Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Найз нөхөд морфиноос илүү хүчтэй болохыг туршилтаар баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Найз нөхрийн харилцаа нь аз жаргалын нэг чухал хүчин зүйл гэдэг. Түүнээс гадна биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд тустай, амьдралыг уртасгах нөлөөтэй гэдэг.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар найз нөхрийн харилцаа нь өвчин намдаах онцгой нөлөөтэйг тогтоожээ.

Оксфордын Их сургуулийн судлаачдын гаргасан дүгнэлтээр найз нартайгаа цагийг өнгөрөөх нь эндорфин хэмээх бодисын ялгарлыг нэмэгдүүлж тэр нь сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдгийг баталсан байна. “Эндорфин бол морфиноос ч хүчтэй өвчин намдаагч юм” гэж судалгааны багийн гишүүн Катерина Жонсон хэлжээ.

“Scientific Reports” сэтгүүлд туршилтын дүнгээ нийтлүүлсэн тэд 101 эрүүл насанд хүрсэн хүнийг сайн дурын үндсэн дээр туршилтанд оруулсан гэнэ.

Ингэхдээ тэднийг хананд нуруугаараа наалдан өвдгөө 90 хэмийн өнцгөөр барьж суугаад аль болох удаан тэвчихийг хүссэн байна.

Үүнээс өмнө туршилтанд оролцогсдыг тусгай хүснэгтэд өөрийн хамгийн ойр харилцдаг найз нарын хүрээг бичиж бөглөхийг хүсчээ.

Гэтэл хамгийн олон найз нарын хүрээтэй, тэдэнтэйгээ ойрхон уулзалддаг хүмүүс нь хамгийн удаан тэвчиж чадсан гэнэ.

Үр дүнд нь олон найзтай байх тусам хүний эндорфиний түвшин өндөр буюу байгалийн өвчин намдаагчаар баялаг байдгийг баталжээ.

Судлаачид өөрсдийн судалгааны хүрээг яг эндорфиний түвшнийг хэмжилгүй, зөвхөн тэвчээрийн үзүүлэлтээр хийснийг хүлээн зөвшөөрч цааш нь гүнзгийрүүлж судлах шаардлагатай гэсэн байна.

Ялангуяа сошиал ертөнц өндөр хөгжсөн өнөөгийн нийгэмд энэ талын судалгаа чухал хэрэгтэй болохыг Жонсон ярьжээ.

 

Эх сурвалж: Quartz