Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Саори Ёшида алтан медаль авч чадаагүйдээ хөгжөөн дэмжигчдээс уучлал гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Рио 2016 наадмын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 53 кг жинд зодоглосон Японы алдарт бөх Саори Ёшида алтан медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Элен Мароулист ялагдаж мөнгөн медаль зүүлээ.

Ёшида багийн нөхөр Каори Ичогийн амжилтыг давтаж дөрвөн Олимп дараалан алтан медаль зүүх том зорилготой ирсэн боловч ийнхүү бүтсэнгүй.

33 настай тамирчин маань анх удаа Олимпийн дэвжээнд гарч байгаа АНУ-ын залуу бөх Мароулист 3-1 харьцаатай оноогоор ялагдсан юм.

Ялагдсандаа гутарч нулимс асгаруулж байсан Ёшида “Би хөгжөөн дэмжигч нартаа алтан медаль зүүж харуулахыг үнэхээр их хүсэж байлаа. Энэ зорилгоо биелүүлж чадаагүйдээ бүгдийн өмнө уучлал гуйж байна” гэжээ.

Тэр цааш нь “Өнгөрсөн дөрвөн жилд олон үйл явдал тохиолдож байсан ч би зодог тайлах тухай огт бодолгүйгээр зөвхөн Риод хэрхэн барилдахаа бодож байлаа. Би дөрөв дэх алтан медаль зүүхийн тулд бүхнээ зориулсан. Харамсалтай нь би энэ зорилгоо биелүүлж чадсангүй” гэсэн юм.

13 удаагийн дэлхийн аварга, Японы хамгийн алдартай тамирчдын нэг Ёшида харин 2020 оны Токиогийн Олимпийн наадамд барилдах эсэхээ хэлэхээс татгалзжээ.

Ёшида “Би 30 жил барилдаж, зөвхөн бөхийн спорт миний амьдралыг тодорхойлсон. Бөхийн ачаар би дөрвөн Олимпод оролцож, олон сайхан хүнтэй уулзаж, ихийг сурлаа. Энэ бүх өгсөн зүйлд би гүнээ талархаж явдаг” гэжээ.

Харин 24 настай Мароулисын медаль АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй бөхийн алтан медаль болж байгаа юм. Тэр ялсан даруйдаа Ёшидад хүндэтгэл үзүүлжээ.

Харин өчигдөр орой Ёшидагийн алдсан алтан медалийг 63 кг жингийн 21 настай, анх удаа олимпийн наадамд оролцсон Рисако Кавай нөхөн зүүж Япончуудыг баярлуулсан юм.

Тэрээр алтан медалийн төлөө барилдахаасаа өмнө Ёшидаг ялагдсаныг дуулаад маш их балмагдсан ч үүнд сэтгэл санаагаа үймүүлэлгүйгээр шийдэмгий барилдаж Беларусийн Мария Мамашукыг 3-0 харьцаагаар ялсан гэж хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Japan Times