Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний ногооны үнэ "газардаж" байна

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 28
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Шороо нь арилаагүй шар төмс, хуруу хэрийн урттай улаан лууван, дунд зэргийн байцаа лангуун дээр өрөөстэй. Эрт ургацын төмс, хүнсний ногоо худалдаанд хэдийн гарчихаж. Баянзүрх худалдааны төвийн зүүнтээх ногооны тасагт номин өнгө голлож, шаргал, улаантай хослон харагдана. 

Жирийтэл нь өрсөн шар төмс газрын хөрснөөс гараад удаагүй байгаа. Дэргэдэх лууван ч ялгаагүй. Саяхан хөрснөөс сугалж, лангуун дээр өржээ. Харин байцаа зэрэг зарим навчит ургамал цөөнгүй өдрийг үдэж байна. Эднээс хэдэн өдрийн өмнө хүлэмжийн ургамлууд энд "төвхнөсөн". Улаанлооль, өргөст хэмх, тарвас, таримал сонгино, хууцай тэргүүтэн хүлэмжээс хэдийн гарчээ.

Шинэ ургацын эдгээр ногоо харьцангуй эрт болц нь гүйцэж, хэрэглэгчийн гарт хүрч байгааг худалдаачид хэлж байна. Нээрэн, эрт байгааг худалдан авагчид ч хэлж байв. Бас итгэж ядан, импортын ногоо хэмээн сэжиглэх нэгэн ч байна. Харин худалдаачид хариуд нь богино болцын үрээс үүдэлтэй болохыг тайлбарлаж байна.

Тодруулбал, 60 хоногийн борцтой үрээр тарьснаар болц нь ийн эрт гүйцдэг аж. Иймд хаврын тариалалт эхлэхэд хөрсөнд булсан үр өдгөө боловсорч гүйцсэн нь энэ.

Мөн импортын болон агуулахад хадгалж байсан лууван 1,500 төгрөгийн үнэтэй. 

Намрын cap эхлээ ч үгүй байхад шинэ ургацтай золгосондоо худалдан авагчид ч баяртай байна. Нэг үеэ бодоход монголчууд ногоо тарьж сурч байна гэж “Баянзүрх” худалдааны төвд хүнсний ногоо борлуулдаг, ахимаг настай эмэгтэй хэлж байв. Үүний учрыг харин дараа тайлбарлая.

Өдгөөгөөс cap гаруйн өмнө нийслэлд хүнсний ногооны үнэ цойлж, иргэдийг цочоох дөхсөнийг уншигч та санаж байж магад. Тэгвэл тэнгэрт тулаад байсан энэ үнийг шинэ ургац бут цохижээ. Шинэ ургац дэлгэрснээр “хуучин” үнэ газарджээ. Ерөнхийдөө нэг төрлийн хүнсний ногоонд хоёр үнэ үйлчилж байна. 

Эхнийх нь мэдээж, “хуучин”, импортын ногооны үнэ. Өнөөх цочоож байсан үнэ ч гэхэд болно. Гэхдээ өдгөө бага зэрэг буурсан. Сарын өмнө 1,000 төгрөг давж байсан килограмм төмсний үнэ өдгөө 600-800 төгрөгт хэлбэлзэж байна. Бас гурваас дээш килограмм төмс авбал 500 төгрөгөөр өгнө гэсэн худалдагч ч байна.

Мөн импортын болон агуулахад хадгалж байсан лууван 1,500 төгрөгийн үнэтэй. Энэ үнэ cap гаруйн өмнө 3,500 төгрөг хүрч, иргэдийг гайхшируулж байв.

Харин Жаргалант, Баянчандмань зэрэг шошготой шинэ ургацын ногоо харьцангуй өндөр үнэтэй байна. Тодруулбал, шинэ ургацын төмс килограмм нь 1,100-1,200, лууван 3,500 төгрөг. Ногооны тасгаар дайрч худалдан авагчдыг хэсэг хугацаанд ажихад тэдний олонх нь шинэ бус хуучныг түлхүү сонгож байлаа. Хоёр янзын үнийг нь сонсмогцоо арай хямдыг нь сонгож байх жишээтэй.

Гэхдээ аль алиных нь үнэ цаашид улам уруудна гэдгийг борлуулагчид хэлж байлаа.

Хүнсний ногооноос гадна хүлэмжид “торнисон” улаанлооль 3,500-5,000, өргөст хэмх 2,500-3,500 төгрөгийн үнэтэй. Хүлэмжийн ургамлуудыг автобусны буудлын ойролцоо жижиг цэгүүдээр борлуулж байна. Мөн ил задгай борлуулж буй тохиолдолд цөөнгүй байгааг уншигч та харж буй биз.

Харин одоо дээр тайлбарлалгүй орхисон эрт ургацын ногоо харьцангуй эрт дэлгэрсний учрыг хэлье. Монгол Улсын Засгийн газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран сүүлийн жилүүдэд “Монгол төмс” хөтөлбөр хэрэгжүүлсэн. 

Монгол Улс төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо 44 хувийг дотоодоосоо хангаж буй.

Мөн “Монгол хүнсний ногоо” хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлжээ. Энэ хүрээнд төмс, хүнсний ногооны үрийг шинэчилж байна.

Ингэснээр Монгол орны цаг уурт тохирсон, эрт борцтой үр ч нэлээд тархжээ. Шинэ үр ч шимээ өгч эхэлсний илрэл нь энэ.

Монгол Улс төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо 44 хувийг дотоодоосоо хангаж буй. 2016 онд ч энэ жишгээр ургац хураан авахаар төлөвлөж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр энэ зун тариаланд тааламжтай байвал 75 мянган тонн хүнсний ногоо, 130 мянган тонн төмс хураан авах төлөв бий. 

Энэ нь ч биеллээ олох найдвар байгаа аж. “Учир нь нийт нутгаар зуншлага сайн. Тиймээс үр тариа, төмс, хүнсний ногооны болц хэвийн байгаа” гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ.

Зураг