Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах үгүйг УИХ шийднэ"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Тост-Тосонбумын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулахыг дэмжиж буй Ирвэс хамгаалах сан, Ардчилсан сайтуудын клуб, Ногоон сэтгүүлч ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ирвэс хамгаалах сангийн Судалгаа, мониторинг хариуцсан менежер Л.Пүрэвжав хэлэхдээ "Бид Тост-Тосонбумбын нурууг 2010 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. 

Ирвэс хамгаалах сан, Өмнөговь аймаг, Гурван тэс сумын удирдлагууд, ард иргэд 2009 оноос хойш жил бүр Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулах санаачлага гаргаж, Засгийн газарт оруулж ирсэн боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байсан.

Харин энэ жил УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл гишүүн бидний үйл ажиллагааг дэмжиж, улмаар энэ сарын 29-нд УИХ-д Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг өргөн барьсан. УИХ-аас ямар шийдвэр гаргахыг бид мэдэхгүй.

Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах нь зөвхөн цоохор ирвэс хэмээх ан амьтныг хамгаалж байгаа асуудал биш юм.
Бид цоохор ирвэсийн шүхэр дор амьдарч буй аргаль хонь, янгир ямаа болон 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, ДОЛООН зүйлийн шувуу, АРВАН зүйлийн ховордсон ургамлыг тус тус хамгаалж чадна.

Мөн нийт газар нутгийнхаа 37 хувийг лицензэд өгч, амьдрах орчин нь хумигдаад буй Гурвантэс сумын малчин иргэдийн амьдралын баталгааг хангах, усны нөөцийг нь хамгаалах, түүхийн дурсгалт газар, өв соёлыг нь хадгалж үлдэх боломж бүрдэх юм" гэлээ.

 

"Ногоон сэтгүүлч" ТББ-ын тэргүүн С.Ганболд "Орон нутгийн иргэд болон олон хүмүүс Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулах асуудлыг 100 хувь дэмжиж байгаа

Өнгөрсөн ДОЛООН жилийн хугацаанд бид Улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтээ явуулж байсан ч Засгийн Газрын түвшинд очихгүй байсан.

Харин энэ удаа УИХ-ын хоёр гишүүний дэмжлэгтэйгээр УИХ-д тогтоолын төслүүдийг өргөн барьсан учир сайнаар шийдэгдэх байх гэдэгт итгэлтэй байна.

Яагаад хамгаалах хэрэгтэй вэ гэвэл, энэ бүс нутаг нь дэлхий дээрх хамгийн өндөр нягтаршилтай бүс нутаг юм. Үүнээс гадна дэлхийн томоохон хүрээлэн, судалгааны газруудаас судлаачид ирвэсийн талаар судалгаа хийдэг. Хэрвээ уурхайн үйл ажиллагаа явж эхэлбэл тухайн судалгааны ажлууд зогсох, ирвэс болон бус амьтдын амьдрах орчин үгүй болох аюултай юм.

Нутгийн ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн, УИХ-ын зарим гишүүн энэ асуудал сайнаар шийдэгдэнэ гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа.

Манай үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэн сайн ДЭМЖИЖ ажлаасаа гэж хүсмээр байна" гэв.

"Ардчилсан сайтуудын клуб"-ийн төлөөлөл Ж.Жаргалсайхан "Манай клуб нь хандалтаараа тэргүүлдэг 13 сайтын нэгдсэн клуб байгаа.

Өнөөдөр манай клуб нь Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулахын тулд бүхий л талаараа дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна.

Нийт хэвлэл мэдээллийнхэнд хэлэхэд байгаль дэлхийгээ хамгаалах, хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэн үлдээхийн тулд хамтран ажиллаж, тус үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, ДЭМЖИЦГЭЭЕ гэж уриалмаар байна" гэв.