Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: 9 дэх өдрийн ҮР ДҮН

ikon.mn
2016 оны 8 сарын 15
iKon.MN

- Монголын Үндэсний Олимпийн Хорооноос мэдээлж байна -

ЯЛАЛТ, ЯЛАГДАЛ ХОСОЛСОН БОКСЧИДЫН ЗАВГҮЙ ӨДӨР 

 

Риогийн наадмын 9 дэх өдөр манай гурван ширэн бээлийтэн рингэнд гарч тулалдлаа. Энэ өдрийн салхийг хагалж ОУХМ Э.Цэндбаатар 56 кг-ийн жингийн хоёр дахь тулаанаа Беларусын Дмитрий Асанаутай хийж 2:1-аар ялалт байгуулсан. Ийнхүү манай  хагас шигшээ буюу хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой 8 сарын 16-ны өдөр 23:45 цагаас тулалдах болж байна. 

2016 оны Химийн цом, Чехийн олон улсын гран при тэмцээний аварга 20 настай Э.Цэндбаатар эхний шатанд Кенийн Бенсон Гичаруг өвдөг сөгдүүлэн энэ шатанд гарч ирсэн юм. 

Б.Чинзоригийн тэмцээн өндөрлөлөө

 

Дараагийн тулааныг 64 кг-ийн жинд Б.Чинзориг хийлээ. Тэрээр шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Европ, Дэлхийн аварга Оросын Виталий  Дунайцевтай нударга зөрүүлсэн юм. Гурван үе үргэлжилсэн тус тулаанд 30:27, 30:27, 30:27 гэсэн харьцаатай Оросын тамирчин ялалт байгууллаа. Ийнхүү Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзоригийн тэмцээн өндөрлөж байна. 

Азийн аварга Д.Отгондалай хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийлээ

 

 

Ингээд 8 сарын 15-ны өглөөний 6:45 цагаас 60 кг-ийн топ боксчин, Азийн аварга Д.Отгондалай хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийлээ. Түүний хагас шигшээн өрсөлдөгч нь Францын Софьян Үмия байсан бөгөөд хоёр тамирчны тулаан эн тэнцүү өрнөсөн ч шүүгчид 3:0-ээр Европ тивийн боксчинд ялалтыг өгөв. 21 настай дэлхийн чансааны 6-д эрэмбэлэгдэж буй Франц залуу ийнхүү жингийнхээ финалд Бразилын Робсон  Консейсантай тулах болж байна

Харин ОУХМ Д.Отгондалай монголын багийн хоёр дахь медалийн эзэн боллоо. Тэрээр олимпоос медаль зүүсэн Монгол улсын 7 дахь ширэн бээлийтэн бөгөөд сүүлийн 3 олимп дараалан боксчид медалийн буухиагаа тасалсангүй. Отгондалай тулааны дараа шүүгчийн шүүлтэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд "Монголын ард түмэн намайг яаж тоглосныг харсан байх" хэмээсэн юм.

ЭМЭГТЭЙ МАРАФОНЧИД АМЖИЛТТАЙ ӨРСӨЛДЛӨӨ

8 сарын 12-нд эхэлсэн хөнгөн атлетикийн тэмцээнүүд холын зайн гүйлтээр үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн марафоны (42 км) төрөл явагдсан бөгөөд манай улсаас хоёр тамирчин тоосоо өргөлөө. Гурав дахь олимпдоо оролцож буй ОУХМ Л.Отгонбаяр өмнөх амжилтаа ахиулж 2 цаг 45 минут 55 секундэд зайгаа туулж 150 гаруй тамирчдаас 85-р байр эзэллээ. Лондоны наадамд тэрээр 2:52:15 цагийн амжилтаар 102-р байранд эрэмбэлэгдэж байсан юм. 

 

Уралдааны дараа тэрээр  "Гурав дахь олимпдоо оролцохдоо өмнөх амжилтаа ахиуллаа. Дасгалжуулагч Оюунтуяа, Ахыт болон багийнхан бэлтгэл хангагч нартаа, багийн эмч Булгандаа маш их баярлалаа. Оюунтуяа багш минь та хамгийн мундаг шүү. Бэртэлтэй сэтгэл санааны хамгийн хэцүү хүнд үед та намайг бэлдэж олимпийн наадамд сойлоо. Шаналж гуниж зовсон цаг хоромд дэргэд минь байсан тандаа баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Харин анх удаа олимпод тоосоо өргөж буй залуу тамирчин Б.Мөнхзаяа 2:43:55 цагаар 72-р байранд орсон. "Шандунь" хагас марафоны хошой аварга түүний хувийн дээд амжилт  2:33:31 байдаг юм. 

 

Манай хөнгөн атлетикчдийн тэмцээн үүгээр дуусаагүй. Наадмын хаалтын өдөр буюу 8 сарын 21-нд явагдах эрэгтэф марафоны төрөлд манай гурван тамирчин тоосоо өргөнө. МУГТ, ОУХМ Б.Сэр-Од дөрөв дэх олимпдоо оролцох бол Д.Гантулга, Ц.Бямбажав нар хүн төрөлхтний наадамд анх удаа хүчээ сорих юм.