Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд цагийн зөрүүгүй СПОРТООР АМЬСГАЛАХ он жилүүд айсуй

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Рио 2016 Зуны Олимпийн Наадам хаалтаа хийсний дараа Өвлийн Олимпийн эхлэх өдрийг 547-оос бууруулан тоолж эхэллээ.

2018 онд болох Өвлийн Олимпийн наадам нь Өмнөд Солонгосын Пьёнчан хотод болох юм. Энэ хот Улаанбаатартай цагийн зөрүү өвлийн улиралд ганцхан цаг байдаг тул бидний Монголчууд өвлийн спортын гайхамшгийг өргөн олноороо сонирхох боломжтой болж байгаа нь олзуурхууштай.

Зөвхөн энэ наадам биш, ирэх зургаан жилийн хугацаанд болох спортын томоохон үйл явдлууд манай бүс нутагт болохоор байгаа юм.

Тухайлбал 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ хойд хөрш Оросын хотуудад зохион байгуулагдахаар болоод байгаа. Төлөвлөгдсөн байгаа тоглолтын хуваарийг харвал хамгийн оройдоо шөнийн нэг цагаас Монголчууд бид зарим тоглолтыг үзнэ. Ихэнх нь шөнийн 12 цагаас өмнө болох нь үзэхэд тун тохиромжтой байна.

Орос улс уудам газар нутагтай тул хамгийн баруун зах нь Калининград хотод (Польшийн хилд), хамгийн зүүн зах нь Екатеринбург (Уралын бүсэд) хотод тэмцээнүүд болохоор төлөвлөгджээ.

Үүний дараа 2020 оны Токиогийн Зуны Олимпийн Наадам болно. Зуны улиралд болох тул Улаанбаатарын цагтай зөрүүгүй таарч байгаа нь сайхан боломж.

Токио 2020-ын дараа Өвлийн Олимпийн ээлжит наадам 2022 онд өмнөд хөрш Хятадын нийслэл Бээжин хотод болно.

Бээжин хот нь уул толгодгүй тэгш газарт оршдог тул ихэнх уралдаан тэмцээнүүд нь Цагаан хэрмийн ойролцоох Жаньзякоу (Монголчууд Жанчхүү гэдэг) хотод болох юм. Монголчуудын хувьд бас л цагийн зөрүүгүй наадам болохоос гадна биеэр очиж үзэхэд хамгийн ойр болж байгаагаар онцлог.

Энэ наадмыг зохион байгуулснаараа Бээжин хот нь Өвөл, Зуны олимпийг хоёуланг нь зохион байгуулсан дэлхийн анхны хот болж байгаа юм.

Ийнхүү 2002 онд Япон-Солонгос улсууд хамтран хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулахад, мөн 2008 онд Бээжингийн Зуны Олимпийн наадам болоход Монгол орон даяар спортоор амьсгалж байсан шиг цаг үеүд ирж байна.

Цагийн зөрүүгүй бүс нутагт тэмцээн болоход манай тамирчдын амжилт өндөр байх магадлалтай тул одооноос бэлдэж, төлөвлөж байгаад биеэр очиж үзэх хамгийн таатай боломж нээгдэж байгаа юм.