Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Тав хүртэлх насны хүүхдүүдийн 70 хувь нь нэгэн зэрэг дөрвөн зүйлээр ГАЧИГДАЖ байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран Гачигдлын олон хэмжээст давхацсан шинжилгээний аргачлалыг ашиглан хийсэн хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Судалгааны талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын хөтөлбөрийн ахлагч Н.Энхнасан "Энэ судалгааны нэг онцлог нь судалгаа хийж байгаа судлаачид маань өөрсдөө ямар нэгэн тоон мэдээ гаргадаггүй, Үндэсний статистикын хорооны эмхэтгэн гаргасан мэдээлэл дээр үндэслэн дүн шилжилгээ хийдэг юм.

Судалгааны гол зорилго нь Засгийн газарт орлогын ядуурлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэхээс гадна хүүхдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг хамт хэрэгжүүлээч ээ гэсэн санааг өгөхөд оршиж байгаа.
 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүүхдийн сан нь хүүхдийн ядуурал насанд хүрэгчдийнхээс онцлог ялгаатай байдаг гэж үздэг. Хүүхэд орлого олдоггүйгээс гадна өрхийн хэрэглээний талаар шийдвэр гаргахад оролцдоггүй тул хүүхдийн ядуурлыг тухайн өрхийн орлого, зарлагаар хэмжих нь учир дутагдалтай байдаг.  Тиймээс хүүхдийн ядуурлыг орлогоос бусад хэмжээс буюу гачигдлаар тодорхойлох шаардлагатай хэмээн үздэг.

Өрхийн орлогын ядуурлын түвшин хүүхдийн гачигдалд нөлөөлөх чухал хүчин зүйл болж байгаа. Өөрөөр хэлбэл, орлогын хувьд ядуу өрхийн хүүхдүүд давхацсан гачигдалд өртөх магадлал өндөр байдаг. Жишээ нь, хамгийн ядуу өрхөд амьдарч буй 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг дөрвөн гачигдалд өртөж байгаа бол 24-59 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг таван гачигдалд өртөж байна.

Мөн хүүхдүүдийг насаар нь ангилж гачигдаж буй зүйлийг нь тодрхойлсон байгаа. 0-5 насныхан, өсвөр насныханд хоёрын гачигдаж буй зүйлс нь өөр өөр. Тиймээс бүхэлд нь Монгол хүүхдүүдийн тэдэн хувь нь ийм юмаар дутагдаж байна гээд шууд хэлэх боломжгүй. 

Насны ангилалаар судалгааны үр дүнг харвал 0-5 насны 10 хүүхэд тутмын долоо нь буюу бараг 70 хувь нь дөрвөн зүйлээр гачигдаж байна. Үүнд, усан хангамж, ариун цэврийн байдал, орон сууцны байдал, хүнс тэжээл буюу хөхний сүүгээр хооллох байдлын гачигдал зонхилж байгаа" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Олон хэмжээст давхацсан шинжилгээний аргачлалаар хүүхдийн аж байдлыг тодорхойлохдоо хүүхдийн эрүүл мэнд өсч хөгжихөд амин чухал шаардлагатай нийгмийн үйлчилгээний хүртээмжийг харгалзан үздэг учир хүүхдэд тулгарч буй гачигдлууд өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой, давхацсан, олон төрлийн байдаг бөгөөд энэ нь хүүхэд, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдэд асар их сөрөг үр дагавартай болохыг харуулдгаараа ач холбогдолтой ажээ.

"Хүүхдийн хувьд ядуурал нь тэдний сэтгэл зүй, бие махбодь, оюун санааны хөгжилд таагүй орчин байдаг. Тиймээс хүүхдийн ядуурлын тухай ойлголтыг уламжлалт орлогын ядуурлаас хальж илүү өргөн хүрээтэй тодорхойлох нь чухал юм. 

Энэхүү дүн шинжилгээний үр дүнг Засгийн газар ядуурлыг бууруулах мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг дэх зорилт болох ядуурлын бүх хэлбэрийг, бүхий л газарт эцэс болгоход чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхдээ ашиглана гэж найдаж байна" хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Жюдит Бруно хэллээ.

Хүүхдийн ядуурлын энэхүү судалгаагаар хүүхдийн гачигдлын түвшин шинжилгээнд хамрагдсан бүхий л салбарт /эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, бага насны хүүхдийн хөгжил, усан хангамж, ариун цэврийн байгууламж, орон байр, хүүхэд хамгааллын/ харьцангуй өндөр байгааг харуулжээ.  Эдгээр гачигдлууд нь нэг хүүхдэд давхацсан байдлаар тохиохын хамт тухайн хүүхдийн өрхийн орлогын ядууралтай мөн уялдаатай болохыг нотолж байна.

Өрхийн орлогыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ нь ядуу биш боловч гачигдалд өртсөн хүүхдийн аж байдлыг дээшлүүлэхэд хангалттай бус байх магадлалтай хэмээн судалгааны багийнхан хэлж байлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn
Хүүхдийн орлогын болон олон хэмжээст ядуурлын тайлангаас хамгийн их анхаарал татах үр дүнгүүд:
    • 5-14 насны хүүхдийн 36.5%, 15-17 насны хүүхдийн 30.1% ядуурлын шугамаас доогуур амьдарч байна.
    • 5-14 настай болон 15-17 насны, ядуурлын шугамаас доогуур түвшинд амьдарч буй хүүхдийн сайжруулсан ундны усны эх үүсвэрийн хүртээмж ядуурлын шугамаас дээш түвшинд амьдарч буй хүүхэдтэй харьцуулахад 10-11 хувиар доогуур байна. 
    • Орлогын хувьд ядуу хүүхдүүд зөвхөн тодорхой салбарын түвшний гачигдалд өртөөд зогсохгүй ядуу бус хүүхдүүдээс илүүтэйгээр нэгээс илүү салбарын гачигдалд нэгэн зэрэг өртөх магадлалтай байна.
    • Гачигдлаар илэрхийлсэн хүүхдийн ядуурал нь ихэвчлэн сумын төв, хөдөө орон нутагт түүний дотор тус улсын баруун болон Хангайн бүс нутагт харьцангуй өндөр байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд нэг болон олон хэмжээст гачигдлын түвшин хамгийн бага хувьтай байна.
    • 5-14 болон 15-17 настай хүүхдүүдэд хийсэн олон хэмжээст гачигдлын шинжилгээ нь эхийн боловсролын түвшин доогуур, олон ам бүлтэй эсвэл малчин өрхийн хүүхдүүд гачигдлаар илэрхийлсэн ядууралд илүү өртөж байгааг харуулж байна. 
    • 0-23 сартай хүүхдийн 9.4% нь бага насны хүүхдийн хөгжлийн хувьд, 76.9% нь орон сууцны болон ариун цэврийн байгууламжийн хувьд гачигдсан, мөн энэ насны арван хүүхдийн нэг нь эцэг эхийн анхаарал дутагдсан, 10 хүүхэд тутмын наймаас илүү нь аюултай, эсвэл шаардлага хангаагүй орон байр, ариун цэврийн нөхцөлд амьдарч байна.
    • 0-23 сартай бүх хүүхдийн тэн хагасынх нь хоол хүнс зөвшөөрөгдсөн хоол тэжээлийн стандарт, шаардлагыг хангаагүй, зургаан сараас доош насны хүүхдэд хөхөөр дагнан хооллох зэрэг нярай болон бага насны хүүхдийг хооллох зөв дадал дутагдалтай хэвээр байна. Нийт хүүхдийн 13.9% нь илүүдэл жинтэй байгаа нь анхаарууштай асуудал юм.
    • Тав хүртэлх насны хүүхдийн хувьд хөдөө, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд сумын төв, аймгийн төв болон нийслэл хотод амьдарч байгаа хүүхдүүдтэй харьцуулахад бүхий л талаар гачигдалд илүү өртөж байгаа бөгөөд нэг хүүхдэд оногдох гачигдлын тоо харьцангуй өндөр байна.
    • Монгол Улсын хувьд 0-23 cap болон 24-59 сартай хүүхдийн 60-66 орчим хувь нь нэгэн зэрэг наад зах нь гурваас доошгүй гачигдалд өртөж байгаа.
    • Улаанбаатар хотоос бусад газарт аливаа хүүхэд нэгэн зэрэг 4-5 төрлийн гачигдалд орсон байх нь нийтлэг байна. Бага насны хүүхдийн хувьд давхацсан гачигдлын хамгийн түгээмэл хослол нь ус, эрүүл ахуй, орон байр, хоол тэжээлийн гачигдлууд.