ОБЕГ-аас Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшиг, нэрвэгдэгсдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж, газар дээрх нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал хэлэхдээ "Энэ жил 110 түймэр гарсан байна. Энэ зуны хувьд харьцангуй зуншлага сайтай байна. Нийт газар нутгийн 75 хувь нь зуншлага сайхан байна гэж хэлж болно. Гэхдээ гурван аймгийн зургаан суманд хуурайшилттай байна.
Ер нь 2016 оны хувьд хаа сайгүй усны түвшин нэмэгдсэн, үер ихтэй байгаа.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны долоодугаар сарын 10-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орох үеэр тус сумын 1,6,9,11,13 дугаар багийн нутаг дэвсгэр үерийн усанд автагдан 160 гаруй айлын 640 орчим хүн нэрвэгдэн, 105 байшин нурж, 70 байшин нурах эрсдэл үүссэн билээ. Мөн нэг хүүхэд амь насаа алдсан.
Үүссэн нөхцөл байдлын үед Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар дараах шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Гамшгийн үеэр бол нүүлгэн шилжүүлэх, ариутгах гэх мэт ажлуудыг явуулах хэрэгтэй болдог. Өнөөдрийн байдлаар ариутгалын ажил болон нүүлгэх явц дуусан.
Одоо бол нурсан 110 барилга, 70 барилга нурахад бэлэн болсон байгаа бөгөөд нурсан барилгуудыг цэвэрлэх асуудал үлдсэн. Түүнчлэн гамшигт өртсөн хүмүүсийг хэвийн амьдрал руу нь хурдан оруулах тал дээр ажиллаж эхэлсэн.
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:
Бид хүмүүнлэгийн тусламжуудыг хэрэгтэй хүнд, хүрэх ёстой газарт нь хүргэж байгаа.
Одоогийн байдлаар дараах тусламжууд ирсэн:
Ингээд нийт дотоодын таван байгууллага, аж ахуй нэгжүүдээс 69.2 сая төгрөгийн хүмүүнлэгийн бараа, материалыг хандивласан бөгөөд уг ачааг тээвэрлэх 17.3 сая төгрөгийн зардлыг “Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллага шийдвэрлэж хүргэсэн.
Монгол Улсын Засгийн газраас болон аж ахуйн нэгжээс нийт 393.8 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
Түүнчлэн АСЕМ-ын хуралдааны үеэр Казахстан улсын ЗГ-аас гамшигт нэрвэгдсэн орон нутаг, хүмүүст 200,000 ам.доллар олгохоор шийдвэрлэсэн билээ.
ОБЕГ-аас хүмүүнлэгийн тусламж хэнд, ямар байдлаар олгогдсон талаар хяналт шалгалт тавьж байгааг хэлэхэд таатай байна.
Мөн аймгийн зарим аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрсдийн сайн дурын үндсэн дээр үерийн усны аюулд нэрвэгдсэн иргэдийн шинээр суурьшсан газарт тусламж үзүүлэх ажпыг зохион байгуулж байна. Үүнд:
Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын даргын 2016 оны долоодугаар сарын 19-ний өдрийн А/416 дугаар захирамжаар Өлгий сумын 1,6,9,11,13 дугаар багуудын үерт нэрвэгдэж орон гэргүй болсон айл өрхөд дэмжлэг үзүүлэх, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, гамшгийн үеийн цахилгааны гэмтлийг засварлах, бохирлогдсон талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, газрын хөрсний бохирдлыг цэвэрлэх.хог ачуулах, далан босгох, авто замыг сэтлэх зэрэг ажилд нийт 107.3 сая төгрөг зарцуулсан.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон байгалийн гамшиг уруйн үерийн хор хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар, Баян-Өлгий аймгийн Онцгой комисс, иргэд аж ахуйн нэгж, олон улсын байгууллагаас нийт 552.5 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Түүнчлэн Засгийн газрын анхны хуралдаанаар орон гэргүй болсон 70 өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн гэрийн үнэ, гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх хүнсний бараа материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, тээврийн зардал, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Улсын онцгой комиссын ажлын хэсгийн томилолт болон нислэгийн зардалд шаардагдах 329.5 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.
Түүнчлэн Ерөнхий сайд болон Шадар сайдаас бидэнд "Хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй" гэсэн үүрэг өгсөн. Тиймээс ОБЕГ нь цаашид уриалга гаргаж, ажиллаж эхэлсэн.
Эцэст нь хэлэхэд, Монголчууд бид өөрсдийн аюулгүй байдлыг хангах, хэн нэгэн амь насаа алдах гэж байвал туслахыг хүсч байна" гэв.