Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Арван дөрөв дэх өдрийн АЛДАЛГҮЙ ҮЗЭХ таван төрөл

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 19
iKon.MN

ХӨНГӨН АТЛЕТИК

 

Өнөөдөр бид хөнгөн атлетикийн түүхэн дэх хамгийн агуу тамирчны олимпийн дэвжээн дэх сүүлийн уралдааны гэрч болж магадгүй. Риод 100, 200-д дараалан түрүүлж, олимпийн наадмаас 8 алтан медаль хүртчихсэн байгаа түүний хувьд багийн буухиа уралдаанд түрүүлж “төгс” төгсгөл хийх боломж байна.

Эмэгтэйчүүдийн 4х100 метрийн буухиа уралдаан ч өнөөдөр болох учир биднийг уйдаахгүй сонирхолтой гүйлтүүд гарах нь гарцаагүй. Урьдчилсан шатанд алдаа гаргаж хасагдах дөхсөн ч “гомдол” гарган ахиж уралдан алдаагаа зассан Америк болон Ямайкийн гүйгчдийн хооронд гол өрсөлдөөн өрнөнө.

Олон тамирчин нь допингийн асуудалд орооцолдсноос болж нэр хүнд нэлээн сэвтээд буй спорт алхааны төрлийн эрэгтэйчүүдийн төрлийн аваргууд тодорно. 

УСАН ПОЛО

 

Өнөөдөр усан пологийн эмэгтэйчүүдийн төрлийн аварга багийн нэр тодорхой болно. Эмэгтэйчүүдийн поло олимпийн хөтөлбөрт багтсан 2000 оны Сиднэйн олимпоос хойш үргэлж медаль хүртсээр ирсэн АНУ-ын баг Италитай финалд тоглох болно.

2012 оны Лондоны олимпийн аварга АНУ-ын баг энэ тоглолтонд гол фаворит байх учиртай. Гэхдээ 2004 оны Афины олимпийн аварга Италичууд өнгөрсөн жил дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, одоогоор нэг ч хожигдоогүй 5 хожчихсон байгааг мартаж болохгүй. Хүрлийн төлөө Унгар болон ОХУ-ын бүсгүйчүүд өрсөлдөх юм.

ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТ

 

Модерн пентатлон буюу орчин үеийн таван төрөлт 1912 оны Стокхольмийн олимпоос хойш наадмын хөтөлбөрт багтаж буй уламжлалтай спорт.

Туялзуур сэлэм, буудлага, усанд сэлэлт, гүйлт болон морин спортын төрөлд тамирчид оноо цуглуулан өрсөлддөг энэ спортын эмэгтэйчүүдийн төрлийн аваргууд өнөөдөр тодорно.

Олимпийн нээлтийн ёслолд бразилын төрийн далбааг барьсан Яне Маркуэс талбайн эздийн гол найдвар байх учиртай. Лондоноос хүрэл медаль хүртэж байсан тэрээр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай юм.

2012 оны олимпийн аварга Литвийн Л.Асадаускайте, 2015 оны дэлхийн аварга С.Ковач тэргүүтэй шилдэгүүд энд өрсөлдөж буй. Сүүлийн 7 дэлхийн аваргад 7 өөр аварга төрсөн тул хэн ч илүүрхэж, шуугиан тарьж магадгүй.

BMX ДУГУЙ

 

Бээжингийн олимпоос хойш олимпийн хөтөлбөрт багтах болсон бартаат замын дугуйн төрөл магадгүй үзэгчдийг хамгийн их огшоодог сонирхолтой төрлүүдийн нэг.

Өнөөдөр эрэгтэй болон эмэгтэй төрлийн аваргуудын нэр тодорно. Эрэгтэй ангилалд Бээжин, Лондонд дараалан түрүүлчихсэн “машин” хочит латвийн тамирчин Марис Стромбергсийг зогсоох нь бусад бүх тамирчдын гол даалгавар.

Түүний гол өрсөлдөгчид нь 2015 оны дэлхийн аварга, чансааны №3 Нидерландын Нилс Киеманн болон АНУ-ын тамирчин, дэлхийн цувралын №1 Ник Лонг нар байх болно.

Эмэгтэй төрөлд BMX-ийн хатан хаан гэгддэг Колумбын Мариано Пахон олимпийн аварга цолоо хамгаалахаар Риод ирсэн. Гэхдээ дэлхийн чансааг тэргүүлж буй, дэлхийн аварга Австралийн Каролин Буханан түрүүлэх гол магадлалтайд тооцогдож байна. 

ХӨЛБӨМБӨГ

 

Олимпод оролцох эрхээ хамгийн сүүлд авсан Шведийн шигшээ баг хэсгээсээ 3-р байраар арайхийн шалгарсан ч АНУ болон Бразилын хүчирхэг багуудыг ээлж дараалан торгуулийн цохилтоор хожиж финалд үлдсэн нь энэ тэмцээний хамгийн том шуугиан болоод байна.

Өмнөх олимпийн аварга АНУ-г хожсоны дараа талбайн эздийг хэсэгтээ 5:1-ээр бут ниргэсэн зөөлөн учраатайгаа ахиад таарлаа гэж байсан ч Шведийн бүсгүйчүүд тэдэнд хариу барьж чадсан.

Энэ тэмцээнд хийсэн 5 тоглолтынхоо ердөө ганцад нь л гоол алдсан тэдний өрсөлдөгч нь дэлхийн хошой аварга Германы баг байх болно. Германчууд хэсэгтээ бас л тийм сайнгүй харагдаж байсан ч БНХАУ, Канадын багуудыг дараалан ялсаар энэ шатанд ирээд байна.

Олимпоос гурван удаа хүрэл медаль хүртсэн тэд энэ тэмцээний дараа ажлаа өгөх дасгалжуулагч С.Нэйдээ алтан медальтайгаар үдэх хүсэлтэй байгаа нь гарцаагүй.