Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Зургаа дахь өдрийн ҮР ДҮН

ikon.mn
2016 оны 8 сарын 12
iKon.MN

- Монголын Үндэсний Олимпийн Хорооноос мэдээлж байна -

Г.НАНДИНЗАЯА ФИНАЛЫН ЭРХЭЭС АТГААД АЛДЛАА

 

 Риогийн олимпийн 6 дахь манай улсын 5 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө. Деодоро дахь "Үндэсний буудлагын төв"-д энэ өдөр урт бууны 3x20 дасгал явагдсан бөгөөд манай улсаас ОУХМ Г.Нандинзаяа цэц мэргэнээ сорьсон юм. Хэвтээ, суугаа, босоо гэсэн гурван байрлалаас нийт 60 сум тавьсан урьдчилсан шатанд нийт 37 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний 8 байр финалын шатны эрхтэй байлаа. 

Манай тамирчин 3 байрлалаас нийт 582 оноо цуглуулсан боловч харамсалтай нь 9-р байрт орж финалын эрхээс атгаад алдлаа. 7 болон 8-р байруудад орсон тамирчидтай түүний оноо ижил байсан ч контроль оноогоор дутаж хойш ухарсан юм. 

Эмэгтэйчүүдийн 50 метрийн 3х20 буудлагын эцсийн шатанд Германы тамирчин Барбара Энгледер 458,6 оноогоор алтан медаль, БНХАУ-ын тамирчин Бинбин Жан 458,4 оноогоор мөнгөн медаль, мөн БНХАУ-ын тамирчин Дү Ли 447,4 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ.

Өдгөө 22 настай Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын мөнгө, хүрэл медальт манай тамирчин Г.Нандинзаяа анхны олимпоо ийнхүү өндөрлүүллээ. Тэрээр 10 метрийн урт бууны дасгалд мөн оролцож 14-р байр эзэлсэн юм.

Н.ТҮВШИНБАЯР АВАРГЫН 3 ДАХЬ ОЛИМП

 

Уламжлал ёсоор 22:00 цагаас "Кариоча Арена 2"-т жүдо бөхийн барилдаанууд эхэллээ. МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр -100 кг жинд зодоглосон. Тэрээр эхний шатанд хийлсэн бөгөөд 2-р шатанд Кубын Хосе Арментеростой оноолт таарч юүко үнэлгээ алдан дийлдсэн. Пан Америкийн аварга тус тамирчинтай Н.Түвшинбаяр өнгөрсөн жилийн ДАШТ-д таарч юүкогоор ялж байсан юм. 

 

Монгол улсын түүхэн дэх анхны олимпийн аварга, анхны хос медальтан Н.Түвшинбаяр аварга 3 дахь олимпийн наадамдаа ийнхүү оролцлоо. Хэдий харамсалтайгаар тэмцээнийг орхисон ч гэсэн Монголын ард түмэн аваргадаа урмын үгийг сошиал медиагаар харамгүй илгээж байлаа.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд Чехийн жүдоч Лукас Крпалек алтан медаль хүртсэн бол Азарбейжаны тамирчин Элмар Гасимов мөнгөн медаль, Японы жүдоч Рьюносүкэ Хага, Францын жүдоч Кириль Марет нар хүрэл медаль хүртжээ.

П.Лхамдэгдийн гарын гэмтэл сэдэрч цааш үргэлжлүүлэх боломжгүй

 

Азийн хошой аварга П.Лхамдэгд -78 кг-д мөн зодоглолоо. Дэлхийн чансааны 20-д эрэмбэлэгдсэн манай тамирчин эхний шатанд Унгарын Абигель Йоотой учраа таарч гурван үнэлгээ алдан дийлдэв. Барилдааны үеэр П.Лхамдэгдийн гарын гэмтэл сэдэрч цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Эдгээр бөхчүүд өмнө нь таван удаа оноолт таарахад Лхамдэгд нэг удаа ялж байжээ.

Эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд АНУ-ын жүдоч Кейла Харрисон алтан медаль, Францын тамирчин Одри Чеумео мөнгөн медаль, Словенийн тамирчин Анамари Веленсэк, Бразилийн тамирчин Мейра Агуиар нар хүрэл медаль хүртжээ.

Б.ТҮВШИНБАТ ЯЛАГДЛАА

 

Боксын 69 кг-ийн тулаанууд энэ өдөр явагдав. ОУХМ Б.Түвшинбат шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Ирландын Стивен Доннеллитэй нударга зөрүүлсэн юм. "Риоцентро" ордонд гурван үе үргэлжилсэн уг тулаанд Ирландын тамирчин 2:1-ийн харьцаатай илүүрхэв. Ингээд Азийн аваргын хошой хүрэл медальт манай тамирчны хувьд олимп өндөрлөлөө. 

Эрэгтэйчүүдийн 69 кг-ийн боксын тэмцээний шигшээ наймын тоглолт Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 14-ний өдрийн 00:15 цагт эхэлнэ. Өнөөдөр Риогийн рингэнд 60 кг-ийн Д.Отгондалай 2-р шатны тулаанаа хийх болно. 

 Риогийн усан замд ОУХМ Б.Дөлгөөн уралдлаа

 

Олимпийн парк дахь Риогийн усан замд ОУХМ Б.Дөлгөөн уралдлаа. Тэрбээр 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн бөгөөд нийт 85 тамирчдаас 60-р байранд эрэмбэлэгджээ. Манай тамирчин 5-р гараанд багтаж 24.90 секундын амжилт үзүүлсэн юм. Тамирчдыг хугацагаар нь жагсааж эхний 16-д багтсан нь финалын шатанд өрсөлддөг. 

Монголын усанд сэлэгчдийн тэмцээн үүгээр дуусаагүй. Анхны олимпдоо оролцож буй усан спортын тамирчин 16 настай, Б.Есүй Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 13-ны 01:11 цагаас эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд өрсөлдөнө.