Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаантай шүүлтүүдийн дараа AIBA зарим шүүгч нараа Риогоос хөөжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Рио 2016 Олимпийн наадмын боксын тэмцээнийг шүүж байгаа зарим шүүгч нарыг энэ удаагийн тэмцээнээс хөөсөн тухай AIBA буюу Олон Улсын Боксын Холбоо өчигдөр мэдэгджээ.

Харин тэдгээр шүүгч нарын нэр ус, аль тоглолтыг шүүсэн зэрэг мэдээллийг нууцлахаар болсон байна. Үүнийгээ тэд шүүгчдийн болон тэдний гэр бүлийн аюулгүй байдлыг хангах үүднээс гэж тайлбарлажээ.

Мэдэгдэлд дурдсанаар AIBA нь боксын тэмцээн эхэлснээс хойш өнгөрсөн Мягмар гараг хүртлэх нийт 239 тулааны бичлэг, шүүлтийг нягтлан үзсэн байна. Үүний үр дүнд цөөн тооны шүүлтийг шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Эдгээр шүүгчид нь Рио 2016-г дуустал тэмцээн шүүхээргүй болсныг мөн дурдсан байна. AIBA-гийн шалгалт энэ долоо хоногт болсон Ирландын Майкл Конлан, Оросын Владимир Никитин нарын тулааны дараа үүссэн дуулианаас болж хийгдсэн бололтой.

Никитинд ялагдсан Ирландын боксчин шүүгчдийн шийдвэрийг хүлээж авахгүй байгаагаа хурцаар илэрхийлж байсан юм.

Гэхдээ зөвхөн Никитин-Конланы шүүлт эргэлзээтэй байгаагүй. Даваа гарагт Казахстаны боксчин Василий Левитийг ялсан Оросын Евгений Тишенкогийн шүүлтийн шийдвэр ч нэлээд маргаан дагуулсан юм.

Хэдийгээр хөөгдсөн шүүгчдийн нэрсийг зарлаагүй ч ажиглагч нарын мэдээлснээр Конланы тулааныг шүүсэн гурван шүүгчийн хоёр нь буюу Бразилийн Силва де Россарио, Шри Ланкын Бандара Киридена нар Лхагва гарагийн тэмцээнийг үргэлжлүүлэн шүүж байсан гэнэ.

Харин 91 кг-ийн жинд аваргалсан Тишенкогийн тулааныг шүүсэн гурван шүүгчийн зөвхөн нэг нь Лхагва гарагт шүүж байгаа харагдсан байна.

Энэ шүүгч бол Колумбийн Карбонел Алварадо байсан. Харин дахин шүүж байгаа нь харагдаагүй хоёр нь Ирландын Майкл Галлагер, Алжирийн Сиди Якуб нар байжээ.

Энэ мэдэгдлийн үеэр орон орны дасгалжуулагчид одоогийн онооны системийг олон янзаар гуйвуулан тайлбарлах боломжтой, ойлгомжгүй гэж шүүмжилцгээсэн байна.

Тэд бас буруу, алдаатай шүүлт байж болох ч авлига өгдөг тохиолдол байхгүй гэжээ. Энэ үеэр AIBA авлига авч өгсөн баримттай хүн байвал хүлээн авч уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

AIBA энэ удаагийн олимпийн тэмцээнийг шүүлгэхээр 36 шүүгч Риод авчирсан байна. Тулаан бүрийг шүүхдээ AIBA таван шүүгч сонгож шүүлгэдэг. Ингэхдээ тамирчдын эх орноос биш, мөн дайн тулааны зөрчилтэй улсуудаас биш байхаар сонгодог байна.

Харин тулаан дууссаны дараа компьютер эдгээр таван шүүгчийн шүүлтээс гурвыг нь санамсаргүйгээр сонгож үр дүнг гаргадаг гэнэ.

Үлдсэн хоёрын шүүлтийг нь хэрэгсэхгүй болгодог аж.

Ямартай ч AIBA чимээгүй суулгүй, бага ч гэсэн арга хэмжээ авсанд тамирчид, дасгалжуулагчид сэтгэл хангалуун байгаа гэнэ.

 

Эх сурвалж: New York Times