Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Энэтхэгээс зээлж буй тэрбум ам.долларыг ДЭД БҮТЦИЙН салбарт зарцуулна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ГХЯ-наас долоо хоног бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал яг одоо болж байна. Гадаад Хэргийн Яамны Консулын газрын захирал Б.Болд, Ази, Ойрхи Дорнод, африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн, Олон талт хамтын ажиллагааны дэд захирал Д.Гэрэлмаа нар өнгөрсөн өдрүүдэд яамнаас хийсэн ажлынхаа талаар ярилаа.

Консулын газрын захирал Б.Болд "ГХЯ-наас Далайд гарцгүй Венагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөтөлбөр семинарыг зохион байгуулсан. 

Монгол Улс Далайд гарцгүй орны хувьд тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг Олон Улсын хамтын ажиллагааны хувьд хэрхэн шийдэх вэ гэсэн асуудлыг танилцуулсан байгаа." гэв.

Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны дэд захирал Д.Гэрэлмаа "Энэ оны дөрөвдүгээр сарын 26-наас 27-ны хооронд Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний семинар боллоо.

Тус хөтөлбөр нь 2014-2024 оны хугацаанд хэрэгжих олон улсын хөтөлбөр бөгөөд Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй 32 орны нэгийн хувьд энэхүү үйл ажиллагаанд өөрийнхөө хувь нэмрийг оруулах тал дээр идэвхтэй ажиллах болно.

Далайд гарцгүй орны хувьд тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар хэрхэн даван туулах, үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрхэн Венийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх вэ гэдгийг үндэсний семинараар ярилцсан байгаа."-г онцоллоо.

Ази, Ойрхи Дорнод, африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн "Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дөрөвдүгээр сарын 27-ноос 29-ний хооронд Энэтхэгт албан ёсны айлчлал хийсэн.

Айлчлалын үеэр Энэтхэг Улсаас Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Түүнчлэн хоёр орны хооронд ялтан шилгүүлэх гэрээний батламж, жуух бичгийг солилцсон.

Түүнчлэн Монгол судлаачидтай уулзалт хийж, төр засгийн одонг гардуулах, судалгааны ажлыг эрчимжүүлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах гэх мэт ажлыг ярилцсан байгаа" хэмээн ярилаа.

Гадаадад байгаа иргэн бүр ухамсартай байх хэрэгтэй

Энэ үеэр сэтгүүлчид дараах асуултыг асуусан юм.

- Япон болон Макаод хулгайн хэргээр баривчлагдлаа. Танай яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Гадаадад гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийг тухайн орны Элчин сайдаар дамжуулан анхааруулга өгч ажилладаг. Гэхдээ иргэдийн өөрсдийн хувь хүний ёс суртахуунтай холбоотойгоор асуудлууд их гарч байна.

Бид иргэний хууль ёсны эрхийг хамгаалах гэж ажилладаг. Мэдээж эдгээр асуудлууд нь улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Тиймээс иргэн бүр ухамсартай байх хэрэгтэй байна.

-Энэтхэгээс авч буй тэрбум ам.долларын зээлийн тухай тодорхой мэдээлэл өгч болох уу?

- Зээлийн тухай ерөнхий хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрт ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн гарын үсэг зурсан.

Парламентын гурван байнгын хороо болох төсөв, эдийн засаг, аюулгүй байдлын хороод хэлэцүүлсний дүнд ерөнхий хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзсэний үр дүнд хэлэлцээрийг байгуулсан.

Ерөнхийдөө дэд бүтцийн салбарт уг тэрбум ам.долларыг ашиглана гэж тохиролцож, баталсан байгаа.

Бид энэхүү хэвлэлийн бага хурлыг Юнителийн 4G LTE сүлжээг ашиглан шууд дамжуулж байгааг хүлээн авна уу.