Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн Д.Өнөрболор гэгч хэн бэ?

ikon.mn
2016 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ хүний тухай Монголын хэвлэл мэдээлэл өнөөг хүртэл дорвитой мэдээлэл өгөөгүй. Хэн гэдэг хүн, хаанаас гарч ирээд, мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газарт Барилга хот байгуулалтын Яамыг хариуцахаар болов? гэдэг асуулт л хөвөрсөн.

Тэгвэл Өнөрболор гэгч хэн болохыг эрэн сурвалжилснаа хүргэж байна. Түүнийг Сөүл группийн захирал Өнөрболор гэдэг болохыг л мэдээлсэн. 40 нас шүргэж буй, гурван хүүхдийн эх, нөхөртэйгээ хамт амьдардаг. МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг солонгос хэл судлалаар төгссөн юм байна. Солонгос хэл судлал чиглэлээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, Монгол улсын бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгч болтлоо өөрийгээ таниулсан байна. Түүнтэй Сөүл ресторан холбогддог. Сөүл компанийг анх 1990-ээд оны дунд үеэс үүсгэн байгуулсан. Олны мэдэх Сөүл рестораныг дээд зэрэглэлийн үйлчилгээтэй ресторан болгож хөгжүүлсэн.

Түүнчлэн бизнесээ өргөжүүлж, шинэ дэвшилтэт техник технологи шийдлийг нэвтрүүлсэн, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмсэн Seoul Royal Castle, Seoul Green house зэрэг олон арван орон сууцны барилга байгууламжийг бүтээн босгож өнөө цагийн чадварлаг, шилдэг удирдагч болохоо харуулсан гэж мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг юм байна.

Өнөрболор нь, Монгол улсын Барилгын төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зураг төслийн болон бусад чиглэлээр тэргүүлэгч 150 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн салбарын голлох төрийн бус байгууллага болох Монголын Барилгын Үндэсний Ассоциаци /МБҮА/-ийн удирдах зөвлөлийн гишүүн, ассоциацийн дэд ерөнхийлөгчийн сонгуультай, нийгмийн идэвх санаачилгатай монгол бүсгүй гэдгийг олж мэдлээ.

Тэрээр барилгын салбарыг хөгжүүлэх, орчин үеийн ололт амжилт, шилдэг технологи, ноу хау-г Монголд нутагшуулах, гишүүн компаниудыг чадавхжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудалд санаачлага гарган, салбарынхныгаа манлайлан ажилладаг. Ялангуяа, барилгын салбарт нэн хүндээр туссан эдийн засгийн хямралтай үед МБҮА-ийг удирдаж салбарыг аль болох бэрхшээл багатайгаар даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулан, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласныг нь тус ассоциацийн хамт олон онцлон тэмдэглэж байна. Түүнд барилгын салбарынхан итгэл найдвар хүлээлгэж байна.

Д.Өнөрболор бол Нийслэлийн МАН-ын Хорооны Тэргүүлэгч гишүүн. Тэр бол барилгын салбарын мэргэжлийн хүн, бэлтгэгдсэн боловсон хүчин. Д.Өнөрболорын хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвар , ажлын арга барил, алсын хараа нь Монголын барилгын салбарыг эдийн засгийн хямралаас гаргахад чухамхүү ус агаар мэт амин чухал хэрэгцээтэй гэж Монголын Барилгын Ассоциаци үзсэнийг нь хуваалцах нь зүйтэй болов уу. Хоёр дахь удаагаа эмэгтэй хүн, гэхдээ анх удаа мэргэжлийн хүн салбараа удирдахаар дэвшсэн нь энэ ажээ. Барилгачин хүнийг хэн гэж, юу гэж тодорхойлдог юм бэ? гэж тус ассоциацийн тэргүүлэгч, Монгол улсын гавьяат барилгачин Нэмэхбаатараас асуутал, "Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь барилгачид бүтээсэн" гэж товчхон хариуллаа. Ийм хүн л Барилгын салбарын сайдад дэвшив. Түүний нэрийг Г.Өнөрболор гэнэ.

НИЙТЛЭЛЧ Ц.ЭНХБАТ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.