Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Лхагвасүмбэрэл агсанд "2015 Helen Freeman Awards" шагналыг нэхэн олголоо

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсанд "2015 Helen Freeman Awards" шагналыг олгохоор болжээ. 

 

Тус шагналыг олгохоос өмнө түүний гэр бүлд хүндэтгэл илэрхийлж, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хүмүүс нь зул өргөж хүндэтгэл илэрхийллээ. Үүний дараа шагналыг ар гэрийнхэнд нь өнөөдөр албан ёсоор гардуулсан юм. Түүний говь нутагт хийсэн судалгааны ажил, үр дүнг үндэслэн шагнаж байгаа юм байна.

2016.01.12 Гэрэл зургийг mpa.mn
2016.01.12. Гэрэл зургийг mpa.mn

 

Брад Рутэрфорд: Түүний хийсэн судалгааны ажил газар нутаг ямар их чухал болохыг батлаж чадсан

2016.01.12. Гэрэл зургийг mpa.mn

Тус шагналын талаар Олон улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брад Рутэрфорд хэлэхдээ "Манай хамт олныг энэхүү Эргэн дурсахуй үйл ажиллагаандаа оролцуулсанд баярлалаа. Бидний харамсал, харуусал маань цаг хугацааны эрхээр аз жаргал, гэрэл гэгээтэй дурсамж болно үлднэ гэдэгт би итгэлтэй байна. Сүмбээ агсанг бид бүхэн мэдэж байгаа. Тэр бол үргэлж нүүрэндээ инээмсэглэл цацруулж явдаг залуу байсан. 

Манай шагнал бол Helen Freeman-ны агсны нэрэмжит шагнал юм. Helen Freeman нь цоохор ирвэсийг хамгаалах судалгааны ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн байсан бөгөөд харамсалтайгаар 2007 онд нас барсан. Түүнийг нас барснаас хойш түүний гэр бүлийнхэн "Цоохор ирвэс судлаачидад" зориулан Цоохор ирвэсний судалгаа болон хамгаалалтад хувь нэмрээ оруулсан нэг хүнд шагнал олгохоор болсон. Дэлхийн ирвэс хамгаалдаг, судалдаг 12 улс орны ирвэс судлаачдын дундаас тухайн жилд судалгааны ажил болон хамгаалалт хийсэн ажлыг нь үнэлж олгодог шагнал байгаа.

2015 оны шагнал бол манай Сүмбээд олгогдохоор болсон. Монгол орон хамгийн олон Цоохор ирвэстэйгээр 2-т мөн түүнчлэн цоохор ирвэсийг хамгаалах үйл ажиллагаа, судалгаагаар дэлхийд дээгүүр байр эзлэж байдаг. Түүний хийсэн судалгааны ажил бол маш их чухал судалгаа байсан ба тухайн газар нутаг ямар их чухал газар болохыг ч бас батлаж чадсан. Тиймээс бид түүний хийсэн ажилд хүндэтгэл үзүүлж, мөн үргэлжлүүлэхийн тулд Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах ажлыг хийх болно. Энэ нь ч бас Монгол Улс болон Дэлхийн цоохор ирвэс хамгаалах үйл ажиллагаанд хийж буй томоохон хувь нэмэр гэж бодож байна. Бид хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна.” гэв.


Чарудатт Мишра: Тэр бол өсөн дэвжиж байсан гялалзсан од байсан юм шүү

2016.01.12. Гэрэл зургийг mpa.mn

Ирвэс хамгаалах сангийн судалгаа хариуцсан дарга Чарудатт Мишра "Түүнийг өнөөдөр дурсаад зогсоход хэцүү байна. Тэр бид хоёрын хамтарч ажиллаж байсныг дурсахад ч хэцүү байна. Бид 2 бол 5 жил хамтарч ажилласан ба түүний судалгааны ажилд туслаж, зөвлөж байсан.

Түүнтэй хамтарч ажиллахад үнэхээр хөгжилтэй байсан. Зарим тохиолдолд тэр миний багш байсан. Надад Говийн ургамал, байгаль орчны талаар их зааж өгсөн. Зөвхөн миний хувьд биш олон хүмүүсийн хувьд дотны нэгэн байсан. Бид 2 сүүлд уулзахдаа цаашид ямар судалгаа хийх вэ гэж ярилцаж байсан. Бусад орнуудад очиж судалгаа солилцож болох талаар, докторын зэрэг авах талаар ч бас ярилцаж байсан.

Зөвхөн манай сангийн хувьд биш хамтран ажилладаг олон улсын олон байгууллага, мөн тухайн үед хамтарч ажиллаж байсан хүмүүс гээд маш их хүмүүс эмгэнэл илэрхийлж байгаа. Түүнтэй уулзаж байгаагүй хүмүүс ч гэсэн түүний хийсэн ажлаар нь дүгнэж, хүндэтгэж явдаг хүмүүс зөндөө бий. Нийт хэдэн мянган хүмүүс маш их харамсаж байгаа. Энэ явдал бол зөвхөн бидэнд учирсан явдал биш Монгол Улсын Байгаль хамгааллын салбар, Дэлхийн байгаль хамгааллын салбарт ч гэсэн маш том гарз хохирол учирсан гэдгийг хэлмээр байна. Тэр бол өсөн дэвжиж байсан гялалзсан од байсан юм шүү. 

Одоо бол түүний хийж байсан ажлыг цааш нь үргэлжлүүлэх нь бидний ажил юм. Монголын ЗГ, Монголын ард түмэн нь түүний ажиллаж байсан Тостын уулыг хамгаалалтад авна гэдэг бидний хийж чадах зүйл байгаа гэдгийг хэлмээр байна. Бид түүний амьдралаа зориулсан ажлыг үргэлжлүүлж чадах болно гэдэгтээ найдаж байна. Түүн шиг ажиллаж чадах хүн ховор. Түүнийг энэ чигээр нь үргэлж дурсах болно." гэв.

2016.01.12. Гэрэл зургийг mpa.mn

Ирвэс хамгаалах сан ТББ-ын захирал А.Баяржаргал хэлэхдээ "Энэхүү шагнал нь 2015 онд олгогдохоор тодорсон байсан бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард олгох төлөвлөгөөтэй байв. Гэвч харамсалтайгаар олгож чадаагүй ба өнөөдөр түүний аав ээжд нь олгож байгаа.

Сүмбээ агсны цоохор ирвэсний идэшний талаар хийсэн дэлгэрэнгүй судалгаа гэх мэт олон ажилд хувь нэмрээ оруулсныг нь үнэлж олгож байгаа шагнал юм" гээд түүний таван жилийн турш хийсэн судалгааны ажлыг танилцууллаа.