Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Найм дахь өдрийн АЛДАЛГҮЙ ҮЗЭХ таван төрөл

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 13
iKon.MN

Нийт 10 төрлийн 22 багц медалийн эзэд тодрох болно. Монголчуудаас ганцхан тамирчин талбайд гарах ч дэлхийн шилдэгүүдийн тулаан биднийг уйдаахгүй нь гарцаагүй. Фелпс сүүлийн уралдаанаа хийж, Болт эхний гараандаа гарах найм дахь өдрийн алдалгүй үзэх ёстой 5 төрлийг нэрлэж байна.

ХӨНГӨН АТЛЕТИК

 

4 жилийн өмнө Лондонд хөнгөн атлетикийн яг энэ өдрийг “Супер Бямба гараг” хэмээн нэрлэж, улмаар Британичуудын гурван бахархал болсон тамирчид гурвуулаа алт авч байлаа.

Энэ жил ч эдгээр тамирчид аварга цолоо хамгаалах өндөр магадлалтай байгаа. Эрэгтэйчүүдийн 10,000 метрийн зайд 33 настай Мо Фараг гүйцэх тамирчин бараг байхгүй мэт харагдаж байна.

Эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд Грег Рутерфорд олимп, дэлхий, Европын аваргын хувиар өрсөлдөх болно.

Тэр Лондоноос хойш дэлхийд босоо байгаа. Долоон төрөлтөд Жессика Эннис эхний өдрийн дараах байдлаар нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа ч энэ жилийн дээд оноог эзэмшиж буй Канадын Б.Итон чамгүй өрсөлдөөн үзүүлэх төлөвтэй. Ж.Эннис олимпийн циклийн завсарлагаар ээж болоод амжсан бөгөөд хүнд бэртлээсээ эргэн ирээд байгаа билээ. Эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд Грег Рутерфорд олимп, дэлхий, Европын аваргын хувиар өрсөлдөх болно.

Өнөөдөр мөн дэлхийн хамгийн хурдан эмэгтэйн нэр тодорхой болно. Бээжин, Лондонд түрүүлчихээд буй Ямайкын Шелли Анн Фрэйзер-Прайс гол фаворит байх нь тодорхой ч Нидерландын Д.Шипперс, Америкийн Э.Гарднер нар шуугиан тарихыг үгүйсгэхгүй. 100 метрийн финал өглөөний 9 цагт өрнөнө. 

УСАНД СЭЛЭЛТ

 

Олимпийн наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг усанд сэлэлт энэ өдөр хаалтаа хийх гэж байна. Хаалтын уралдаан эрэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог буухиа уралдаан байх болно. Америкчууд энэ төрөл олимпийн гэр бүлд багтсан 1960 оноос хойш нэг ч удаа алтаа алдаагүй гэхээр тэдний давамгайлал ямар хүчтэй гэдэг нь харагдана.

Түүхэн дэх хамгийн агуу тамирчин гэдгээ харуулсаар байгаа Фелпс 23 дахь алтан медалиа энэ төрлөөс хүртэж, магадгүй хамгийн сүүлийн уралдаанаа дэлхий нийтэд толилуулж болох юм.  Үүнээс гадна эрэгтэйчүүдийн 1,500 метр, эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн аваргууд тодрох ажээ.

ТАЛБАЙН ТЕННИС

 

Хамгийн олон оддыг нэгэн талбайд авчирсан гэж хэлж болохуйц теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга өнөөдөр тодорно. Энэ спортыг сүүлийн жилүүдэд давамгайлж буй, өнгөрсөн олимпийн аварга Серена Уильямс 3-р тойрогт “санамсаргүй” хожигдол амсч, тэмцээнээс хасагдсан учир шинэ аварга төрөх нь тодорхой болсон.

Шигшээд чансааны 2-т эрэмблэгдсэн, энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний аварга Германы Анжелика Кербер гол фаворитын хувиар тоглоно. Харин түүний өрсөлдөгч нь Пуэрто Рикогийн тамирчин, дэлхийн чансааны №33 Моника Пуиг байх болсон нь сонирхолтой үзүүлэлт.

Пуиг энэ жилийн Францын нээлттэй тэмцээний аварга Гарбине Мугуразаг хожиж, улмаар  хагас шигшээд Уимлдоны аварга Петра Квитоваг хожиж шуугиан тарьсаар энд иржээ. Хүрлийн төлөө Квитова болон Америкийн залуу од Мэдисон Кэйз нар өрсөлдөнө.

ХӨЛБӨМБӨГ

 

Хөлбөмбөгийн эх оронд болж буй олимпийн хөлбөмбөгийн тэмцээнийг нь үзэхгүй бол алдас болно. Өнөөдөр эрэгтэйчүүдийн төрлийн хасагдах шатны эхний тойргийн тоглолтууд бүгд явагдах хуваарьтай.

Шөвгийн наймын эхний хос нь Португал болон Германы багууд байна. Европын аварга болчихоод удаагүй байгаа Португалын залуус өнгөрсөн зун Германы залуусыг 5:0-ээр бут ниргэсэн.

Тэгвэл 10 гоолыг Фижигийн хаалганд оруулж, нийт 15 гоол оруулсан Германы хүчирхэг баг хариугаа авахыг юунаас ч илүү хүсч байгаа нь гарцаагүй. Олимпод үргэлж амжилттай оролцдог Нигерийн баг Данийн шигшээтэй тоглоно.

Харин өнгөрсөн олимпийн аварга Мексикийг хэсэгтээ хожиж мулталчихсан БНСУ-ын баг Аргентинийг мулталсан Гондурастай хүч үзэх юм.

Талбайн эзэн Бразилын баг тивийнхээ ривал Колумбтай тоглоно. Хэсгийн сүүлийн тоглолтдоо л анхныхаа хожлыг авч арайхийн шахуу хэсгээсээ гарсан Бразилчууд Сан Паулод өглөөний 10 цагаас тоглох хуваарьтай ажээ.

ВОЛЕЙБОЛ

 

Гар бөмбөгийн хорхойтнуудын хувьд өнөөдөр магадгүй хэсгийн шатны хамгийн том тоглолтыг үзэх боломж байна. Энэ бол эрэгтэйчүүдийн А хэсгийн лидер Итали болон Бразилын шигшээ багуудын тулаан юм. Өмнөх олимпийн мөнгөн медальт Бразилчууд хэсэгтээ Америкт хожигдчихоод байгаа.

Харин энэ жилийн дэлхийн цомын финалист Итали 3 хожил авч, итгэл төгс хэсгээ тэргүүлж байгаа. Сүүлийн арваны энэ спортын өнгийг тодорхойлж буй 2 багийн тулаан хасагдах шатны өнгийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ. Нөгөө хэсэгт ОХУ-ын баг хэсгийн лидер Польшийн багтай тоглох бөгөөд хожиж чадвал хэсгээ тэргүүлэх нөхцөл нь бүрдэх юм.