Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: МАНАЙ БОКСЧДЫН ӨРСӨЛДӨГЧИД ХЭН БЭ?

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 14
iKon.MN

Өнөөдөр Рио 2016 наадмын 9 дэх өдөр манай боксчдын хувьд хамгийн завгүй өдөр болох гэж байна. Нийт 3 тамирчин тулаанаа хийх энэ өдөр манай боксчдын өрсөлдөгчдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэж байна.

56 кг: ШӨВГИЙН 16:  Э.ЦЭНДБААТАР – Д.АСАНАУ /Беларусь/

 

Эхний тойрогтоо Кенийн тамирчин Бенсон Гичаруг 3:0-ийн харьцаатайгаар буулгаж авсан Э.Цэндбаатар өнөөдөр шөвгийн 16-ийн шатны тулаанаа хийх гэж байна. Түүний өрсөлдөгч нь манай боксчинтой нас чацуу буюу 20 настай Беларусийн тамирчин, дэлхийн чансааны 4-т эрэмблэгдэж буй Д.Асанау байх болно.

2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Асанау бол сүүлийн жилүүдэд Беларусиас төрөн гарч буй хамгийн ирээдүйтэй боксчдын нэг хэмээн үнэлэгдэж буй нэгэн. 175 см өндөр гэдгээрээ жиндээ харьцангуй чацтайд тооцогдох тэрээр өнгөрсөн жил Азербайжаны Бакуд зохиогдсон Европын наадмаас мөнгөн медаль хүртснээр дэлхийн тавцанд тодорч эхлэсэн. Тэрээр энэ тэмцээнд Албани, Болгар, Английн боксчдыг хожиж байсан юм.

Асанау Дохад болсон ДАШТ-д Армен, Эквадор, Кубын боксчдыг дараалан ялж, хүрэл медаль хүртэн, өнгөрсөн жилийн гол шуугианы эздийн нэг болсон гэдгийг энд дурьдая.

 

Олимпийн өмнө тэрээр Минск, Каунас, Вильнусын олон улсын тэмцээнд дараалан түрүүлж, форм сайтай байгаагаа харуулаад байгаа. Европын залуучуудын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, өсвөрийн ангилалд нь түрүүлж байсан Асанау эхний тойрогтоо Доминиканы боксчин Эктор Гарсиа Мораг 2:1-ээр хожжээ.

Цэндбаатарын тулаан Улаанбаатарын цагаар шөнө дунд буюу 00:00 цагаас эхлэх хуваарьтай.

64 кг: ШӨВГИЙН 16: Б.ЧИНЗОРИГ – В.ДУНАЙЦЕВ /ОХУ/

 

ОУХМ Б.Чинзориг эхний тойрогтоо Катарын Т.Тарумалингамыг илт давуу 3:0-ийн харьцаатайгаар буулган авсныхаа дараа шөвгийн 16-ийн шатны тоглолтоо хийхэд бэлэн болоод байна. Түүний энэ тойргийн өрсөлдөгч нь өнгөрсөн жилийн дэлхийн аварга ОХУ-ын боксчин Витали Дунайцев байх болно.

Дунайцев Риод анхныхаа тоглолтыг хийх гэж байгаа нь энэ. Дэлхийн чансаанд 2-т бичигдэж буй тэрээр манай тамирчнаас нэг насаар дүү, 1992 онд төрсөн. Казахстанд төрсөн, хамгийн анх жүдогоор хичээллэж байгаад бокс руу “урвасан” нэгэн. 2013 онд 21 насандаа улсын аваргадаа түрүүлж, олны анхаарлын төвд орсон тэрээр 2015 оны Европын АШТ-д түрүүлж, Химийн цом, Ф.Стамын цомын тэмцээнүүдээс медаль хүртжээ.

 

Өнгөрсөн жилийн Дохагийн ДАШТ-д Их Британи, Азербайжан, Куба болон Узбекистаны боксчдыг ялсаар түрүүлсэн нь боксийн ертөнцөд нэгэн шинэ од мэндэлснийг гэрчилсэн үр дүн болсон юм. Үүний дараагаар AIBA-ийн World Series of Boxing-д өрсөлдөх болсон тэрээр  6 тулаан хийхдээ ердөө ганцхан ялагдал амсаад байгаа ажээ.

Энэхүү тулаан Улаанбаатарын цагаар 00:45-д явагдана.

60 кг: ХАГАС ШИГШЭЭ: Д.ОТГОНДАЛАЙ – С.ОУМИХА /Франц/

 

Бээжингийн олимпоос хойшхи боксийн тамирчдын авчирч буй медалийн буухиаг залгамжлуулж, хүрэл медалийн болзлыг аль хэдийн хангачихаад байгаа ОУХМ Д.Отгондалай өнөөдөр медалийн өнгөө өөрчлөх хариуцлагатай тулааныг Францын тамирчин С.Оумихатай хийнэ. Дэлхийн чансаанд 2-р байрт бичигдэж буй манай тамирчин Азийн наадмын аварга, Азийн аварга цолыг хамгаалагчийн хувиар Риод ирж, Нидерланд, Алжирын боксчдыг ялж медалийн болзол хангасан билээ.

Түүний хагас шигшээгийн өрсөлдөгч С.Оумиха дэлхийн чансаанд 6-р байрт бичигдэж байгаа. Өмнөх шатанд дэлхийн аварга Азербайжаны А.Селимовыг хожиж, медалийн болзол хангасан тамирчин. Энэ жил 21 настай Оумиха 2012 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд өнгөрсөн жилийн Европын наадмаас мөнгөн медаль хүртжээ. Тэрээр энэ тэмцээний финалд Риод хожчихоод байгаа А.Селимовд дийлдсэн юм.

 

Оумиха Белград, Картагений гран прид дараалан түрүүлчихээд байгаа, өмнө нь регбигээр хичээллэж байсан нэгэн ажээ.

Хагас шигшээгийн онц сонирхолтой тулаан Улаанбаатарын цагаар 06:45-д эхэлнэ.