Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагуудад авлига хээл хахууль, албан тушаалын болон эдийн засгийн гэмт хэргүүд олноор шалгагдаж нийгэмд дуулиан тарьж байсан.
Гэтэл одоо дээрх хэргүүд шалгагдаж байгаа эсэх, шийдэгдсэн бол ямар хүмүүсийн хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн гэх мэдээллийг хуулийнхан олон нийтэд мэдээллэсээр ирсэн.
Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан Санхүү бүртгэл төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган нарыг халамжийн мөнгийг завшсан байж болзошгүй хэргээр цагдан хорьж байгаад батлан даалтад гаргаж байсан.
Тэднийг ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон.
Дээрх нэр бүхий хүмүүсийг албан тушаалаа урвуулан өөрсдийн ах дүү нарын нэр дээр 20 орчим компани байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан төдийгүй тэднийг ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон. Энэ тухай мэдээлэл баривчилгааны дараахан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байсан.
Тэгвэл энэ үйл явдлаас хойш бүтэн хоёр жил гаруйн хугацаа өнгөрчихөөд чухам хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээлэл өнөөг хүртэл алга.
Уг нь тухайн үед цагдаагийн байгууллагаас нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эзэддээ очсон эсэхийг нягтлахад цаг хугацаа, ажиллагаа шаардах учраас томоохон хүчээр ажиллаж төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж мөрдөн байцаалт явуулж ажиллагаа дуусч, дүн мэдээгээ нэгтгэж байна гэх мэдээллийг өнгөрсөн оны наймдугаар сард өгч байсан ч сураг алдарчээ.
Бас нэг дуулиан тарьж байсан нь Нийгмийн даатгалын байцаагчид нас барсан хүний нэрээр мөнгө завшсан гэх хэрэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дуулиан тарьсан уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байсан.
Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан гэх хэрэг юм.
Харин энэ хэргийн талаар НДЕГ-ын удирдлагуудын хэлж буйгаар “Хэрэг шийдэгдэж худал мэдээлэл болох нь тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллага бидэнд албан ёсоор мэдэгдсэн.
Тиймээс та бүхэн энэ худал гүтгэлгийн чанартай мэдээллийг гаргахгүй байхыг хүсч байна” хэмээн бидэнд хэлж байсан юм. Хэрвээ үнэхээр энэ хэрэг гүтгэлгийн чанартай байсан бол цагдаагийн байгууллага нийгэмд дуулиан тарьсан шигээ залруулж яагаад болохгүй гэж. Тиймээс олон нийт хийгээд хэвлэлийнхэн энэ хэргийг яаж шийдэгдсэн талаарх баримттай мэдээллийг авахыг хүссэн.
Угтаа бол энэ асуудлыг хэн гэгч этгээд ямар шалтгааны улмаас олон мянган Нийгмийн даатгалын ажилчдын нэр хүндэд халдах болов гээд асуудал цааш хөвөрч гэм буруутай хүмүүс нь тогтоогдох байсан гэсэн үг.
Төслийн нэрээр гадна дотныхонтой нийлж “Шинэ төмөр зам төсөл”-өөс ихээхэн хэмээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод буй Х.Баттулга ба түүний нөхдийн хэрэг.
Яг үнэндээ энэ хэрэг нийгэмд дээрхүүдээс илүү шуугиан тарьж сүртэй гэмээр баривчилгаануудыг хийж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн улмаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм.
Тодруулбал, уг хэрэгт холбогдоод буй ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхдээ улсаас онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэмээн баривчилж “Самсунг Си Энд Ти” компанийн захирал солонгос эрийг хүртэл хэрэгт буруутгасан юм. Гэвч энэ хэрэг одоог хүртэл шийдэгдэлгүй бас л сураг алдрах тийшээ орж буй юм.
Дараагийн дуулиант асууда бол БХЯ-ны Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийн гэх хэрэг. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр АТГ-ын мөрдөгчид үйлдэл дээр нь илрүүлсэн гэдэг. Ж.Алтансүхийг тус яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор иргэн М-ээс хахууль авч байсан гэж үздэг юм билээ.
Ямартай ч энэ мэтээр цааш тоочвол эдийн засгийн асар олон гэмт хэрэг болон албан тушаалын хэргүүд өнөөг хүртэл эцэслэн шийдэгдэлгүй хэрхсэн нь бүрхэг хэвээр байгаа юм.
Угтаа бол цагдаагийн байгууллагаас иймэрхүү төрлийн гэмт хэргийг шалгаад прокурор шүүх рүү очдог ч ямар нэгэн байдлаар дарагдаж дээрээс ирсэн “том” ах нарын тушаалын дагуу замхардаг гэдгийг цагдаагийнхан учирлан ярьж байсан нь олон.
Тиймээс энэ мэт нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан эдгээр хэргүүдийг хэрхэн яаж шийдэгдсэн хэрэв шийдэгдээгүй бол ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар хууль хяналтын байгууллагын нэр бүхий удирдлагууд олон нийтэд үнэн зөвөөр мэдээлэх хэрэгтэй байх.