Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Х.Энх-Амар, Э.Эмигдио нарын тулааны өмнө

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Х.Энх-Амар нэр төрөө сэргээж чадах уу?

Энэ тэмцээнд оролцож байгаа манай боксчдоос хамгийн өндөр хариуцлага нуруун дээрээ тээн өрсөлдөж байгаа тамирчин бол Х.Энх-Амар. Дөнгөж 24 настай, анхны олимпдоо оролцож буй залуу тамирчныг яагаад ингэж тодотгож байгаа юм бол гэж та гайхаж магадгүй. Үүний учир нь тэрээр 2014 оны арванхоёрдугаар сард сонирхогчдын боксийн дэвжээнээ ахиж тоглох эрхээ хасуулж байсан нь юм.

Эрхээ хасуулсны шалтгаан нэг талаар их төвөгтэй, нөгөө талаар их ойлгомжтой. Х.Энх-Амар олон жилийн турш нэрээ сольж, тодруулбал өөрөөсөө 3 насаар дүү төрсөн дүү Х.Энхдэлгэрийнхээ нэр дээр насаа даран тэмцээн уралдаанд оролцож байсан гэдэг.

Өсвөр, залуучуудын тэмцээнд илт тодорч, зөвхөн дотоодод гэлтгүй олон улсад ч өөрийгөө харуулж явсан тэрээр 2014 оны Инчёний Азийн наадамд оролцох гэж яваад хилийн шалгалтанд унаж, улмаар арга хэмжээ авахуулуулсан нь тэр юм.

Уул нь тэр нэг жилийн өмнө 2013 онд Казаньд болсон Универсиад наадамд дэлхийн хошой аварга Миша Алояныг нутагт нь ялаад, илт тасархай түрүүлж, олон сонирхогчдод итгэл төрүүлчихээд байлаа. Н.Төгсцогт, Б.Чинзориг нарыг төрүүлсэн А.Гантулга багш ахин нэг супер од бэлджээ гэх яриа аль хэдийн тарчихаад байж билээ.

Гэвч нэг л өдөр энэ бүхэн орвонгоор нь эргэсэн. Уул нь Энх-Амар өөрөө холбоон дээрээ очиж үнэнээ хэлсэн гэдэг. Шалтгаанаа багадаа өвчин ороогоод намдахгүй болохоор нь ламын хэлснээр дүүтэйгээ нэрээ сольсон, бичиг баримтаа солиулж амжаагүй хэмээн тайлбарласан аж. Юутай ч олон улсад ч багагүй шуугисан энэ хэргийг манай холбоо зүгээр өнгөрөөгөөгүй.

Гэтэл энэ жилийн улсын аваргаар Х.Энх-Амар гэж хүү ахин гарч ирж, өөрийн жиндээ өнгөлсөн нь цөөнгүй хүнийг баярлуулсан билээ. 1992 онд төрсөн Х.Энх-Амар холбооны зөвшөөрөлтэйгөөр эргэн ирж, улмаар олимпийн эрхийн тэмцээнд ч амжилттай оролцож, шигшээ багтаа хувь нэмрээ оруулсан. Одоо Риогийн дэвжээнээ эхний тоглолтоо хийх гэж байна. Эрх авчрах эхний даалгавраа тэр биелүүлсэн, одоо түүнд амжилт үзүүлэх дараагийн “ажил” үлдээд байна.

Нэгэн үе боксийн шинэ үеийн томоохон төлөөлөгч болно гэгдэж байсан түүнд алдсан нэр төрөө эргүүлэн авах боломж энэ олимпийн үеэр тулгарч байна. Х.Энх-Амарт Төгсцогтын 4 жилийн өмнө, яг энэ жингээс авч байсан медалийн буухиаг үргэлжлүүлэх нөөц хангалттай бий. 

 

Э.Эмигдио гэж хэн бэ?

Мексик Улс хамгийн сүүлд боксийн төрлөөр олимпийн наадмаас 2000 онд л медаль хүртэж байсан түүхтэй.

Кристиан Бехераногийн хүрэл медалиас хойш тасраад буй медалийн буухиаг залгуулах хамгийн магадлалтай гэгдэж буй тамирчин, мексикчуудын найдвар бол Элисио Эмигдио юм. Х.Энх-Амар түүнтэй эхний тоглолтоо хийнэ.

Эмигдио энэ жил 25 настай бөгөөд хоч нь “Хар салхи”. Цөөн боловч цохилт нь даацтай ирдэг, мөн хурдан хөдөлгөөнтэй учир ийн нэрлэсэн гэдэг. Мексикийн Гуэррерос багийн бүрэлдэхүүнд багтан World Series of Boxing-ийн дэвжээнээ нийт 20 тоглолт хийсний 17-д нь ялалт байгуулсан нь түүнийг жингийнхээ чансаанд 2-р байрт бичигдэхэд хүргэсэн байна.

Дэлхийн хошой аварга Миша Алоян л түүний урд бичигдсэн бөгөөд хоёулаа чансааныхаа байрлалаар олимпийн эрхээ хүртсэн юм. Хоёр боксчны тулаан Улаанбаатрын цагаар 05:15-д явагдана.