Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"ЕБС-ын орчимд эргүүлийн тоог нэмж, сурагчдад цацруулагчтай ханцуйвч тараана"

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Замын Цагдаагийн Газрын УСОНХХ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяртай бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар ярилцлаа.

- ЗЦГ-аас "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал" нэртэй арга хэмжээг зохион байгуулж байгаа. Арга хэмжээний үр дүн ямар байна вэ?

- Замын Цагдаагийн Газраас долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 25-ны хооронд "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал" арга хэмжээг зохион байгуулж байна. Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх, гэмтэж бэртэх, амь насаа алдах тохиолдол жилээс жилд өссөөр байгааг статистик мэдээллээс харж болно. 

 Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдсээр байна.

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээрийн осол, жолоочийн зөрчил, гэмт хэргийн дуудлага гээд бүгд буурсан үзүүлэлттэй байгаа хэрнээ ганцхан бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдсээр байна. Тиймээс хичээлийн шинэ жилийг угтаж "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал" арга хэмжээг зохион байгуулж байна.

- Хичээлийн шинэ жил эхлэхээр явган зорчиж байсан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг. Үүнээс урьдчилан сэргийлж ямар ажлууд зохион байгуулах вэ?

- Хичээлийн шинэ жилийг угтаад олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал замтай ойр байдаг Ерөнхий Боловсролын Сургуулиудын ойр орчмын зорчих хэсгийг тохижуулах ажил эхлээд явж байна.

Намар, өвөл эрт харанхуй болдог учраас цацруулагчтай цүнхны уут аяныг хэрэгжүүлж байсан. Энэ жилээс цүнхний уутнаас гадна цацруулагчтай ханцуйвч тараах ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байгаа.

Мөн "School police" төсөл үргэлжлэн хэрэгжинэ. Өмнө нь өдөрт хоёр хүн эргүүлд гарч сургууль орчмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр ажилладаг байсан бол энэ жилээс эргүүлийн тоог дөрөв болгож байгаа. Эргүүлүүдийн хоёр нь сургууль орчмоор хөдөлгөөнт эргүүл хийж, хоёр нь хүүхдүүдийн зам гардаг хэсэг дээр байрлаж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход нь туслах ажлыг хийнэ.

- Шинэ оюутнуудыг замын хөдөлгөөний дүрмийн сургалтад хамруулдаг байх аа?

- Есдүгээр сарын 1-н гээд хөдөө орон нутгаас оюутнууд олноороо хотод орж ирдэг. Хөдөө орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдал Улаанбаатар хотынхтой харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай. Орон нутгаас  ирсэн зарим нэг оюутнууд маань бие дааж замын хөдөлгөөнд оролцох үедээ хаа хамаагүй газраар зам хөндлөн гарч яваад осолд орж, гэмтэж бэртэх тохиолдол байдаг. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмагтай шууд холбоотой.

Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Их хотын соёл"  сургалтыг энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өмнөх хоёр жил зөвхөн ШУТИС-ийн шинэ оюутнуудыг сургалтад хамруулж байсан бол энэ жилээс бүх их, дээд сургуулиудын нэгдүгээр курсийн оюутнуудыг хамруулахаар болоод байна.