөрийн улсыг цөмийн цохилт өгөх бүрэн чадалтай боллоо гэж өнөөдөр зарлалаа.

Ингэснээрээ Хойд Солонгос “цөмийн иж бүрэн зэвсэглэлтэй орнуудын тэргүүн эгнээнд шилжлээ” гэж Ким Жон Ун мэдэгдсэнийг KCNA агентлаг мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын армийнхны мэдээллээр шумбагч онгоцноос харвасан туршилтын баллистик пуужин (SLBM-Submarine Launched Ballistic Missile) Японыг чиглэн 500 км зайнд туссан нь Пьёньяны дэглэмийн гаргасан хамгийн дээд амжилт гэнэ.

Их өнцгөөр харвасан тул 500 км зайнд хүрсэн ба хэрвээ хэвийн өнцгөөр харвавал 1,000 гаруй километр зайнд хүрнэ гэж тэд дүгнэжээ.

Энэ бүхэн Хойд Солонгос пуужингийн технологидоо дэвшил гаргасныг харуулж байгаа аж.

Өнгөрсөн Даваа гарагт Өмнөд Солонгос-АНУ хамтарсан цэргийн сургуулилалт эхэлсний хариуд Хойдууд ийм арга хэмжээ авсан юм. Өчигдрийн туршилт нь Хойд Солонгос 2015 оны тавдугаар сард анх удаа баллистик пуужин туршсанаас хойш зургаа дахь тохиолдол болж байна.

Энэ удаагийн туршилт амжилттай болсон нь Солонгосын хойгийн аюулгүй байдалд бас нэг шинэ асуудал үүсгэж байгаа юм. Учир нь шумбагч онгоцноос буюу усан дороос баллистик пуужин харвахыг цэргийн техникээр таньж мэдрэх нь тун хэцүү байдаг.

Үүнээс гадна тэдний пуужин онол ёсоор хаа ч хүрэх боломжтой болж байна. Ким Жон Уны зорилго бол АНУ-ын эх газарт цөмийн цохилт өгөх чадвартай болох юм.

Хойд Солонгосын дэглэм баллистик пуужингийн технологи хөгжүүлж байгаагийнхаа төлөө НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлөөс хориг арга хэмжээ авхуулаад байгаа билээ.

 

Эх сурвалж: Korea Times