Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлийн шинэ жилд бэлэн үү?

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 19
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ хичээлийн жилийн анхны хонх дуугарахад ердөө 16 хоног үлджээ. Олимп руу хараа бэлчээхийн хажуугаар эцэг, эхчүүд хичээлийн бэлтгэл хангах их ажилдаа орж байна. 

Бид хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханшийн талаар Дүнжингарав худалдааны төвөөс сурвалжиллаа. Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний газар нээгдсэн болоод ч тэр үү тус худалдааны төв үүднийхээ зогсоолоос эхлээд л хөл хөдөлгөөнтэй байна.

Нэг хүүхдийн хичээлийн бэлтгэл хангахад багаар бодоход 500 мянган төгрөг зарцуулах тооцоо гарч байна. Гурван хүүхдийн хичээлийн бэлтгэлийг базаахад хоёр сая орчим төгрөг орох байх аа.

Манай бага хүү 18 дугаар сургуульд сурдаг юм. Өнгөрсөн жилүүдэд сургуулиас нь нэгдсэн журмаар дүрэмт хувцсаар хангадаг байлаа. Гэтэл энэ жил дүрэмт хувцасныхаа загварыг сольж байгаа.

Бусад сургуулиудын өмсдөгтэй ижил хувцсаар жигдэрнэ гэсэн. Уг нь 18 дугаар сургуулийн хүүхдүүдийн өмсдөг хувцас усан цэргийн форм шиг гоё загвартай байсан юм. 

Сурагчийн дүрэмт хувцсаа өөрчлөх болсон тул худалдаж авахаар явж байгаа нь энэ. 

Сурагчийн дүрэмт хувцсаа өөрчлөх болсон тул худалдаж авахаар явж байгаа нь энэ. Хятадаас оруулж ирснийг авна гэвэл 30 мянган төгрөгөөр хямд байна. Харин Монголд үйлдвэрлэсэн нь 80 мянган төгрөг болох нь.

“Өэлүн менч”, “Төмөр трейд” компанийн хувцас 70, 80 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг, хоёр жилийн эдэлгээ даахаар бол урд хөршөөс оруулж ирсэн хувцас аваад өгчихдөг ч юм уу гэсэн бодолтой л явна” гэлээ.

Дүнжингарав худалдааны төвийн урд хэсгээр хичээлийн хэрэгсэл борлуулж буй лангуугаар орж ханшийг нь сонирхлоо. Дэвтэр 12 хуудастай нь 200, 24 хуудастай нь 300, 32 хуудастай нь 400, 48 хуудастай нь 500, 60 хуудастай нь 600 төгрөг хэмээн хуудасныхаа тооноос хамаарч үнэ нь өсч байв.

Харин үзгэн бал, 500 төгрөгийн үнэтэй байлаа. “Улаанбаатар принт” компанийн үйлдвэрлэсэн дэвтэр Польшийнхоос хямд харагдсан. Полын дэвтэр зузаан, нимгэнээсээ шалтгаалаад 140-2,200 төгрөгийн ханштай байна.

Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдэд зориулсан өнгийн харандаа чанараасаа хамаараад 1,500-5,000 төгрөг, цавуу 300-1,000 төгрөгөөр зарагдаж байна.

Бид сурагчийн дүрэмт хувцас худалдаж буй цэгүүдээр орлоо. “Өэлүн менч” компани хоёр ч лангуу эзлэн сурагчийн дүрэмт хувцас борлуулж байгаа аж. Мөн л хүүхдийн насны онцлогоос хамаараад үнэ нь 50,000-108,000 төгрөг байна билээ. Цагаан цамц худалдаж авахаар баримт бичүүлж зогссон ахимаг насны, махлаг эмэгтэйтэй уулзлаа. 

Тэрбээр “Энэ компанийн үйлдвэрлэдэг дүрэмт хувцас чанартай байдаг юм. Өнгөрсөн жил 2,500 төгрөгийн үнэтэй байсан зангиа 5000 болсон харагдлаа. Тэгэхээр үнэ нь нэмэгдсэн юм шиг байна” гэлээ. Гэтэл хажуугаас худалдагч бүсгүй ярианд оролцож “Манай компанийн бараа үнэ нэмэгдээгүй. Өнгөрсөн жил борлуулж байсан ханшаараа л байгаа” гэж тайлбар хийв.

“Өэлүн менч”-ийн лангуунаас холгүйхэн өөр нэгэн загварын дүрэмт хувцас харагдсан нь “Их шаглаа” компанийнх аж. Тэнд бага ангийн хүүхдийн дүрэмт хувцсыг 45,000-50,000, дунд ангийнх 55,000, ахлах ангийн хүүхдийнх 70,000-85,000 төгрөгөөр худалдаж байна.

“Төмөр трейд” компанийн хувцас 45,000-105,000 төгрөгийн ханштай байна. Тус компанийн борлуулагч “Энэ жил сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй. Цамц, зангиа гээд цогцоор нь худалдаж авбал дунд ангийн хүүхдийнх 105,000 төгрөг болж байгаа. 

Харин цамц, зангиаг тусад нь авбал арай хямд тусна. Материалын хувьд чанартай даавуугаар үйлдвэрлэсэн болохоор бөөсөрдөггүй” гэлээ. Тус компанийн худалдааны цэгийн хажуугийн лангуу ханаараа дүүрэн цүнх өлгөсөн харагдав. ОХУ-аас оруулж ирсэн цүнх гэнэ. Нэг нь 90 мянган төгрөгийн үнэтэй гэж худалдагч залуу товчхон мэдээлэл өглөө. 

Сүүлийн үед хүүхдийн нуруунд суулт өгдөггүй эрүүл мэндийн стандартад нийцсэн цүнх үйлдвэрлэдэг болсон талаар ч нэгэн худалдагч залуу хэлж байлаа. Харин урд хөршийн үйлдвэрийн цүнх үнэ нь харьцангуй хямд байв. Чанараасаа хамаараад 15-45 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. 

Б.Гантулга: Цэцэрлэгийн насны 305,744 хүүхэд бий

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас цэцэрлэгийн бэлтгэл болон хүүхэд харах үйлчилгээний талаар тодрууллаа.

-Шинэ хичээлийн жилд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж ямар байх вэ?

-Тооцоолсноор бол энэ жил улсын хэмжээнд шинээр 38 цэцэрлэг ашиглалтад орно. Улсын хэмжээнд 305,744 хүүхэд цэцэрлэгт хамрагдах судалгаа гаргасан. Хичээлийн бэлтгэлийн талаар долоо хоног бүр тайлан гаргаж байхаар болсон.

Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг түргэвчлүүлэх үүрэг даалгавар өгөөд байгаа.

Цэцэрлэгийн багш нарын хүрэлцээ энэ жил 98 хувьд хүрсэн. Хөдөө орон нутагт шилжилт хөдөлгөөнөөс болоод багшийн орон тоо гарч магадгүй. Үүнийг цаг тухайд нь зохицуулна.

-Хүүхэд харах үйлчилгээ явуулах эрхийг хэчнээн байгууллагад олгосон бэ?

-Энэ их сонин асуудал болоод байна. Хуулийн дагуу бол хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамаарч байгаа. Сургуулийн өмнөх хүүхдийн боловсрол хүмүүжилтэй холбоотой гэдэг утгаараа манай бага боловсролын газрын мэргэжилтнүүдийн оролцоо бас бий. 

Хуулийг нь санаачилж батлуулсан багийн гишүүний хувьд би мэдээлэл өгье. Энэ жил 2,269 иргэнийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сургалтад хамруулсан. Нийт 853 байгууллага хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл аваад байна.

Эдгээр төв 1,883 иргэнийг ажлын байраар хангахаар болж байгаа.

Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд 5,223 хүүхдийг хамруулах тооцоо гаргасан. 

Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд 5,223 хүүхдийг хамруулах тооцоо гаргасан.

Энэ ажилд 10.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн юм. Одоогоор сургалт, бэлтгэл ажил гээд 1.5 тэрбум төгрөг зарцуулчихаад байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 294 хүүхэд бий. Тэднийг бас Хүүхэд харах үйлчилгээний төвөөр асруулна.

Зургаан настнууд, цэцэрлэгийн хүүхдийг ирэх даваа гарагт бүртгүүлнэ

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалын дагуу хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-нд явуулахаар болсон.

Тодруулбал, ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн хүүхдүүдийг бүртгэж эхэлнэ. Гэтэл зарим цэцэрлэгийн гадаа эцэг эхчүүд дугаарлаж эхэлсэн тул ийн зорьж очсон хүмүүсийн хүүхдийг бүртгэхээр болжээ. 

Өнгөрсөн жил "азын сугалаа" болсон цэцэрлэгийн бүртгэлийг энэ жил эмх цэгцтэй хүртээмжтэй байлгахыг НБГ-аас анхааруулсан байна.

Салбарын сайд болон хотын даргын энэ сарын 1-нд гаргасан албан даалгаварт сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг ил тод нээлттэй, эцэг эхчүүдийг оролцуулж, хамран сургах тойргийнхоо хүрээнд шударга зохион байгуулахыг бүртгэлийн комиссынхонд үүрэг болгожээ. Мөн хандив авахыг хориглосон байна.

Урсгал засварыг хичээл эхлэхээс өмнө дуусгахыг сануулав

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн төвийн зургаан дүүргийн сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явц болон бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар танилцжээ. Ингээд зарим сургуулийн засварын ажлыг хичээл эхлэхээс өмнө дуусгахыг сануулаад байгаа аж.


ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНЭ ХАНШИЙГ СОНИРХУУЛЪЯ.

Польш дэвтэр

12 хуудастай-200 төгрөг 24 хуудастай-280 төгрөг 32 хуудастай-1,200 төгрөг 48 хуудастай-1,500 төгрөг 60 хуудастай-1,800 төгрөг 96 хуудастай-2,200 төгрөг

“Улаанбаатар принт”-ийн дэвтэр

12 хуудастай-180 төгрөг 24 хуудастай-350 төгрөг 32 хуудастай-450 төгрөг 48 хуудастай-590 төгрөг

“Өэлүн менч” компанийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас

Бага анги (1-5 дугаар анги)

Эрэгтэй багцын үнэ 81,300 Эмэгтэй багцын үнэ 59,500 Хүрэм, өмд-62,800 төгрөг Харафан 41,000 төгрөг Цамц

-16,000 төгрөг Зангиа-2,500 төгрөг

Дунд анги (6-9 дүгээр анги)

Эрэгтэй багцын үнэ 100,300 Эмэгтэй багцын үнэ 97,500 Хүрэм, өмд-78,800 төгрөг Жакет, юбка-76,000 төгрөг

Цамц-18,000 төгрөг Зангиа -3,500 төгрөг

Ахлах анги (10-12 дугаар анги)

Эрэгтэй багцын үнэ 133,600 Эмэгтэй багцын үнэ 123,700

Хүрэм, өмд-108,600 төгрөг Жакет, юбка-98,700 төгрөг Цамц -20,000 төгрөг Зангиа-5,000 төгрөг

“Төмөр трейд” компанийн сурагчийн дүрэмт хувцасны ханш

Бага анги

Охид сарафан 41,000- төгрөг Хөвгүүдийн хүрэм-37,800 төгрөг

Цамц-14,500 төгрөг Өмд-25,200 төгрөг Жакет -45,600 төгрөг Цамц-16,500 төгрөг Багцын үнэ 76,000 төгрөг Хослол- 63,000 төгрөг

Дунд анги

Жакет -45,600 төгрөг Хүрэм-47,500 төгрөг Юбка -30,400 төгрөг Өмд-31,600 төгрөг Цамц-16,500 төгрөг Багцын үнэ 76,000 төгрөг

Ахлах анги

Охид пиджак-39,600 төгрөг Хөвгүүд пиджак- 65,400 төгрөг

Юбка-19,400 төгрөг Өмд-43,600 төгрөг Цамц-16,500 төгрөг


-Албаны хүний үг-

Нийслэлд 24 сургууль гурван ээлжээр хичээллэдэг

БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгтэй сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Энэ жил хэдэн хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох вэ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Улсын хэмжээнд 2016-2017 онд нэгдүгээр ангид 69,100 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 7.7 хувиар өссөн тоо. Эдгээрээс 94.4 хувь нь төрийн, 5.4 хувь нь хувийн өмчийн сургуульд элсэх юм. 

Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хотод 27,629 хүүхэд нэгдүгээр ангид орно. 

Улсын хэмжээнд анги танхим бүрэн хүрэлцээтэй. Харин хүн амын шилжилт хөдөлгөөн, төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд ачаалал ихтэй байдаг.

Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хотод 27,629 хүүхэд нэгдүгээр ангид орно. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зарим сургуулийн бүлэг дүүргэлт өндөр байна. Гэхдээ зургаан настнууд анги, танхимын хүрэлцээнээс болж сургуулийн гадна үлдэх асуудал байхгүй.

-Сурах бичгийн хүрэлцээ хэр байгаа вэ. Үнэ нь өөрчлөгдөх үү?

-Нэгдүгээр ангийн хүүхэд бүрт сурах бичгийг төрөөс үнэгүй эзэмшүүлж байгаа. Энэ онд бага ангид хэрэглэх бүх сурах бичгүүдийг хэвлээд сургуулиудад үнэгүй тараасан.

Харин зургаагаас есдүгээр ангийн сурах бичгийн 40 орчим хувийг төрөөс хангаж, үлдсэнийг нь сурагчид худалдаж авдаг. Үнэ нь өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн жилийн жишгээр буюу 1,400-4,000 төгрөгийн үнэтэй байгаа.

-Жил бүр сурагчдын дүрэмт хувцасны чанарын асуудал сөхөгддөг. Үүнд яамны зүгээс ямар хяналт тавьж байна?

-ЕБС-ийн сурагчид нэгдсэн загвартай дүрэмт хувцас өмсөх хуулийн зохицуулалт 2012 оноос хойш хэрэгжиж байгаа. Дүрэмт хувцасны үнийг тогтоох, үйлдвэрлэгчийг сонгох, зах зээлийг хуваарилах ажлыг БСШУСЯ эрхэлдэггүй. Стандартын дагуу оёх боломжтой бүх үндэсний үйлдвэрлэгчид сургуулиудтай тохиролцдог, зарим нь зах зээлд борлуулдаг. 

Тодруулбал, дүрэмт хувцсыг оёход ямар нэг сонгон шалгаруулалт зарладаггүй. Тиймээс материалын чанар, үнэ нь зах зээлийн зарчмаар зохицуулагддаг. Үнийн ямар нэг жишиг байдаггүй.

Дүрэмт хувцасны хангалтын хувьд өнгөрсөн онд бага ангид 78.1 хувь, дунд ангид 56 хувь, ахлах ангид 49 хувьтай байсан. Энэ бол улсын хэмжээний тоо. Харин нийслэлд дүрэмт хувцасны жигдрэлт бага ангид 100 хувьтай, дунд болон ахлах ангид 91 орчим хувьтай байсан.

-Гурван ээлжээр хичээллэдэг сургууль нийслэлд олон байна. Энэ байдал хэзээ засрах вэ?

- Гурван ээлжээр хичээллэж байгаа 24 сургууль бий. Баянгол дүүргийн 73-р сургууль, Сүхбаатар дүүргийн 71-р сургууль, Хан-Уул дүүргийн 115 болон 52-р сургууль гурван ээлжтэй.

Мөн Сонгинохайрханд долоо, Баянзүрх дүүрэгт найман сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Зарим сургуулийн үндсэн барилга нь актлагдсан, шинээр барьж байгаа тул ээлж нэмэхээс өөр арга байхгүй.

-Тэгвэл шинээр ашиглалтад орж байгаа сургууль бий юу?

-Яг есдүгээр сарын 1-нд хүүхэд хүлээж авах шинэ сургууль байхгүй. 2016 ондоо багтаж ашиглалтад орох 92 сургуулийн барилгын ажил явагдаж байна. Үүнд нийт 5,412 хүүхэд суралцах багтаамжтай. Мөн 7,800 ортой 14,040 суудал бүхий 78 цэцэрлэг, сургуулийн цогцолборын хөрөнгийн асуудал шийдэгдсэн. Гэхдээ барилгын ажил нь хараахан эхлээгүй. Үүнээс гадна 2,460 ортой 20 дотуур байр, 10 спорт заалтын барилгын ажил 2016 онд амжиж дуусна.

Улаанбаатар хотын хувьд 2,560 хүүхдийн суудалтай зургаан сургууль, таван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ондоо багтаж ашиглалтад орно.

-Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд хонож дугаарладаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд арга хэмжээ авч байгаа юу?

-Цэцэрлэгийн элсэлтийг ил тод, нээлттэй байлгах тал дээр онцгой анхаарч байна. Наймдугаар сарны 22-нд цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Ямар ч байсан иргэдийг чирэгдэлгүй, хүнд сурталгүйгээр бүртгэх, хууль бус хураамж авахыг хориглох гэх зэргээр зохион байгуулж байна. 

Эцэг эхчүүд хонож өнжих шаардлага байхгүй. Бүртгэлийн талаарх мэдээллийг нээлттэй, тодорхой байлгана. Өмнө нь цэцэрлэгийн эрхлэгч, багш нар өөрсдөө бүртгэж шийдвэр гаргадаг байсан. Тэгвэл энэ жилээс хорооны нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл, багш нараас бүрдсэн комисс гаргаж байгаа. Ингэснээр тойргийн биш хүүхдийг авах зэрэгт хяналт тавих боломжтой болж байна.

Мөн хүүхэд авахад тодорхой хязгаартай учраас аль болох цэцэрлэгт зайлшгүй явах шаардлагатай хүүхдүүдийг бүртгэх үүрэг өгсөн. Тухайлбал, бага насны олон хүүхэдтэй өрхийн нэг хүүхдийг заавал авна. Мөн өрх толгойлсон эцэг, эхчүүдэд ажил хийх боломж олгож, хүүхдийг нь цэцэрлэгт зайлшгүй авахаар болсон. Бүртгэлийн комисст нь хорооны нийгмийн ажилтан байгаа учраас ийм хүүхдүүдийг ялгахад хүндрэл багатай.

-Энэ жил шинээр хэдэн цэцэрлэг баригдаж байгаа вэ?

-2016 онд ашиглах цэцэрлэгүүдийг аль болох эрт ашиглалтад оруулах тал дээр анхаарч байна. Улаанбаатар хотод 2016 онд нийт 3,350 хүүхдийн ортой 21 цэцэрлэг болон таван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орох ёстой. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 3,850 хүүхдийн орон тоо нэмэгдэнэ.

Бид шинэ, хуучин бүх цэцэрлэгийн дотоод нөөц бололцоог ашиглахыг зорьж байгаа. Жишээ нь, шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборууд нь зураг төслийн дагуу 500 хүүхдийн ортой. Тиймээс тус бүрт нь 25 хүүхэдтэй нэг бүлэг нэмснээр нийт 100 хүүхдийн орон тоо гарч байгаа юм. Сонсоход бага тоо ч цаанаа нэг цэцэрлэгийн барилга барих 2.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

Үүнээс гадна хувийн цэцэрлэгүүдийн сул орон тоог ашиглах талаар судалж байна. Урьдчилсан байдлаар 57 цэцэрлэгийн 187 бүлэгт нийт 2,136 хүүхэд нэмж сургах боломжтой гэсэн судалгаа гарсан. Нийслэлийн хувийн цэцэрлэгүүд 20-80 хүртэлх хувийн ашиглалттай байдаг. Цаана нь 20-80 хувийн сул орон тоо байгаа гэсэн үг. Тиймд хувийн цэцэрлэгүүдэд нэг хүүхдэд олгодог хувьсах зардлыг нь төрөөс өгөхөөр судалж байна.

-Эцэг эхчүүд ямар нэг төлбөр төлөх үү?

-Төрөөс зардлыг нь гаргаж байгаа болохоор ямар нэг төлбөр төлөхгүй. Гэхдээ энэ ажлыг одоогоор зөвхөн судалж, бодлогын хүрээнд ярьж байна.

-Шинээр зөвшөөрөл авсан хэдэн хувийн цэцэрлэг байгаа вэ?

- Шинээр зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа нь эхлээгүй 44 хувийн цэцэрлэг Улаанбаатарт бий. Эдгээрийг есдүгээр сарын 1-нээс тогтвортой ажиллаж эхлэхэд яамнаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна. 

Ингэснээр 2,225 хүүхдийн орон тоо нэмэгдэнэ. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагууд эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд зөвшөөрлийг нь аль болох түргэн олгоход анхаарч байгаа.

Зураг