Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эйр Астана компани Улаанбаатар руу хийх нислэгээ цуцалжээ

ikon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газар зөвшөөрлөө ямар ч үндэслэлгүйгээр цуцалсан тул Казахстаны Эйр Астана компани 2016 оны 6 сарын 2-ны өдөр эхлэхээр байсан Астана-Улаанбаатар чиглэлийн нислэгээ цуцлахаар болсон талаар мэдээлжээ.

Монгол болон Казахстан хоёр улс Агаарын харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1992 онд байгуулсан бөгөөд 2014 онд нислэг нээх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Эдгээр баримт бичигт гарын үсэг зурагдсанаар хоёр улсын хооронд нислэг хийх хууль, эрх зүйн орчин бүрдсэн байна. 

Уг нислэг эхлэхээс 8-н сарын өмнөөс Эйр Астана компани зөвшөөрөл авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн бөгөөд зөвшөөрөл өгөх үйл явц дунджаар 2 сар үргэлжилдэг. Тус компани Монголын Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын шалгалтыг амжилттай давсан бөгөөд тухайн үед аливаа нэмэлт шаардлага тавиагүй байна. Тус байгууллага нислэг үйлдэх зөвшөөрлийг 2016 оны 3-р сард олгосон боловч 4-р сард нь ямар ч тодорхой шалтгаангүйгээр бие даан уг зөвшөөрлийг цуцалсан байна. Агаарын харилцааны гэрээний дагуу бол Монголын зүгээс Казахстаны томилсон агаарын тээврийн компанид зөвшөөрөл олгохгүй байх 3-хан шалтгаан байгаа бөгөөд тэдгээрийн аль нь ч Эйр Астана компанид тохирохгүй байгаа юм. 

Хэдий Казахстаны Гадаад харилцааны яам, Үйлдвэр хөгжлийн яам болон Эйр Астана компанийн зүгээс хүчин чармайлт гаргасан боловч Монголын Иргэний Нисэхийн Ерөнхий Газрынхан цуцалсан шийдвэрээ өөрчлөөгүй бөгөөд хэд хэдэн үндэслэлгүй тайлбар тавьсан байна. Үүнд аудитын шалгалт (тус компанид аудитын шалгалтыг ямар ч асуудалгүйгээр давсан батламж байгаа), Ази-Европын уулзалтыг зохион байгуулахтай холбоотойгоор Улаанбаатарын онгоцны буудлыг 6-р сард хаах тухай болон ИКАО буюу Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллагын хар жагсаалтанд бүртгэлтэй зэргийг дурдсан хэдий ч Эйр Астана компаний нислэгийг аль ч улсад хориглож байгаагүй болохыг тус компанийн зүгээс баталж байна.

Засгийн газар хоорондын Агаарын харицлааны тухай хэлэлцээр нь ИКАО-н 1944 оны Чикагогийн конвенцид суурилсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу Казахстаны зүгээс томилсон агаарын тээврийн компанид нислэгийн зөвшөөрөл олгохгүй байх нь Чикагогийн конвенцийг зөрчиж буй явдал тул Казакстаны тал ИКАО-д гомдол гаргажээ.

Эйр Астана компани өөрсдийнх нь хүчин чармайлтаас үл хамааран нислэгээ цуцлахаас өөр аргагүй байдалд хүрч зорчигчиддоо хүндрэл учруулсандаа гүнээ хүлцэл өчиж байгаа бөгөөд тийз худалдан авсан зорчигчидтойгоо холбогдож байгаа аж.

 

Б.Билгүүн

Эх сурвалж: forbes.kz