Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Чөлөөтийн шигшээ тамирчдын тосгонд ирлээ

ikon.mn
2016 оны 8 сарын 15
iKon.MN

- Монголын Олимпийн Үндэсний Хорооноос мэдээлж байна -

Наймдугаар сарын 17 буюу Лхагва гарагаас тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөхийн баг тамирчид тамирчдын тосгонд ирж байрлалаа.

10 тамирчны бүрэлдэхүүнтэй (6 эрэгтэй, 4 эмэгтэй) Риод ирсэн чөлөөт бөхийнхөн "Волта Редонда" дахь бэлтгэлийн баазад байрлан бэлтгэл сургуулилтаа базааж байсан юм.

Тэд 8 сарын 4-нд эх орноосоо мордсон бөгөөд бэлтгэл хангагч, багийн эмч, сэтгэлзүйч, дасгалжуулагчдын өргөн бүрэлдэхүүнтэй Өмнөд Америкийн анхны олимпийн бэлтгэлээ базааж байна. 

Чөлөөт бөхийн сонгомол барилдаанууд аль хэдийнэ эхэлсэн бөгөөд манай тамирчдын тэмцээн 8 сарын 17-нд эмэгтэй 58 кг-д ОУХМ П.Орхоны барилдаанаар эхэлнэ. Мөн тэр өдөр ОУХМ О.Насанбурмаа дэвжээн дээр гарах юм. Харин эрэгтэйчүүдийн барилдаан наадмын сүүлийн гурван өдөрт явагдана. 

 
 
 
 

Таеквондогийн төрөлд хүчээ сорих П.Тэмүүжин тосгонд ирэв

Мөн энэ өдөр эх орноо төлөөлөн таеквондогийн төрөлд хүчээ сорих П.Тэмүүжин тосгонд ирэв. Эрэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд өрсөлдөх түүний тэмцээн 8 сарын 18-нд явагдах юм.

 

"Алдар" спорт хорооны тамирчин тэрээр өнгөрсөн 4 сард Филиппинд явагдсан тэмцээнээс олимпийн эрхээ авч Монголын таеквондогийн спортын түүхэнд бичигдсэн. Түүнээс өмнө олимпод манай таеквондоч оролцож байгаагүй юм.