Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэцэрлэгт орох эрхийн сугалаа 26-нд явагдана"

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл элсэлтийг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын Газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Төрийн өмчийн Цэцэрлэгүүд наймдугаар сарын 22-26-нд хамран сургах тойргийн дагуу харьяаллынхаа бүх хүүхдийг бүртгэнэ. 

Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах бөгөөд 2014 онд төрсөн  хоёр настай хүүхдийг шинээр элсүүлэх юм.

Цэцэрлэгийн бүртгэл нийт дөрвөн өдөр явагдана. Бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараана. Тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна.

Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн жил бүр төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэхэд хүндрэл бэрхшээл гарсаар байна. Тиймээс эцэг, эхчүүд, цэцэрлэгийн захиргаа гээд аль аль талдаа чирэгдэл багатай, сэтгэл ханамж өндөртэйгээр элсэлтийг зохион байгуулахаар тогтлоо" гэв.

Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж өнөөгийн байдал 

2015-2016 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт 91,687 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс 69,428 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22,259 буюу 24.3 хувь нь төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдсан дүнтэй цэцэрлэгийн барилга ашиглалтын коэффициент 1.49 болсон үзүүлэлттэй байсан.

2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж орны тоо 3,990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2,225 -аар буюу нийт 6,115 хүүхдээр нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан мэдээллээ.

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах тухай зөвлөмж

  1. Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдийг бодитой мэдээллээр хангаж ажиллах,
     
  2. Дүүргийн боловсролын хэлтсүүдийн саналыг үндэслэн хүндрэл үүсэж болзошгүй цэцэрлэгүүдэд бүртгэлийг элсэлт бүртгэлийн нэг хувилбар болох “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагаагаар зохион байгуулах,
     
  3. Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл, хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллах, хяналт тавих,
     
  4. Сургуульд элсэхийн өмнөх насны /5 нас/ бүх хүүхдийг сургалтын аль нэг хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулах,
     
  5. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах, 2014 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэн боловсрол эзэмшүүлэх,
     
  6. Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив тусламж авахгүй байх ээрэг чиглэл өгч байна.