Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: ЖҮДОГИЙН ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ӨМНӨ

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Эрэгтэйчүүдийн 66 кг: Д.Төмөрхүлэгийн цаг ирсэн үү?

Дэлхийн чансааны 2-р байрт бичигдэж буй, 2014 оны Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэгийг олон улсын мэргэжилтнүүд медаль хүртэх өндөр магадлалтай хэмээн нэрлэж байгаа нь санаандгүй хэрэг биш. Дөрвөн жилийн өмнө 21 настайдаа Лондонгийн олимпод зодоглож, төдийлэн амжилттай барилдаж чадалгүй, 2-р тойргоос хасагдаж байсан түүний хувьд ид торгон ирэн дээрээ олимпоос медаль хүртэх бодит боломж байна.

Сугалааны хувьд ч манай тамирчинд нэлээн таатай таарсан гэж хэлж болно. C хэсгийг тэргүүлж буй тэрээр эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогт Саудын Арабын бөх Сулайман Хамадтай барилдана. Энэ жил 22 настай энэ тамирчин цагаан хуудсаар Олимпийн наадамд зодоглож буй юм. Түүнийг хожвол Суринам болон Алжирын бөхүүдийн хожсонтой барилдах учиртай. Суринамаас оролцож буй ганц жүдоч И.Копински мөн л цагаан хуудсаар энэ тэмцээнд оролцож байгаа бол Алжирын бөх Х.Зоурдани нь Африкийн тоглолт болон Африкийн АШТ-д түрүүлж байсан, амжилт нь өсч яваа бөх юм. Тийм учраас 3-р тойрогт түүнтэй барилдах магадлал өндөр.Төмөрхүлэг өмнө нь түүнийг хоёр удаа ялж байжээ.

Үүний дараагаар тэрбээр хэсгийн аваргын төлөө буюу шөвгийн наймд Испаний туршлагатай бөх С.Уриарте эсвэл Германы С.Сайдл нарын нэгтэй таарах боломжтой харагдана. ОХУ-ны М.Пулаевийг эс тооцвол энэ жингийн бусад шилдгүүд бүгд дээд талын бүсд орсон учир манай бөхөд “шанс” их бий. Өсвөр, залуучуудын ангилалд барилдаж байх үеэсээ бөх сонирхогчдын анхаарлыг татаж, олны итгэлийг хүлээх болсон Д.Төмөрхүлэгийн хувьд өөрийгөө дэлхийн тавцанд харуулах жинхэнэ боломж ирээд байна. 

Эмэгтэйчүүдийн 52 кг: А.Цолмонгийн хатуу сугалаа

Энэ жинд удаан хугацааны турш Монголын нүүрийг тахалсан МУГТ М.Бундмааг гэрт нь үлдээж, Риод ирээд буй залуу тамирчин А.Цолмон бол тэмцээнээс тэмцээнд амжилт нь өсч буй бөх. Өнгөрсөн жил Астанагийн ДАШТ-д 7-р байрт орсон нь түүнд их боломж байгааг харуулсан юм.

Түүний хувьд эхлээд АНУ-ын бөх А.Делгадотой барилдах оноолт гарсан. 25 настай Делгадо Пан Америкийн наадмаас хоёр удаа медаль хүртэж, гран при тэмцээнүүдээс 10 гаруй медаль цуглуулсан шаггүй бөх. Тэрбээр М.Бундмаад хоёр удаа,Ч.Аззаяад нэг удаа ялагдаж байсан гэнэ. Харин Цолмонтой анх удаа таарч байгаа ажээ.

Хэрэв түүнийг ялбал А.Цолмон энэ жингийн гол фаворитуудын нэг Японы алдарт бөх, дэлхийн чансааны 3-рт эрэмблэгдэж буй Мисато Накамуратай барилдана. Дэлхийн гурван удаагийн аварга, 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт тэрээр Япончуудад тэмцээний эхний алтыг нь авчрах том амбицтай барилдах нь гарцаагүй. Энэ жил ганцхан тэмцээнд оролцоод түрүүлээд байгаа тэрбээр М.Бундмаатай тав барилдаж бүгдэд нь ялж байжээ. Цолмонгийн хувьд түүнийг ялбал хэсгийн аваргын төлөө  Оросын М.Кузиутинатай барилдах магадлал өндөр. Нэг ёсондоо манай бөх тун хүнд сугалаа татсан, гэхдээ харьцангуй бага судлагдсан, мөн эрчтэй залуу бөхөд хожил авах магадлал багагүй бий.