Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л. Мөнхзул: Өрхийн мэдээллийн санг шинэчлэх бэлтгэл ажил хангагдсан

М.Даваа, Монголын мэдээ
2016 оны 8 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Засгийн газар, түүний салбарын яамдаас нийт хүн амд чиглэсэн үйлчилгээ, тусламжийг зорилтот бүлэгт чиглүүлэх үндсэн шаардлагын дагуу Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь өрх, хүн амын мэдээлэлд үндэслэн зорилтот бүлгийг оновчтой сонгох механизмыг бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Тиймээс энэ асуудлын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзултай ярилцлаа.

-Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт олгох тухай асуудал яригдаж эхэлсэн. Энэ асуудлын талаарх ерөнхий мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлэх үү? 

-Монгол Улсын Засгийн газраас нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, улмаар тусламж шаардлагатай өрх, хүн амд чиглэсэн үйлчилгээг олон салбар (боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, барилга хот байгуулалт, дэд бүтэц, хөдөлмөр, хөдөө аж ахуй гэх мэт) нэг эх үүсвэр бүхий мэдээллийн санг ашиглан хүргэж, үйлчилгээ, тусламжийн давхардлыг арилгах, үйлчилгээний ил тод байдлыг хангах, улмаар тусламж шаардлагатай хүн амыг тусламжийн гадна үлдээхгүй байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү томоохон ажлын үндсэн суурь нь орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлж, өрхийн амьжиргааны төвшнөөр эрэмбэлсэн Өрхийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох явдал юм. 

-Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох аргачлалын талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох аргачлалыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын дарга хамтран баталдаг.

Бид энэ аргачлалыг гурав дахь удаагаа батлуулаад байна. Хамгийн сүүлд 2016 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хамтарсан тушаалаар батлуулсан. 

Өмнө нь 2010 болон 2013 онд батлуулж, улсын хэмжээнд өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааг зохион байгуулж, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд нийт өрхийн 90 орчим хувийг оруулсан байгаа. Харин өнгөрсөн тавдугаар сард батлагдсан аргачлалын дагуу ирэх намар мэдээлэл цуглуулалтыг хийж, мэдээллийн санг шинэчлэхээр бэлтгэл зохион байгуулалтыг хангаж байна. 

Аргачлалын хувьд өрхийн орлогын талаарх бүрэн мэдээлэл байхгүй манай улсын хувьд (тухайн өрхүүдийн талаарх ялангуяа эдийн засгийн чадавхыг үнэлэх мэдээллийн систем бүрэн хөгжөөгүй) тэдгээр мэдээллийг төлөөлж чадахуйц, өрхийн амьжиргаанд нөлөө үзүүлж байгаа бусад шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан амьжиргааных нь төвшинг тодорхойлох тухай ойлголт юм.

Шалгуурууд гэдэг маань тухайн өрхийн өдөр тутмын хэвийн хэмжээнд амьдралаа авч явахад нөлөөлж байдаг хүчин зүйлүүдийн тухай ойлголт юм. 

Тухайлбал, тухайн өрхөд амьдарч байгаа ам бүлийн гишүүдийн тоо, насны байдал, орон байрны нөхцөл, өрхийн сайн сайхан аж байдлыг бүрдүүлэхэд нөлөөлөх удаан эдэлгээт хогшил, өрхийн гишүүдийн ажил эрхлэлт, боловсролын төвшин зэрэг хүчин зүйлүүдийг шалгуур буюу хувьсагч үзүүлэлтүүд гэж энгийнээр ойлгож болно.

Тэгэхээр эдгээр шалгууруудыг тодорхой тоон утгаар төлөөлүүлж, амьжиргааны төвшинг тодорхойлдог, олон улсад хэрэглэгддэг тооцооллын арга зүй ашиглан өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлдог.

Энэ аргачлал нь өрхийн амьжиргааны төвшний хувьд ямар хэмжээнд байгааг тодорхойлж өгөхөөс гадна мэдээллийн санд тэдгээрийг амьжиргааны төвшнөөр эрэмбэлэн байршуулж, тэрхүү эрэмбэлсэн мэдээллээс тусламж шаардлагатай хүн амыг сонгож үйлчилгээ, хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой. 

-Та ярианыхаа эхэнд “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан” дахь мэдээлэлд үндэслэн зорилтот бүлгийг оновчтой сонгох механизмыг бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна” гэж хэлж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

 -“Өрхийн мэдээллийн нэгдсэн сан” дахь мэдээлэлд үндэслэн зорилтот бүлгийг оновчтой сонгох механизмыг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлууд хийгдэж байгаа.

Энэ хүрээнд 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Монгол Улсын Засгийн газрын 404 дүгээр тогтоолоор “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, удирдах журам”- ыг батлан тэрхүү журмын дагуу өрхийн мэдээллийн санд байршсан өрх, хүн амын мэдээллийг олон салбарт нэгэн зэрэг ашиглах боломж бий болсон. 

Хүн амын бодлого бол салбар хоорондын зохицуулалт шаардагддаг онцлогтой асуудал байдаг учраас энэхүү шаардлагад нийцүүлэн Засгийн газраас дээрх журамд заасны дагуу энэхүү мэдээллийн санг “Үндэсний дата” төвд байршуулан төрийн мэдээллийн цахим сүлжээ ашиглан олон салбарт ашиглах боломжийг бүрдүүлж байна. 

Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбар, барилга, эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд боловсрол, хууль эрх зүй гээд бүхий л салбарын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүрийн эцсийн үр дүн нь хүн амын асуудалтай холбогддог. 

Тиймээс тухайн салбарын бодлого хэрэгжилтийг хангахад төлөвлөлт, тооцоололд ашиглах, үйлчилгээ, хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлгийг мэдээллийн сангийн нэг эх үүсвэр ашиглан сонгож, үйлчилгээг хүргэх замаар нэг өрхөд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ, тусламжийн хүртээмжийг тодорхойлох боломж бүрдэх, улмаар тухайн үйлчилгээнүүдийг үзүүлэхэд зарцуулах хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэхээр байгаа юм. 

Дээрх байдлаар Засгийн газрын баталсан журмын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэгч, бодлогын хэрэгжилтийг хангуулж байгаа бүхий л төрийн байгууллагууд ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн.

-Одоогийн байдлаар бүх салбарууд өрхийн мэдээллийн нэгдсэн санг ашиглаж эхэлсэн үү. Яг аль салбарууд түлхүү хэрэглэж байна вэ. Мөн аль салбарт хэрэглэхэд илүү оновчтой байх бол? 

-Мэдээж манай салбарын хувьд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар учраас төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээ тусламжийг санаачлах, төлөвлөлт хийхэд түлхүү ашиглаж байна.

Мөн энэ мэдээллийн сангаас хамгийн бага хэрэглээтэй буюу бидний ярьж заншсанаар хамгийн “ядуу” хэсгийн хүн амд зориулсан хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх “Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ”, мөн Хүний хөгжил сангаас олгож байгаа Хүүхдийн мөнгөний хөтөлбөр, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох Бага хэрэглээтэй өрхийн гишүүдийг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнээс чөлөөлөх зэрэг үйлчилгээ, хөтөлбөрт ашиглаж байна.

Харин Хууль зүйн салбарт “Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ, Боловсролын салбарт “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай болон зорилтот бүлгийн хүүхдэд үзүүлэх сурах бичиг, хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ”, Барилга хот байгуулалтын яамны хувьд Хүн амыг орон сууцжуулах хөтөлбөрийн тооцоолол, тархаалтыг тодорхойлоход, Монголбанкны хувьд хүн амын амьжиргааны төвшинтэй уялдуулсан тооцоолол төлөвлөлт хийх, хүн амын амьжиргааны төвшний тархаалтад үндэслэсэн санхүү зээлийн оновчтой бодлого, хөтөлбөр санаачлахад зориулан энэхүү мэдээллийн сангийн хэрэглэгч болж мэдээллийн санг ашиглаж байна.

Цаашид бусад салбарууд тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн бодлого хөтөлбөрт хөдөлмөрийн салбар, эрчим хүчний салбарт бага хэрэглээтэй ядуу өрхийн эрчим хүчний төлбөрийн ангилал тогтооход, хөдөө аж ахуйн салбарт малчин өрх, иргэний асуудлаарх бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх зэргээр бүх чиглэлээр ашиглах боломж бүрдээд байгаа.

-Өрхийн мэдээллийн энэ санг хэн, хэрхэн шинэчилдэг вэ. Өрх, иргэн энэ санд бүртгэгдээгүй бол хэрхэн бүртгэгдэх вэ?

-Өрхийн мэдээллийн нэгдсэн санг хэн, хэрхэн хэзээ шинэчлэх талаар Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, удирдах журам”-д зааснаар байнга, тогтмол шинэчилж байх боломжийг бүрдүүлснээс гадна уг сангийн шинэчлэл, найдвартай байдлыг хангах зорилгоор бид салбарын хэмжээнд бүх аймаг, дүүргийн хэлтсүүдэд судалгаа хариуцсан мэргэжилтнүүд ажиллуулж, тодорхой бүтцийг бий болгосон байгаа. 

Мөн өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааны аргачлалыг улс орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан гурван жилд нэг удаа шинэчилдэг бөгөөд энэхүү шинэчилсэн аргачлалын дагуу мэдээллийн санг бүхэлд нь шинэчилдэг. 

Харин өрх, иргэний ирүүлсэн өргөдөл хүсэлт болон өрхийн бүтцэд гарсан өөрчлөлт, өрхийн шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн амьжиргааны төвшний өөрчлөлт гэх зэргээс хамааран өрхийн амьжиргааг дахин үнэлэх замаар мэдээллийн сангийн шинэчлэлийг байнга тогтмол хийж байна.

Харин цаашид бусад салбарууд зорилтот бүлгийн мэдээлэл авч ашигласан нөхцөлд тухайн үйлчилгээнд хамрагдсан өрх, иргэний мэдээллийн өөрчлөлтийг бүртгэх замаар байнгын шинэчлэлт хийх нөхцөл улам бүр сайжрах боломжтой байгаа болно. 

Харин өрх, иргэн уг мэдээллийн санд огт бүртгэгдээгүй байх нөхцөлд оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өргөдөл гарган тухайн өргөдөлд үндэслэн бэлтгэгдсэн судлаач, сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн нэг төлөөлөлтэй гэрт нь зочлон судалгаа авч аймаг, дүүрэгт байрлах өрхийн мэдээллийн сан руу мэдээллийг оруулснаар тухайн өрхийн мэдээлэл амьжиргааны төвшнөөр эрэмбэлэгдэн Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байршина. 

-Өрхийн шилжилт хөдөлгөөнөөс хамааран өрхийн амьжиргааны төвшинг үнэлдэг гэлээ. Шилжилт хөдөлгөөн ямар хамааралтай байдаг вэ? 

-Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааны мэдээллийн санг бүрдүүлэхэд ашиглаж байгаа аргачлалын дагуу өрхийн амьжиргааны төвшинг үнэлэхдээ бид хүн амын байршлаас хамаарсан тооцооллын ялгаатай загварууд ашигладаг гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, манай улсын өрх, хүн амын амьжиргааны төвшин, хэрэглээний байдал зэрэг нь амьдарч байгаа байршлаас хамааран өрхийн амьжиргаанд нөлөөлж байгаа шалгуурууд өөр өөр нөлөөлөл үзүүлдэг гэсэн үг. 

Жишээлбэл, хөдөө амьдарч байгаа малчин Батын амьдралд малтай байх, ачааны машинтай байх, гэрлийн цахилгаан үүсгүүртэй байх гэх зэрэг шалгуур үзүүлэлтүүд чухал байхад нийслэлд амьдарч байгаа багш Батын хувьд угаалгын машин, хөргөгч, компьютер амьдрах тав тухтай байдалд нь нөлөөлөхөөр шалгуур үзүүлэлт болдог байх жишээтэй. 

Тиймээс амьжиргаанд нь нөлөөлөл үзүүлж байгаа шалгууруудыг байршлаас хамааруулан ялгаатай байдлаар өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, батлагдсан аргачлалын дагуу ашиглаж байгаа тухайн асуулгын хуудсан дахь асуултууд аль байршилд асуулга авч байгаагаас хамааран өөр өөрөөр шалгуурууд ашиглагддаг гэсэн үг. 

Тиймээс хөдөө амьдарч байсан малчин Батынх аймгийн төв юм уу, нийслэлд шилжин ирэх эсвэл хотод амьдарч байсан багш Батынх хөдөө малчин болж шилжсэн нөхцөлд амьжиргааны төвшинг заавал дахин судлах шаардлагатай гэсэн үг. Одоогийн батлагдсан аргачлалаар бид нийслэл, аймгийн төв, сумын төв гэсэн загварын ялгаатай тооцоолол ашигладаг. 

-Хэрвээ мэдээллийн санд мэдээлэл нь ороогүй өрх байвал мэдээллийг нь хэрхэн оруулах вэ?

-Энэхүү мэдээллийн сангийн байнгын тогтвортой байдлыг хангах, өрх, иргэнээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу өрх судалгаанд хамрагдах, амьжиргааны төвшинг дахин үнэлүүлэх зэргээр мэдээллийн санг хэвийн ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулах үүрэг бүхий судалгаа хариуцсан, өрхийн мэдээллийн санг хариуцсан бие даасан ажилтнууд аймаг, дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдэд ажилладаг. 

Тэдгээр ажилтнуудын заавар, зөвлөмжийн дагуу сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтнүүд сум, хороонд өрхийн мэдээллийн сантай холбоотой санал, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч онлайн систем ашиглан хүсэлт гаргасан иргэний мэдээллийг оруулж, хүсэлтийн дагуу өрхийг судалгаанд хамруулж, амьжиргааны төвшинг үнэлүүлэх ажлыг гүйцэтгэдэг.

Тиймээс хэрвээ, өрх, иргэн судалгаанд хамрагдаагүй эсвэл дахин амьжиргааны төвшинг үнэлүүлэх хүсэлт гаргасан нөхцөлд сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах хэрэгтэй.

 

Зураг