Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Жүдогийн ГУРАВ дахь өдрийн өмнө

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 8
iKon.MN
Эрэгтэйчүүдийн 73 кг: Г.Одбаярт өөрийгөө батлан харуулах боломж бий

Энэ жинд дөрвөн жилийн өмнөх Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан МУГТ С.Ням-Очирыг “гэрт нь үлдээж”, медалийн буухиаг таслахгүй үргэлжлүүлэх даалгавар ОУХМ Г.Одбаярт бий. Өнгөрсөн жилийн ДАШТ-д 5-р байрт орж, Мастерсаас мөнгө, Азийн наадмаас мөнгөн медаль хүртээд буй түүний хувьд анхны олимпдоо оролцож буй нь энэ.

 

Сугалааны хувьд тэрээр эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогт Египтийн бөх Мохамед Мохелдинтэй барилдах болсон. Сүүлийн хоёр жил Африкийн аварга болсон Мохелдин манай бөхийг өнгөрсөн жилийн Тбилисийн гран прид ялж байсан удаатай. Түүнийг ялбал шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө АНУ болон цагаан хуудсаар оролцож буй Нигер улсын бөхчүүдийн хожсонтой барилдах сугалаа татсан.

Америкийн Н.Делпополобол Лондонгийн олимпоос марихуана хэрэглэсний улмаас хасагдаж, түүнийхээ дараа өөрөө мэдэхгүй, санаандгүй хар тамхитай бялуу идсэн хэмээн “мэлзэж” алдаршсан нэгэн. Одбаяртай  гурав барилдахдаа  хоёр ялж байжээ.

Түүний хэсгийг Европын хошой аварга Израйлын Саги Муки толгойлж байгаа. Өнгөрсөн жилийн Астанагийн ДАШТ-д дагах барилдаанд манай Ням-Очир түүнийг ялж байсан удаатай.

Дашрамд дурдахад өнгөрсөн жил Улаанбаатарын Гран Прид түрүүлж шуугиан тарьсан Өвөрмонголын бөх Сайнжаргал Хятадын нэрийн өмнөөс олимпод оролцож байгаа бөгөөд эхний тойргийн барилдаанаа Бразилын бөхтэй хийх болжээ.

Өнгөрсөн 5-р сард Г.Одбаяр Гуадалахарад болсон Мастерсийн тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч БНСУ-ын Ан Чанримыг ялсан билээ.

 

Эмэгтэйчүүдийн 57 кг: Д.Сумъяа олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болж чадах уу?

Олимпийн наадмын өмнөх олон улсын судалгааны байгууллагуудаас гаргасан таамгаар энэ жинд медаль хүртэх бөхчүүдийн жагсаалтанд манай бөх Д.Сумъяа тогтмол багтаж байгаа. 57 кг-ийн жинд дэлхийн чансааг тэргүүлэгч тэрээр дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэн, Мастерсийн тэмцээнд  гурав дараалан түрүүлсэн ид ирэн дээрээ Риод ирээд байна. 

 

Түүний хувьд А хэсгийг толгойлж байгаа. Эхний тойрогтоо гоц мөргөсөн тэрээр 2-р тойрогт Нидерландын Санне Верхагентай барилдах магадлал өндөр. Гэхдээ Верхаген эхлээд Сенегалын бөх, Африкийн аварга Хортанс Диедхиоуг буулгах ёстой. Манай Сумъяа 2014 оны Челябинскийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Верхагенд ялагдаж байсан удаатай. Гэхдээ 5-р сард Гуадалахарад түрүүлэхдээ эхний тойрогт түүнийг “савжээ”.

Манай бөх хэсгийн аваргын төлөө дэлхийн чансаанд 8-т бичигдэж буй Португалын нэрт бөх Телма Монтэйротой барилдах магадлал өндөр болоод байна. Челябинскд хагас шигшээд ялагдсантай нийлээд тав барилдахдаа дөрөвт нь манай бөх хожигдол хүлээж байсан, барилдаан таардаггүй гэж хэлж болох бөх. Гэхдээ яг нэг жилийн өмнө буюу хамгийн сүүлд таарахдаа дэлхийн аваргын дэвжээнээ Сумъяа маань түүнийг дагах барилдаанд хожиж байлаа. Монтейро гэхдээ эхлээд Орос, Шинэ Зеландын бөхчүүдийн хожсоныг ялах хэрэгтэй. Хагас шигшээд манай бөх Лондонгийн олимпийн аварга Японы Каори Мацумототой таарах магадлал өндөртэй байна.

Д.Сумъяа 2014 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Верхагенд ялагдаж байв.