Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Манай тамирчдын өрсөлдөгчид хэн бэ?

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Жүдогийн +100 кг: Б.ТЭМҮҮЛЭН 

Олимпийн нээлтийн ёслолд эх орныхоо төрийн далбааг барьж, шигшээ багийн тугчаар ажилласан Б.Тэмүүлэн жүдогийн шигшээ багийн хамгийн сүүлчийн тамирчны хувиар өнөөдөр барилдаанаа хийх гэж байна. Тэмүүлэн дэлхийн чансааны 16-р байрт бичигдэж байгаа бөгөөд оюутан байхдаа Бүх Японы оюутны аваргаар тодорч байсан билээ.

Түүний хувьд сугалаа нэлээн хүнд таарсан гэж хэлж болно. Учир нь сүүлийн жилүүдэд энэ жинд босоо байгаа, жүдогоос төрөн гарсан хамгийн супер оддын нэг, чансааг тэргүүлэгч Тедди Ринертэй нэг хэсэгт, мөн таарч барилдахаар оноолт татжээ. Гэхдээ эхлээд манай бөх Алжирын бөх Мохамед Тайебтай барилдана. Энэ жилийг оролцуулаад нийт гурван удаа Африкийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Тайеб манай Ө.Дүүрэнбаярыг 2 удаа ялж байсан гэнэ.

2-р тойрогт өмнө дурьдсанчлан манай бөхийг  Лондоны олимпийн аварга, “Тедди баавгай” Ринер хүлээж байгаа. Францын шигшээгийн тугийг барьж нээлтэнд жагссан Ринер 8 удаа дэлхийн аварга болсон амжилтыг урьд өмнө хэн ч үзүүлж байгаагүй.  2011 оноос хойш албан ёсны тэмцээнд ялагдаж үзээгүй “агуу” амжилттай нэгэн. Манай улсад шигшээгийнхээ хамт бэлтгэлжилтэнд хамрагдахаар ирж байсан тэрээр Б.Сугаржаргал, Н.Батсуурь нартай барилдан тус бүр нэг, нэг ялж байлаа. Маш хүнд оноолт, гэхдээ боломжгүй зүйл гэж спортод байдаггүйг энд нэг сануулъя.

Боксийн 60 кг: ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ - Д.ОТГОНДАЛАЙ – Р.БЕНБАЗИЗ /Алжир/
 

 

Инчён 2014 Азийн наадамд түрүүлж, боксоос төрсөн анхны азийн наадмын аварга болж байсан Д.Отгондалай өнөөдөр шөвгийн наймын тоглолтоо хийх болно. Түүний хувьд өмнөх тойрогт Нидерландын Энрико Лакрузтай маш хүнд тулаан хийсний эцэст ялснаар энд ирээд байгаа. Гарцаагүй манай боксын шигшээгийн гол найдваруудын нэг. Азийн наадмаас гадна азийн аварга, эрх олгох тэмцээнүүдэд түрүүлж, форм тун сайн байгаагаа харуулаад байгаа.

Түүний өрсөлдөгч Р.Бенбазиз өнгөрсөн жил Африкийн тоглолтын аварга болсон 22 настай боксчин. Хамгийн анх 2013 оны ДАШТ-д оролцож 2-р тойрогт үлдэж байсан тэрээр AIBA-ийн клубын системт мэргэжлийн боксийн тэмцээн World Series of Boxing-ийн хамгийн шилдэг тамирчдын нэг гэдгээрээ олонд танигдсан. “Алжирын цөлийн харцагууд” багт харьяалагддаг тэрээр 2015 онд WSB-д нийт 6 тулаан хийхдээ 5-д нь, тэр дотроо Куба, ОХУ, Украйны шилдэг боксчдыг ялсан нь онцлох үзүүлэлт мөн. Африктаа сүүлийн жилүүдэд босоо байгаа тэрээр энэ жингийн энэ тивийн гол найдвар.

Усанд сэлэлт: Эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөл – Б.ЕСҮЙ
 

 

Олимпийн наадамд оролцож буй манай тамирчдаас хамгийн отгон нь болох 16 нас хүрээд удаагүй байгаа Б.Есүй өнөөдөр уралдаандаа оролцоно. Орхон аймагт суралцаж, мөн бэлтгэл сургуулилтаа базаадаг тэрээр 6 настайгаасаа хойш усанд сэлэлтээр хичээллэж байгаа бөгөөд ДАШТ, азийн наадам, дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон туршлагатай нэгэн. 5-р сард зохиогдсон улсын аварга шалгаруулах тэмцээнд 50 болон 100 метрийн өврөөр даллах төрөлд улсын дээд амжилтыг 29,90 секундын амжилтаар шинэчлэн тогтоосон юм.

Манай тамирчин 4-р гараанд Маршаллын Арал, Танзани, Сенегал, Малави, Палестин, Камбож болон Микронезийн арлын тамирчидтай багтсан байна. Түүнээс илүү амжилт үзүүлсэн 3 тамирчин л энэ гараанд байгаа бөгөөд 29 секунд дотор амжилттай ганц тамирчин бий. Тиймээс түүний хувьд өөрийн гараандаа эхний гурван байрт хүрэх боломжтой.