Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн Парис дахь оффист цагдаа нар цөмрөн оржээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө үүрээр Парис хот дахь Google компанийн байранд Францын цагдаагийн албан хаагчид цөмрөн орж шалгаж эхэлжээ.

100 орчим мөрдөн байцаагчид оролцсон энэ ажиллагаа нь татвараас зайлсхийсэн хэрэгтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ гэнэ. Францын эрх баригчид Google компанийг Францад төлөх татвараас зугтан, орлогоо Ирландын салбартаа бүртгүүлдэг хэмээн сэжиглэж байгаа юм.

Үүний цаана 1.6 тэрбум еврогийн ашгийн болон нэмүү өртгийн татварын асуудал нуугдаж байгаа гэж үзэж байна.

Хэдхэн сарын өмнө Google Их Британий засгийн газарт 130 сая паундын татвар нөхөн төлөхөөр болсон юм. Google-ийн Европ дахь бизнесийн төв нь Ирландын салбар болдог ба Ирланд нь Европтоо хамгийн бага татвартайд тооцогддог.

Европын орнуудаас олсон орлогоо Ирландын салбартаа бүртгүүлж татвараас зайлсхийдэг гэсэн хардлага олон улсад байдаг аж.

“Энэхүү ажиллагаа нь 2015 оны зургаадугаар сард тус компанид нээсэн татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэргийн мөрдлөгийн үр дүн юм” гэж Францын прокуророос мэдэгджээ.

Google-ийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Бид бусад бүх орны хууль тогтоомжийг дагадгийн нэгэн адил Францын татварын хуулийг мөрддөг. Францын засгийн газрын асуулт тодруулгад хариулахад бид үргэлж бэлэн” гэж мэдэгдсэн байна.

Ер нь Европын улсууд Google компанитай олон талын асуудлаар зөрчилдөж байгаагийн сүүлийн тохиолдол нь энэхүү Парист болсон үйл явдал юм.

 

Эх сурвалж: Telegraph