Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: ЖҮДОГИЙН 5 дахь өдрийн ӨМНӨ

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 10
iKon.MN
 

Эрэгтэйчүүдийн 90 кг: Л.ОТГОНБААТАР

Өнгөрсөн жилийн Астанагийн ДАШТ-д алдарт И.Илиадис, Э.Гонзалез, Г.Дон Хан зэрэг гурван ч дэлхийн аваргыг буулгаж аван, өөрийгөө дэлхий нийтэд зарлан тунхагласан Л.Отгонбаатар өнөөдөр барилдаанаа хийнэ.

Өнгөрсөн жилийн ДАШТ-д дэлхийн гурван удаагийн аварга И.Илиадасыг хожиж шуугиан тарьсан бичлэг

Дэлхийн чансаанд 8-р байрт бичигдэж буй тэрээр тун хүнд сугалаа татсан ч хэнийг ч буулгаж чадах чадварлаг бөх гэдгээ хангалттай харуулчихаад байгаа нэгэн.

Эхний тойргоо гоц мөргөн өнгөрөөж буй түүний 2-р тойргийн өрсөлдөгч нь Нидерландын Ноел Ван Т Энд байх болно. Энэ жил онцгой сайн байж, Чиндао, Минск, Самсунд дараалан түрүүлснээрээ дэлхийн чансааны 3 хүртэл дэвшсэн тэр одоогоор 6-р байрт бичигдэж байгаа. CBS-ийн судалгаагаар түүнийг энэ олимпоос хүрэл медаль авах тамирчны жагсаалтанд оруулсан байсныг мөн дурьдая.

Гэхдээ манай Отгонбаатар түүнийг өнгөрсөн оны төгсгөлд болсон Абу Дабигийн их дуулгын финалд ялж байжээ.

Түүнийг давбал манай бөхийг Лондоны олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Кубын Эсли Гонзалез хүлээж байх магадлалтай. Гонзалез өнгөрсөн жил ДАШТ-д багийн төрөлд манай бөхөд ялагдчихсан “ууртай” байгаа. Гэхдээ Гонзалез эхлээд Болив болон Украйны тамирчдыг хожих ёстой. Энэ хэсгийг Гүржийн бөх, дэлхийн аваргын мөнгөн медальт Варлам Липартелиани тэргүүлж байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн 70 кг: Ц.НАРАНЖАРГАЛ

 

Эмэгтэйчүүдийг төлөөлөн өнөөдөр Ц.Наранжаргал зодоглоно. Олимпийн эрхийн төлөөх эрчтэй дайралтаа нэлээн орой эхлүүлж, энэ жил магадгүй хамгийн олон тэмцээнд барилдсан бөхчүүдийн нэгт тооцогдох тэрээр чансааны 17-р байрт эрэмблэгдэж байгаа бөгөөд А хэсэгт багтсан байна.

Тэрээр эхлээд Гүржийн туршлагатай бөх Эстер Стэмтэй барилдана. Энэ жилийн Европын аваргаас мөнгөн медаль хүртэж байсан Стем 2011 оны Универсиадын аварга нэгэн. Манай бөхтэй анх удаа барилдана. Харин 2-р тойрогт Канадын Келита Зупанчич манай бөхийг хүлээж байх болно. Чансаагаар манай бөхийн яг дээр бичигдсэн Зупанчич тивдээ 4 удаа аваргалсан, канадуудын эмэгтэй жүдогийн гол найдваруудын нэг. Наранжаргал түүнийг 2014 оны Улаанбаатарын гран прид хагас шигшээд ялж, түрүүлж байлаа. 

Мэдээж энэ хэсгийг дэлхийн чансааг тэргүүлэгч Нидерландын Ким Поллинг тэргүүлж байгаа. Гэхдээ түүний хэсгийн аваргын төлөө шалгарч үлдэх зам тийм ч амар биш харагдаж байна. Өнгөрсөн жилийн Улаанбаатарын гран пригээс мөнгө авч байсан  Чао Жуг ялж чадвал тэр Японы Харуко Тачимототой барилдана. Тачимото Парис, Тюмений их дуулгад түрүүлчихээд байгаа нэгэн юм. 

Ц.Наранжаргал 2 жилийн өмнө нутагтаа 2-р тойрогт таарах боломжтой К.Зупанчичийг ингэж хожиж байлаа.