Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

М.Фелпс: Би амьдралын ёроолыг мөргөөгүйсэн бол дахиж сэргэхгүй байлаа

Б.Барс
2016 оны 8 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг

АНУ-ын гандан бууршгүй домогт тамирчин Майкл Фелпс Рио-Де-Жанейрогийн усан бассейнд гайхамшгийг бүтээн гурван алтан медаль авснаар олимпийн 21 удаагийн аварга болж бүх цаг үеийн үнэмлэхүй ,түүхэн дээд амжилтаа улам ахиулсан билээ. 

Тэглээ гээд санаа нь амарсангүй, өчигдөр 200 метрийн холимог сэлэлтийн хагас шигшээд хамгийн хурдан нь байж шигшээ уралдаанд шалгарчээ. М.Фелпс олимпийн 22 дахь алтан медалиа авахад хэн ч гайхахгүй биз ээ.

Тэрбээр нийтдээ олимпийн 25 медальтай (21 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл) болоод байгаа юм. Түүний дараа энэ үзүүлэлтээр 1950-1960-аад оны спортын гимнастикийн од, ЗХУ-ын алдарт Лариса Латынина 18 медальтайгаар (есөн алт, таван мөнгө, дөрвөн хүрэл) ордог билээ.

Гэтэл М.Фелпс Лондоны олимпоос хойш амьдралдаа цөөнгүй хазгай гишгэж, амиа хорлох тухай ч бодож байсан аж. Тэрбээр олимпийн тосгонд “NBC” телевизийн сэтгүүлч Боб Костастай ийн ярилцжээ.

-Та Лондоны олимпод гялалзсаныхаа дараа нэлээд хүнд хэцүү үеийг туулсан гэсэн?

-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд би Лондонд гагцхүү авьяас чадварынхаа ачаар л амжилтад хүрсэн юм. Тэгтлээ их хөлс гарган хөдөлмөрлөөгүй юм шүү дээ. Бээжингийн олимпоос хойш гурван жилийн турш энд тэндгүй дураараа наргиж цэнгэн бэлтгэлээ удаан хугацаагаар тасалдуулдаг байлaa.

Үүндээ ч тэгтлээ санаа зовдоггүй явсан. Тэгээд олимп эхлэхээс жилийн өмнө л шаргуу бэлтгэж эхэлсэн дээ. Нэг их хүчлэлгүй ялалт байгуулдаг байж. Харин энэ удаа дахин сэргэхэд дэндүү хүнд байсан шүү. Би маш их мэрийсэн.

-Та нэгэн ярилцлагадаа, усан сэлэлтгүйгээр өөрөө өөрийгөө гээж, юу хийхээ ч мэдэхгүй болдог тухайгаа ярьсан нь бий. Иймээс ч уралдаан тэмцээнээс хөндийрөөд амьдралын хар бараан тал руу алхаж дээ?

-Бурхан минь, өдөржин өрөөнөөсөө гаралгүй хэнтэй ч ярихыг, хэнийг ч харахыг хүсдэггүй байсан тэр үеэ өнөөг хүртэл мартаж чаддаггүй юм. Тэгэхэд би амьдрах ямар ч хүсэлгүй болсон юм.

Хүн бүр алдаж гишгэснийхээ дараа яг л хүүхэд шиг болчихдог юм билээ. 

Ёроол руу доошлох хурдны цахилгаан шатанд суучихсан юм шиг л санагдаж билээ. Тэгээд тэр амьдралын ёроол гээчид төд удалгүй хүрсэн дээ. Өглөө бүр ямар ч амьдрах хүсэл сонирхолгүйгээр сэрээд л...

-Гэхдээ амиа хорлох оролдлого хийсэн үү. Зүгээр л амьдрах хүсэлгүй байх нь амиа хорлох тэмүүллээс өөр гэдэг шүү дээ?

-Амиа яаж хорлох вэ гэдэг бодол орж ирж байснаа нуухгүй. Гэвч би хэзээ ч амиа хорлохгүйгээ ч мэдэж байсан юм. Амиа хорлосноор би өөрийгөө ч, өрөөл олныг ч зовооно гэдгээ ойлгосон. Амиа хорлох бодол үнэхээр хүнд дарамттай юм билээ.

Гэхдээ юу гээч? Амьдралынхаа ёроолыг мөргөснөөр би дахин сэргэх, дахин дээш тэмүүлэх, дахин тэмүүлэх чин хүслийг олж авсан юм. Тэгээд аажмаар сэргэж, бүхнийг өөрчлөхөөр тэмүүлж эхэлсэн дээ.

-Та наркологийн төвд албадан эмчилгээнд байхдаа бусадтай хэрхэн харьцдаг байв. Бусад өвчтөн бүгд л өөр рүү тань чичлэн “Өнөөх Майкл Фелпс чинь энэ шүү дээ” гэхэд амаргүй биз?

-Өвчтөнүүд америк хөлбөмбөг үзэж суусан нэгэн үдшийг ер мартдаггүй юм. Тоглолтын дундуур гэнэт гай болж миний уралдаж буй усанд сэлэлтийн тэмцээний бичлэг гарч билээ. Бүгд л над руу гайхан эргэж харсан даа. Би яахав. “Тийм ээ, наад залуу чинь би байна” ухааны дохио зангаа хийж инээмсэглээд л өнгөрсөн юм.

-Тэр хүнд үеэс та юуны түрүүнд ямар сургамж авснаа хуваалцаж болох уу?

-Хүн бүр алдаж гишгэснийхээ дараа яг л хүүхэд шиг болчихдог юм билээ. Тэгээд дотоод ертөнцөө нээн дахин цоо шинээр төрөхийг эрмэлзэх нь чухал. Тэр бүхнийг ойлгосноор би өөрийн мөрөөдөж байсан амьдралаа бага багаар цогцлоож эхэлсэн. 

Усан бассейнд ч, тэндээс гараад ч тэр. Би хөөрхөн хүүхэдтэй боллоо, надад үнэнч сайхан сүйт бүсгүй байна. Сайхан гэр бүл байна. Миний хайртай хүмүүс намайг хүрээлж, намайг хариу хайрлан урам зориг өгдөг юм. Товчдоо би одоо өөрийн хүсч мөрөөдсөн амьдралдаа хүрч чадсан шүү.

Зураг