Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эдүгээ цагийн ирээдүй

Г.Сайнзаяа, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 25
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Арван жилийн өмнө Заха Хадидын гаргасан нэг ч зураг төсөл барилгын зөвшөөрөл авч чаддаггүй байв. Харин одоо Лондон дахь Олимпийн усан спортын цогцолбор, Серпантин Саклерын үзэсгэлэнгээс эхлээд Бээжин, Баку гээд олон хотод түүний барилгууд хаа сайгүй харагдана.

Заха Хадид, түүний ааш авир нь айдас төрүүлэм. Гэхдээ хүндэлмээр. Тэр хөгжилтэй, илэн далангүй, сэтгэл хөдлөлөө ил гаргахаас эмээдэггүй.

Заха нэг удаа Франкфуртэд лекц тавихаар болсон юм. Түүний суусан онгоц байрнаасаа хөдөлсөн ч бяцхан доголдлын улмаас түр саатжээ. Нислэгийн багийнхан удаан саатахгүй хэмээн амлав. Гэвч Заха Хадид санал үл нийлэн өөр онгоцонд суухыг хүсжээ.

Түүний хүсэлтийг биелүүлэхийн тулд онгоц байр луугаа буцаж, ачаа тээшийг нь гаргах гээд ажиллагаа ихтэй тул үндсэндээ боломжгүй гэсэн үг. Тэрбээр хатуу шаардлага тавьсан юм. Онгоцны үйлчлэгч тайвшруулж, бодлыг нь өөрчлөхийг оролдсоор байлаа. Энэ үеэр түүнийг хэн болохыг таниад боломжгүй хүсэлтийг нь боломжтой болгожээ.Заха Хадидын тухай энэ мэт түүх маш олон бий.

Тэдгээрт ав адилхан хэдэн зүйл байдаг нь түүний хил хязгаарыг давах зориг, зорилгодоо тууштай байдал, ширүүн зан, албан шаардлагыг үл тоомсорлох, нийтлэг харилцааны эсрэг байр суурь зэрэг юм. Түүнчлэн зан чанар, авьяасаар хүртсэн нэр төр, нэр төрөөр хүртсэн ялалтыг нь орхигдуулж болохгүй.

Заха Хадидтай хамт ажиллаж асан зарим архитектор түүнийг дураараа дургигч хэмээдэг. Тэрчлэн бүтээлүүдийг нь ёргио, дарангуйлсан хэв маягтай гэдэг. “Заха Хадид өөрийнх нь барилга дотор байх ямар байдаг бол гэж хэзээ ч боддоггүй” гэх хүн ч байх.

Гэтэл нөгөө хэсэг нь түүнийг суут ухаантан, ардын баатар хэмээн өргөмжилнө. Энэ олон үнэлэмжийг түүний багш Рем Колхас базаж, маш егөөтэй хийгээд оновчтойгоор “Заха Хадид өөрийн давтагдашгүй тойрог замд байх нэгэн гараг” хэмээн тодорхойлжээ.

Дээр дурдсан бүхэн үнэн, өөр ч зүйлс бий. Тэрбээр өөрийн ажилтнууд, үйлчлүүлэгчид, барилгыг нь ашиглах хүмүүс гээд бүгдийг сорьдог.

Үгээр илэрхийлэмгүй санал тавьдаг. Гол зарчим нь энэ бүхнийг давж чадвал, би гайхамшигтай бүтээл хийж, та үүний нэг хэсэг нь болно гэдэг юм.

Зуун дамжих үед Заха Хонконгийн Виктория оргил дахь цогцолбор болон Кардиффын дуурийн театрын эрхийг авч олонд танигдсан. Тэрбээр Кардифф дахь хоёр ч дуурийн театр барих эрх авсан. Гэхдээ улстөрчид өөр компаниар дунд зэргийг төсөл хийлгэхийн тулд чадах бүхнийг хийж, хүссэнээ авчээ.

Харин одоо компани нь 400 гаруй ажилтантай, 44 орны 950 гаруй төсөл дээр ажиллаж байна. Аварга төслүүдээс нь нэрлэвэл, Хятадын Чанша, Братислав, Москвагийн тансаг зэрэглэлийн хотхон, Темза голын адагт Борис Жонсоны барих гэж буй нисэх онгоцны буудал зэрэг багтана.

Анхных нь барилга Герман, Швейцарын хилийн ойролцоох гал унтраах багийн барилгыг Vitra хэмээх тавилгын компанид засаж өгөх байв. Үүнийг маш амжилттай гүйцэтгэсэн нь нэр алдрын эхлэл байлаа.

Энэ намар түүний хоёр ч чухал төсөл, барилгын хэм хэмжүүрийн дээд төгсгөлд буусан бүтээлүүд ашиглалтад орно. Нэг нь Азербайжаны Баку дахь Хейдар Алиевын соёлын цогцолбор. Энэ бол Хадидын ертөнцөд бий болж, бодит ертөнцөд биеллээ олсон хамгийн гайхалтай барилга нь юм. Хоёр дахь нь Кенсингтоны цэцэрлэгт нээгдэх Серпантин Саклерын үзэсгэлэн.

1805 онд байгуулагдсан бууны дарины дэлгүүрийн өргөтгөл. Нийслэл Лондонд барьсан анхны бүтээл Серпантин Саклер биш. Брикстоны Эвелин Грейсийн академи хатагтай Хадидад 2011 онд Стирлингийн шагнал авчирсан. Мөн 2012 оны Зуны олимпийн усан спортын цогцолбор бол түүний авьяасын тод жишээ билээ.

Заха Хадидын компани богино хугацаанд нэр алдарт хүрсэн нь “барих боломжгүй” гэдэг үгийг үгсийн сангаас авч хаясантай холбоотой гэж ажиглагчид дүгнэдэг. Г эхдээ түүний барилга гайхалтайн хэрээр зардал ихтэй. Тиймээс баруунд мөнгөний хомсдол үүсэх үеэр газрын тос, байгалийн баялаг ихтэй орнууд Заха Хадидыг залж эхэлжээ.

Хуучны бүтээлүүд нь түлхүү Вольфсбург, Лейпциг, Страсбург, Цинциннати, Базель зэрэг хотод байв. Харин одоо Хятад, Орос, Азербайжан болон Саудын Арабад олонтаа харагдана. Мөн Ром хотын Максси музейн эрхийг 1998 онд авсан ч 2010 онд л ашиглалтад оржээ. Тус музейн эрхлэгч Пиппо Чиорра “Түүний гаргасан төсөл маш өндөр өртөгтэй байсан.

 

Гэвч бид түүнийг сонгосон нь маш зөв сонголт. Барилгын хэв загвар, хийц үнэхээр гайхалтай. Хүмүүсийн анхаарлыг их татдаг. Зарим уран бүтээлч энэ гайхалтай барилгад уран бүтээлээ дэлгэхээс анх ичдэг байсан” хэмээв.

Тэр бол од, гоц ухаантан, дэлхийн элитүүдийн хүрээллийн зүй ёсны гишүүн юм.

Өнгөрсөн хавар буюу 65 насандаа таалал төгссөн Заха Хадид салбарынхаа хамаг л лут шагналуудыг хүртсэн. Тэр бол од, гоц ухаантан, дэлхийн элитүүдийн хүрээллийн зүй ёсны гишүүн юм. Заха Хадид дийлэнх архитектортай харьцуулахад сэтгэл хөдлөл ихтэй, хөгжилтэй, хааяа хараал хэлчихдэг хэвлүүхэн эмэгтэй.

Тэрбээр оюутан ахуй наснаас эхлэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө таван хурууны хумсыг тамтартал, арван хурууг барагдтал ажиллажээ. Гэр бүл зохиогоогүй, хүүхэд төрүүлээгүй ч үүнд ажлаа буруутгаагүй. “Observer” сэтгүүлд 2008 онд өгсөн ярилцлагадаа Заха Хадид “Ажил, амьдралаа зохицуулах боломж надад байсан” хэмээжээ.

Заха Хадид Венецэд хоёр жилд нэг удаа болдог архитекторуудын арга хэмжээнд өмсөх гутлаа авчруулахын тулд туслахаа Лондоны гэр лүүгээ явуулжээ. Түүний эрхэмсэг оршихуйн тухай энэ мэт яриа олон бий.

Үнэн хэрэгтээ тэр их энгийн эмэгтэй. Тансаг өрөө биш, хуучин сургуулийн байранд компаниа байгуулж, хэдэн ширээн дунд насыг барсан хүн.

Заха Хадид архитектураараа дамжуулан барилгын гадаад болон дотоод харилцааг амь оруулдаг. Дуурийн театр, уран зургийн үзэсгэлэн байсан чиг л гудамж талбайтай туйлын холбоотой байдаг нь гайхалтай. Эртний хотыг ирээдүйтэй, хуучин байшинг шинэтэй, үзэгчдийг уран бүтээлчтэй тэр хэнээс ч айхгүйгээр хослуулж чадах эмэгтэй.

Хэсэг нь аль болох олон барилга бариулж авьяас, туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж байхад маш их чадвар шаардсан гайхалтай хэдхэн барилга барих нь дээр гэж маргадаг. Ямартай ч Хадид оршин буй цаг үеэсээ хол түрүүлсэн суут ухаантан.

Түүний өөрийн дотоод уран бүтээлч эго нь олон нийтийн хүсэл сонирхолтой үргэлж тэмцэлдсээр ирсэн. Магадгүй энэ л түүнийг сонирхолтой нэгэн мэт санагдуулдаг гэж салбарынхан нь үздэг.

Цагаан арьст эрчүүдийн дундах Араб эмэгтэй гэдгээрээ Заха Хадид олон хүнд урам хайрласан юм. 2012 онд Их Британийн вант улсын одонгоор шагнуулж, хатагтай цол авсан тэр дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй архитектор. Мөн Их Британийн архитекторуудын Рояль академийн алтан медаль, Прицкерийн шагнал хүртсэн анхны эмэгтэй.

Заха Хадид 1950 оны аравдугаар сарын 31-нд Иракийн Багдад хотын чинээлэг айлд төрсөн. Эцэг Мухаммад аль-Хажж Хусейн Хадид нь үйлдвэрийн эзэн байжээ. Тэрбээр 1932 онд аль-Ахали гэгч зүүнийг баримтлагч бүлгэм байгуулсан нь тухайн үедээ улс төрийн нөлөө бүхий хүчин байв.

Заха Хадид Бейрут дэх Америкийн их сургуульд математикч мэргэжлээр сурсан. Улмаар Лондонд очиж архитектор болох эхлэлээ тавьсан байна. Хатагтай 1979 онд Лондонд өөрийн компаниа “Zaha Had-id Architects” нэртэйгээр байгуулсан. Түүний ур чадвар зөвхөн байшин барилгаар хязгаарлагдахгүй.

Зохион бүтээсэн машин, гутал, усан онгоц, дотоод засал чимэглэлийн загварууд ч гайхалтай. “BMW” компанийн төлөөлөгч энэ талаар “Хатагтай Заха Хадид Лейпцигийн үйлдвэрийн төв байрны зураг төслийг гаргахдаа “Би үйлдвэрийн ирээдүйн шинэ төлөв, алсын харааг гэрчиллээ” гэж байсан. Бид түүнийг сонгосондоо үргэлж баяртай байдаг” гэв.

Цагаан арьст эрчүүдийн дундах Араб эмэгтэй гэдгээрээ Заха Хадид олон хүнд урам хайрласан юм.

“BBC” радиод өнгөрсөн хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа тэрбээр “Би бүтээн байгуулалтын нэг хэсэг ч биш, огт хамаагүй ч биш. Би ирмэг дээр нь тогтож ядан буй хүн. Гэхдээ би үүндээ дуртай. Би зүгээр л хийх ёстой зүйлээ л хийдэг” хэмээжээ. Амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Майамигийн эмнэлэгт бронхит өвчнөө эмчлүүлж өнгөрүүлжээ.

Их Британийн архитекторуудын Рояль академийн ерөнхийлөгч Жейн Данкэн “Хатагтай Заха Хадид жинхэнэ үлгэр дууриал болж чадсан. Түүний архитектурыг мөрөөдөж л чадахаар. Тийм залуу насандаа үлдээсэн өв хөрөнгө нь хэмжээлшгүй. Архитектурын салбар асар их гарз хохирол амслаа” гэв.

 

Стирлингийн шагналт архитектор Аманда Левет “Түүний өв залгамжлал олон жил дуурьсагдана. Тэр архитектурын урлагт тэсрэлт хийж, барилгын талаарх ойлголтыг өөрчилсөн. Тэр эмэгтэйчүүдийн хувьд гайхамшигтай үлгэрлэл. Аймшиггүй зүрх зоригтой, бүтээлүүд нь ч хувиршгүй. Зарим нэг ташаа ойлголтыг эс тооцвол хатагтай Заха Хадид цуу алдартан билээ” гэжээ.

Их Британийн Соёлын сайд асан Эд Вайзе Твиттертээ “Хатагтай Заха Хадид эдүгээ цагийн архитектурт том хувь нэмэр оруулсан” хэмээсэн. Харин Лондон хотын захирагч Борис Жонсон “Заха Хадидын таалал төгссөн явдалд гүнээ харамсаж байна. Түүний өвлүүлэн үлдээсэн бүхэн Стратфордод болон дэлхий дахинд дуурсагдах болно” гэв. 

Зураг