Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Вилло Белгер: Монголоос ирээдүйтэй олон боксчин төрүүлж дэлхийд шуугиулна гэсэн итгэл төрж байна

Р.Саруул
2016 оны 8 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг

ХБНГУ-ын иргэн Вилло Белгер гэх эрхэм “Монголоос чадалтай, ирээдүйтэй мэргэжлийн боксчдыг гаргаж ирье, хөрөнгө санхүүгээр тусалъя” хэмээн манай улсад иржээ. Тэрбээр Монголын мэргэжлийн боксчин Г.Баяртогтохтой энэ асуудлаар ярилцаж санал бодлоо солилцох үед бид уулзаж ярилцсан юм. 

-Вилло Белгер, та Монголд хэд дэх удаагаа ирж байна?

-Би өмнө нь гурван удаа Монголд ирж байсан. Ирэх бүртээ Улаанбаатар хот танигдахын аргагүй өөрчлөгдөн хөгжиж байгаад сэтгэл тун ханамжтай байдаг.

Хамгийн гол нь танай улсын хөгжил цэцэглэлтээс илүүтэй Монгол хүний эвдрээгүй зочломтгой найрсаг сайхан зан, байгаагаараа байдаг үнэнч сэтгэл намайг Улаанбаатар руу татаж чангаагаад байдаг юм. Би монголчуудад хайртай. Тэгээд ч тэтгэврийн өвгөн надад ингээд дуртай газраа ирээд аялж, амраад явах нь жаргалтай байдаг. 

-Та Монголын мэргэжлийн боксчдод тусалж дэмжих сонирхолтой байгаа гэсэн. Энэ талаараа танилцуулахгүй юу? 

-Тийм ээ. Монгол хүний тэвчээртэй, шазруун занг сайн мэддэгийн хувьд ирээдүйтэй, чадалтай залуусыг дэмжье гэж шийдсэн.

Манайх гэр бүлийн ресторан ажиллуулдаг. Бас сарын өмнө Берлин хотод фитнесс, мэргэжлийн боксын клубээ нээсэн.

Монгол хүний тэвчээртэй, шазруун занг сайн мэддэгийн хувьд ирээдүйтэй, чадалтай залуусыг дэмжье гэж шийдсэн.

Миний сайн найз мэргэжлийн боксын олон удаагийн дэлхийн аварга, проуметр хүн “Монголоос ирээдүйтэй сайн залуучууд байвал олоод ирээрэй” гэж захисан юм.

Өмнө нь мэргэжлийн боксын дэлхийн аварга төрүүлж байсан туршлагадаа тулгуурлан Монголоос залуу ирээдүйтэй олон боксчин төрүүлнэ, дэлхийд шуугиулна гэдэгтээ ч ихээхэн итгэл төрж байна. 

-Таны клубт өнөөдөр мэргэжлийн хэдэн боксчин бэлтгэл хийж байгаа вэ? 

-Ирэх аравдугаар сард анхныхаа тэмцээнийг зохион байгуулна. Тэр тэмцээнд Монголоос мэргэжлийн боксчид оруулах нь миний эхний зорилго. Өнөөдрийн энэ уулзалт их ажил хэрэгч, үр дүнтэй болж байгаа учир бидний яриа бүтэмжтэй байх нь дамжиггүй. 

-Монголчууд төв Азийн нүүдэлчин угсаатай хүмүүс. Энэ өргөн уудам нутагт гуравхан сая хүн эрх тааваараа амьдардаг. Тийм ч болохоор монголчуудын цусанд хэнэггүй, тайван, цаг барьдаггүй нь хэвшил болоод тогтчихсон байдаг. Энэ нь бүхнийг яв цав хийгээд сурчихсан Герман хүмүүст хүндрэлтэй санагддаг уу? 

-Тийм ээ. Анх Монголд ирээд түншүүдтэйгээ өглөөний 09:00 цагт уулзахаар товлотол нөгөөдүүл маань 11:00 цаг өнгөрөөгөөд ирэхэд тун их гайхаж, бас багагүй бухимдаж байснаа санаж байна. Одоо бол монголчуудын энэ зан харин ч надад таалагддаг болсон.

Учир нь Германд ямар нэг хүнтэй уулзахаас өмнө заавал мэдэгдэж, цаг тохирч бөөн юм болж байж нэг юм уулздаг. Харин Улаанбаатарт хүнтэй уулзахаар болвол хэзээ ч хамаагүй, шуудхан очоод өрөөнд нь яваад орж болдог нь үнэхээр сайхан. Энэ зан чанараас германчууд бид суралцах ёстой санагддаг. 

-Та тэтгэвэрт гарсан гэсэн. Их овор багатай харагдаж байна шүү? 

-Баярлалаа. Монгол хүний энэ шулуухан халуун дулаан яриа, зан чанар үнэхээр сайхан санагддаг. Би 1940 оны тавдугаар сарын 14-нд төрсөн, энэ жил 76 настай. /инээв/ 

-Танай гэр бүл хэзээнээс рестораны бизнес эрхэлсэн бэ. Германдаа нэлээн чинээлэгт тооцогдох уу?

-Би 1970 оноос рестораны бизнес эрхэлсэн. Монгол Улстай 1997 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Монголын төлөөлөгчид олон удаа манайд зочлон очиж манайд байрлаж, амарч ажлаа бүтээгээд буцдаг.

Харин 1998 оноос хойш Баянгол дүүрэгтэй түншийн харилцаатай ажиллаж байна.

2002 оноос хойш Баянгол дүүргийн 38 дугаар сургуультай түншийн холбоотой ажиллаж, зуны амралтаар нь хүүхдүүдийг аваачиж амраадаг. Би Монгол хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Монгол хүн их хүнлэг, найрсаг итгэл даах хүмүүс байдаг. 

-Вилло Белгер, та ямар шалгуураар Монголын залуучууд мэргэжлийн бокст амжилт гаргана гэж бодсон бэ? 

-Хамгийн гол нь Монгол бол Европ биш. Хүмүүсийнх нь зан ааш эвдрээгүй, яг л энэ сайхан онгон дагшин байгаль шигээ өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдсэн нь надад үнэхээр гайхалтай санагддаг.

Монгол Улс гайхалтай хурдан хөгжиж байгаа шигээ Монголын залуучуудад маш их нөөц бололцоо, төрөлхийн дайчин чанар байдаг нь их ирээдүйтэй гэдгийг нь харуулдаг. Энэ бол маш чухал чанар.

Монголчууд хэзээ ч хаалгаа түгждэггүй, үргэлж нээлттэй, инээмсэглэн угтдаг нь маш гайхалтай. Монголчууд Берлинд очвол манай Ханс Белгер зочид буудал үргэлж нээлттэй байна гэдгийг хэлье, та ч мөн зочлон очоорой баярлалаа. 


Г.Баяртогтох: Мэдээж монголчууд бидэнд маш сайхан боломж олгож байна

-Уучлаарай Г.Баяртогтох оо. Энэ сайхан сэтгэлтэй Герман хүн Монголоос чадалтай, ирээдүйтэй мэргэжлийн боксчдыг гаргаж ирье. Хөрөнгө санхүүгээр тусалъя гэж байгаа юм байна. Энэ саналыг та юу гэж бодож байна вэ. Саналыг нь хүлээн авсан уу?

-Мэдээж энэ бол монголчууд бидэнд маш сайхан боломж олгож, халуун гараа сунгаж байгаа хэрэг юм. Өнөөдрийг хүртэл Монголын цөөхөн мэргэжлийн боксчид бид ёстой л бор зүрхээрээ явсаар ирлээ. Д.Лхагва, Ч.Цэвээнпүрэв, С.Шинэбаяр гээд бидний хэдхэн хүн Монголын мэргэжлийн боксыг дэлхийд гаргах гэж чадан ядан зүтгэсээр ирсэн ч дэлхийд гарч хараахан чадахгүй байгаа нь өнөөх л хөрөнгө санхүүтэй холбоотой. 

Харин энэ сайхан сэтгэлтэй Герман хүн биднийг баруун Европын мэргэжлийн боксын нэгэн том төв Германд гаргая, хөрөнгө санхүү бүх зүйлээр ивээн тэтгэе, тусалъя гэж байгаа нь үнэхээр азтай завшаан юм.

Яг өнөөдрийн тухайд Монголоос мэргэжлийн боксын рингэнд ид тулалдаж байгаа нь АНУ-д тоглож байгаа, гавьяат тамирчин Н.Төгсцогт, нутагтаа тулаан зохион байгуулж, өөрөө ч тулалдсаар байгаа би гээд хоёрхон л хүн үлдсэн байна.

Яах вэ, шинэ залуу хүүхдүүд гарч ирж байгаа ч хөрөнгө санхүүгийн дэмжлэггүй болохоор нэг л мэдэхэд алга болчихсон байдаг. Харин одоо Вилло Белгер гуайтай харилцаа холбоо тогтоосноор энэ байдал ард хоцрох байх гэсэн итгэл төрж байна. 

Герман бол маш олон мэргэжлийн боксын дэлхийн аварга төрүүлсэн, баруун Европын нэгэн гол төв учраас Вилло Белгер гуайгаар дамжуулан Германы мэргэжлийн боксын томоохон мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож, Монголын өсөх ирээдүйтэй залуучууд, эмэгтэй боксчдыг Европ, тэр дундаа Германд гаргах үүд хаалга нээгдэж байна гэж ойлгож болно. 

-Г.Баяртогтохын хувьд анх хэдэн оноос боксоор хичээллэж эхэлсэн бэ? 

-Би 1994 оноос бокс тоглож 1997-2000 онд Үндэсний шигшээ багийн тамирчин байгаад 2000 оноос мэргэжил рүү шилжиж АНУ, БНСУ-д тулалдаж байгаад гурван жилийн өмнөөс 20 орчим кг жин өгсөж 90.7 кг-д тулалдаж байна. Сүүлийн гурван жилд гурван тулаан зохион байгуулж, БНСУ-ын боксчинг хүнд цохилтоор буулгаж авсан. 2002 оны Залуучуудын дэлхийн аварга цолтой. 

-Тэгвэл өөрийн тань хувьд мэргэжлийн рингэнд тулалдахаас гадна олон тулаан зохион байгуулсан гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу? 

-Миний хувьд сүүлийн гурван жил мэргэжлийн боксын тэмцээнийг жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд одоо дөрөв дэх удаагаа, тэгэхдээ Азийн аваргын тэмцээнийг Тайландын боксчинтой хийхээр дэлхийн боксын холбооноос албан ёсны бүх зөвшөөрлийг аваад ирэх сарын сүүлчээр Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажил жигдрээд явж байна. 

Би өөрөө энэ Тайландын боксчныг ялчихвал өнөөдөр эзэнгүй байгаа 90.7 кг-ын Азийн аварга цолыг эзэмшиж, мэргэжлийн боксын рейтинг маань дэлхийн эхний 10-т орж ирэх боломжтой болох юм. Урьд нь мэргэжлийн боксын Залуучуудын дэлхийн аварга болж байсан.

Дэлхийн боксын голлох дөрвөн том холбооны хоёрынх нь эхний 10-т ороод ирвэл гадагшаа гарч тулалдах олон боломж нээгдэнэ, шагнал урамшуулал ч нэмэгдэх сайхан боломж гарч ирнэ. Одоо миний зохион байгуулахаар бэлтгэж байгаа Азийн аваргын энэ тэмцээнд Азийн боксын холбоо, дэлхийн боксын холбооноос гээд 10 гаруй хүн ирнэ. 

Мэдээж хөрөнгө санхүүгийн асуудал байгаа ч товлосон хугацаандаа тулаанаа зохион байгуулна. Одоогоор тэмцээн зохион байгуулах багаа бүрдүүлээд явж байна. 

-Мэргэжлийн боксчин Г.Баяртогтохын хувьд мэргэжлийн рингэнд хэдэн удаа гарч ямар амжилт үзүүлсэн бэ? 

-Миний хувьд 2003 онд АНУ-ын Лас Вегас гурван тулаан хийж байсан. Эхний тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байсан бол сүүлийн хоёр тулаандаа оноогоор ялагдаж, тэгээд менежертэйгээ таарахгүй тэндээс явсан.

Дараа нь БНСУ гээд олон газар тулалдаж байлаа. Мэргэжлийн рингэнд 31 тулаан хийснээс зургаа ялагдаж, 25 ялж байснаас 22-ыг хүнд цохилтоор буулган авч байсан.

Зураг