Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Дамдинсүрэн: Хүнийг 26 хутгалж хөнөөсөн этгээдийг яаж цагаатгаж болдог юм бэ?

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 9
iKon.MN

19 настай иргэн П-г 26 удаа хутгалж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн Д.Буяннэмэхийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн хэмээн үзэж, гэм буруугүйд тооцсон шийдвэрийг БГД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс гаргасантай холбогдуулан талийгаачийн ээж болон өмгөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн "Манай гэрийнхэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс дараагийн шатны шүүхэд хандана" гээд хэргийн мөрдөн байцаалт хэрхэн яаж явагдсан талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр би 19 настай хүүгээ хутгалуулж амиа алдсан байгаа тухай сонссон. Гэмт хэргийг үйлдсэн хүн нь Д.Буяннэмэх гэдэг хүн. Энэ хүн хүүг минь 26 хутгалж амь насыг нь хөнөөгөөд байрны гаднах гараашийн хажууд цогцсыг нь хаяад явсан хэрнээ өөрөө "би хүнд хутгалуулчихлаа" гээд гэмтлийн эмнэлэгт очоод хэвтчихсэн байсан.

Ингээд хэрэг үүсч, мөрдөн байцаалтын явцад буруутгаж байсан зүйл заалт, эмчийн дүгнэлт өөрчлөгдөөд шүүхээс цагаатгачихсан. Эхлээд гурван эмчийн хамтарсан дүгнэлтээр "Д.Буяннэмэхийг хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан" гэсэн бол дараа нь энэ чиглэлээр мэргэшсэн н.Ганбат гэх эмчийн дүгнэлтээр "хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан" болчихсон.

Хүнийг 26 хутгалж, амь насыг хөнөөсөн хүнийг яаж цагаатгаж болдог юм бэ.

Мөн Д.Буяннэмэх гэдэг хүн үнэхээр миний хүүд хутгалуулсан юм уу, эсвэл өөрөө өөрийгөө хутгалсан юм уу гэдгийг огт шалгаж, тогтоогоогүй. Миний хүүгийн цогцсонд криминалистикийн шинжилгээ хийж, хаанаас нь яаж зүссэн аль гараараа яаж хатгасан гээд бүгдийг нь тогтоосон хэрнээ. Д.Буяннэмэхийн биед байгаа шархуудад криминалистикийн шинжилгээ хийе, өөрөө өөрийгөө хутгалж гэмтээсэн эсэхийг шалгая гэхэд шүүх хүсэлтийг маань хүлээж аваагүй" гэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас дурдахад “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр талийгаач П, шүүгдэгч Б нар нь дэлгүүр дотор танилцаж, улмаар талийгаач П-гийн ломбарданд тавьсан гар утсыг чөлөөлөх талаар ярилцаж тохиролцоод шүүгдэгч Б нь өөрийн данснаас 2,000,000 төгрөг авч хамтдаа ломбард руу явжээ. Энэ үед талийгаач П нь шүүгдэгч Б-ийн эзэмшлийн "Тоёото приус" маркийн машины арын суудалд сууж явсан ба хэрэг гарсан газар болох Баянгол дүүргийн VI хороо, бичил хорооллын орчимд гаражуудын мухарт түр зогсоогоод “Дүү гэрээс ломбардны бичгээ аваад гараад ирнэ" гэж хэлээд утсаар ярьж хүлээх зуураа шүүгдэгч Б-ийн араас цохиж, зүүн нүд тус газар нь хутгалж машины арын суудал руу оруулан, улмаар ноцолдож эхэлснээр шүүгдэгч Б олон газраа хутганы шарх авсан ба хариу үйлдэл хийж П-г олонтаа хутгалснаар амь насыг нь хохироожээ” гэсэн байна.
 

Хохирогч талын өмгөөлөгч Д.Ганбат "Хоёр буюу түүнээс удаа хүний биед гэмтэл учруулж, хүний амь насанд хүрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.12-т зааснаар яллах үндэслэлтэй. Энэ нь бусдыг онц хэрцгийгээр санаатай алах гэсэн зүйл заалт юм. Гэтэл шүүх цагаатгачихлаа. Тиймээс шүүх нэг талыг барьж шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа. Ингэж үзэх хэд хэдэн үндэслэл байна.

Шүүх хурлын үеэр би дүгнэлт гаргасан нарийн мэргэжлийн эмчээс доорх асуултуудыг асуусан. Учир нь Д.Буяннэмэхийн бие дээр долоон шарх байгаагаас нэг нь хутга өнгөц дүрсэн бусад нь эсгэсэн шарх байсан.

Өмгөөлөгч: Д.Буяннэмэхийн биед байгаа шархуудыг тэр өөрөө өөртөө үүсгэх боломжтой юу, Эдгээр гэмтлийг авсан үедээ талийгаачийг ингэж гэмтээж, амь насанд нь хүрэх боломжтой юу?

Эмч: Боломжгүй. 

Өмгөөлөгч: Талийгаачийн бие дээрх шархууд үүсэх үед Д.Буяннэмэх биедээ ямар шарх авсан байсан бэ? 

Эмч: Д.Буяннэмэх эрүүл байхдаа талийгаачийн бие дээрх шархуудыг үлдээсэн гэж хариулсан.  Мөн талийгаачийг боосон байсан. Үүнийг шүүх яагаад үнэлж үзэлгүй цагаатгасныг ойлгохгүй байна.

Хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, цочирдсон байсан гэх эмчийн дүгнэлттэй Д.Буяннэмэхийн мэдүүлэгт "Би талийгаачийн амин тус газарт хутгалаагүй, Би талийгаачийг хөнөөгөөгүй" гэж байгаа. Эмчийн тайлбараар бол цочирдсон хүний ухаан санаа нэг ороод нэг гараад байдаг юм гэсэн. Тэгэхээр ухаан орохоороо амин бус газар нь хутгалаад л, ухаан нь самуурахаар хаа хамаагүй сийчээд алчихсан хэрэг үү" хэмээн ярилаа.