Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: ЕС ДЭХ ӨДРИЙН АЛДАЛГҮЙ ҮЗЭХ ЁСТОЙ ТАВАН ТӨРӨЛ

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 14
iKon.MN

Риогийн олимпийн наадмын ес дэх өдөр нийт 10 төрөлд 22 медалийн эзэд тодрох болно.

Дэлхийн хамгийн хурдан хүн тодрох учиртай энэ өдрийн гол од нь Ямайкын Усайн Болт байх нь тодорхой. Гэхдээ үүнээс дутахааргүй сонирхож болох, заавал үзвэл зохих онцлох төрлүүдийг бид онцолж байна.

ХӨНГӨН АТЛЕТИК

 

Өнөөдөр дэлхий нийт тэр чигтээ Усайн Болтын 100 метрийн уралдааныг үзэх болно.

Бээжин, Лондонд түрүүлж, дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй тэрээр гурав дахь удаагаа энэ зайд түрүүлэх эсэх нь өнөөдөр тодорхой болно. Зургаадугаар сарын сүүлчээр багахан гэмтэл авч фенүүдээ айлгасан ч тэрээр Лондоны сорил тэмцээнд түрүүлж, өөрийгөө форм сайтай байгаагаа харуулсан. Түүний гол өрсөлдөгч нь 34 настай Америкийн Жастин Гатлин байх болно. Гатлин энэ жилийн дээд үзүүлэлт буюу 9,80 секундын амжилтыг эзэмшиж байгаа нь олон хүнд Болтыг ялах найдвар төрүүлж байгаа юм.

400 метрийн зайд олимпийн аваргуудын тулаан явагдана. Бээжингийн олимпийн аварга АНУ-ын Л.Меррит энэ жилийн хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байгаа бол Лондоны олимпийн аварга Гренадагийн К.Жэймс аварга хамгаалагчийн хувиар өрсөлдөнө. Гэхдээ 2015 оны ДАШТ-д ӨАБНУ-ын В.Ниекерк түрүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн марафоны төрөлд Монголын тамирчид өрсөлдөнө гэдгээрээ онцлог. Өмнө нь Афин, Лондонд өрсөлдөж байсан манай туршлагатай тамирчин ОУХМ Л.Отгонбаяр болон залуу тамирчин Б.Мөнхзаяа нар энэ уралдаанд оролцох юм. Нийт 157 тамирчин өрсөлдөх марафон Улаанбаатарын цагаар 21:30-д эхлэх ажээ.

ТЕННИС

 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хэний ч үл таних М.Пуиг хэмээх бүсгүй №2 А.Керберийг ялан түрүүлж, Пуэрто Рико улсад түүхэн дэх анхны алтан медалийг нь авчирсны дараа эрэгтэйчүүдийн төрлийн аваргын нэр өнөөдөр тодрох гэж байна. Гэхдээ энэ удаад  тийм ч том сенсаци гарахгүй нь бололтой.

Лондоны олимпийн аварга Энди Мюррэй хагас шигшээд гол өрсөлдөгчдийн нэг Японы Кэй Нишикориг ялснаар финалд үлдээд байна. Мюррэй тэмцээний эхнээс цувралуудад амжилттай оролцдог В.Тройцки, Х.Монако, Ф.Фоньини зэрэг тамирчдыг хожсоор энд шалгарсан юм. Түүний өрсөлдөгч нь эхний тойрогтоо Н.Жоковичийг хожиж, “уйлуулсан” Аргентиний Хуан Мануэл Дел Потро байх болно. Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж, тодорч байсан ч гэмтлийн улмаас төдийлэн тогтвортой амжилт үзүүлж чадахгүй байсан Дель Потро олимпод гялалзаж, Жокович, Надаль нарыг хожин финалд үлдээд байна.

Хүрэл медалийн төлөөх тоглолт аль хэдийн хосын төрөлд алт авчихсан Р.Надаль болон К.Нишикори нарын хооронд өрнөнө.

ГОЛЬФ

 

Энэ жилээс олимпийн наадамд багтах болсон гольфийн эрэгтэйчүүдийн төрлийн аваргууд өнөөдөр тодорно.

Гурван тойргийн дараах байдлаар тэмцээнийг урьдчилан таамаглаж байсанчлан Их Британий Жастин Роуз -12 оноотойгоор тэргүүлж байна. Сүүлийн өдрийг 65 цохилттойгоор дуусгасан тэрээр нэг цохилтоор байгаа оносон анхны олимпийн гольфчин болсон юм. Түүний ард Шведийн Хенрик Стенсон ганцхан оноогоор хоцрон бичигдэж байгаа. Энэ жилийн Британы нээлттэй тэмцээнд түрүүлчихээд байгаа №5 чансаатай тэрээр магадгүй энэ тэмцээнд оролцож байгаа хамгийн өндөр чансаатай гольфчинд тооцогдоно. Эхний 2 өдрийг манлайлсан Австралийн Маркус Фрэйзэр 3-р байрт бичигдэж байна. Тэргүүлэгчдийн эгнээнд буй Америкийн Б.Ватсон болон М.Кучар нар сүүлийн тойрогт хүчтэй дайралт хийж магадгүй.

СОНГОМОЛ БӨХ

 

Өнөөдрөөс бөхийн тэмцээнүүд сонгомол бөхийн 59 болон 75 кг-ийн жингийн барилдаануудаар эхэлж байна. 59 кг-ийн жинд ираны бөх, дэлхийн 7 удаагийн аварга, Лондоны олимпийн аварга Хамид Соряныг ялах нь бусад бөхчүүдийн хувьд гол даалгавар байх болно. Сүүлийн 2 олимпийн мөнгө медальтай Азербайжаны Байрамов болон 2013 оны дэлхийн аварга БНАСАУ-ын Юн Вон Чол нар гол өрсөлдөгчид нь байх болно. 75 кг-ийн жинд  БНСУ-ын Ким Хён Во болон дэлхийн аварга ОХУ-ын Р.Власов нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө.  АНУ-ын А.Бисек сүүлийн 2 ДАШТ-ээс 2-ууланд нь медаль хүртсэн ганц тамирчин гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн эрэгтэйчүүд өрсөлддөг энэхүү барилдаанд манай тамирчид оролцохгүй.

ТУЯЛЗУУР СЭЛЭМ

 

Олимпийн наадмын хамгийн классик төрлүүдийн нэг туялзуур сэлэмний төрлүүд өнөөдөр өндөрлөх болно.

Хамгийн сүүлийн медалийн эзэд тодрох төрөл бол эрэгтэйчүүдийн багийн epee буюу хүнд сэлэм. Эмэгтэйчүүдийн төрөлд Румыний баг түрүүлж шуугиан тарьсан бол энэ удаад Итали, Оросын хүчирхэг багууд ийм баг дундуураа оруулахгүйн төлөө өрсөлдөнө. Ганцаарчилсан төрлийн аварга БНСУ-ын П.Сан Ионг багаа тэргүүлэн Унгартай шилдэг 8-д өрсөлдөнө. Харин Италичууд Швейцарьтай, ОХУ Украйнтай таарчээ. Шигшээ тоглолт үүрийн 06:30 минутанд явагдана.